Ерөнхийлөгчийн зарилгаар Хөвсгөл нуурыг наймдугаар тахих тов гарчээ
Өчигдөр Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол хөл хөдөлгөөн ихтэй болж иргэдийн шүүмжлэлийг багагүй өртсөн. Учир нь тахилгад очсон иргэд сүүлийн жилүүдэд ган гачигтай байж хөрс нь эмзэгшсэн хайрхны бэлээр дуртай газраараа машинтайгаа зорчиж шинэ зам үүсгэн улаан шороогоор нь эргүүлж, Богд голын зүлгийг талхалсан нь нутгийн зон олны дургүйцлийг хүргэсэн. Цаашид Отгонтэнгэр хайрхны эко системийг хамгаалахын тулд тахилгыг баяр наадмын хүрээнд биш ёслол хүндэтгэлийн хүрээнд цомхон хүрээнд хийж байх уриалгыг гаргаад байгаа.
Энэ асуудал намжаагүй байхад Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хөвсгөл далайг төрийн тахилгатай болгож наймдугаар сард тахих ёслол үйлдэнэ гэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Э.Золбоо “Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу энэ жилээс эхлэн Хөвсгөл нуурыг дархан цаазат нуураар бүртгэж, төр тусгайлан хамгаалалтад авч байгаа бөгөөд нуурыг тахих ёслолын үйл ажиллагааг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар болжээ.
Хөвсгөл нуурыг цэвэрлэх ажлыг 2022 оноос хойш үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн хамгаалалтын арга хэмжээ зургадугаар сарын 22-наас наймдугаар сарын 13-ны хооронд үргэлжилнэ. Нийт 800 орчим га газрыг хамрахаар төлөвлөсөн байна. Хөвсгөл нуурын их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжүүд хамтран ажиллана” гэсэн мэдээлэл өглөө.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.