Арван жилд долоо дахь ерөнхий сайдаа үзэх гэж буй Их Британийг аврах удирдагч бий юу
Даваа гарагийн /2026.06.23/ Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Даунингийн гудамж дахь Ерөнхий сайдын байрны гадаа, ажилтнууд болон эхнэрийнхээ хамтаар зогсон мэдэгдэл хийв. Тэрбээр өөрийгөө Их Британийг цааш удирдах зөв хүн байхаа больсон гэж үзэж буйгаа хэлж, ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн юм.
Их Британийн түүхэн дэх хамгийн том улс төрийн ялалтуудын нэгийг байгуулсан Стармер хоёр жил ч хүрэхгүй хугацааны дараа албан тушаалаасаа буух гэж байна. Ингэснээр тус улс сүүлийн арван жилийн хугацаанд долоо дахь удаагаа ерөнхий сайдаа шинээр томилох боллоо. Сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд Их Британийн засгийн газар ийм тогтворгүй байсан үе үгүй.
Өмнөх ерөнхий сайд нарын адил Стармер амьжиргааны өртгийг бууруулж чадсангүй. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш Их Британийн иргэдийн бодит амьдралын чанар бараг сайжраагүй юм. Мөн ковидийн цар тахал зэрэг дэлхийн хэмжээний эдйин засгийн цочролуудын улмаас Их Британийн гадаад өр огцом нэмэгджээ. Үүн дээр нэмэгдээд Стармер хууль бус цагаачлалын асуудлыг шийдвэрлэж чадаагүй нь улс төрийн хуваагдлыг улам даамжруулсан байна.

Их Британийн ерөнхий сайд нарын талаар ном бичиж, судалж байсан түүхч Энтони Селдон хэлэхдээ, Стармер болон Лиз Трасс, Борис Жонсон зэрэг түүний өмнөх удирдагчид улс орны ирээдүйн талаар тодорхой чиглэл, үнэмшил төрүүлэхүйц алсын хараа гаргаж чадаагүйн улмаас Их Британи маш хүнд нөхцөл байдалд орлоо гэжээ.
Стармерыг Энди Бурнхэм залгамжлан, ерөнхий сайдаар томилогдох магадлалтай юм. Селдон Бурнхэмийн талаар “Reuters” агентлагт хэлэхдээ “Хэрэв Энди Бёрнэм ерөнхий сайдын хувьд бүтэлгүйтвэл Их Британийн ирээдүйн төлөв маш бүрхэг болно” гэсэн байна.
Нэгэн цагт Их Британи улс төр, эдийн засгийн тогтвортой байдлын жишиг гэж тооцогддог байсан билээ. Маргарет Тэтчер, Тони Блэйр зэрэг удирдагчид 21 жил засгийн эрх барьж, орчин үеийн Их Британийг үүсгэсэн.
Гэвч 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал Их Британид хүчтэй цохилт болсон юм. Тус улсын эдийн засгийн өсөлт санхүүгийн салбараас ихээхэн хамааралтай байсан билээ. 2008 оны хямралын дараа Их Британийн засгийн газар төсвийн хэмнэлтийн бодлого явуулж эхэлсэн нь дараа дараагийн хямрал сорилтуудыг даван туулахад бэлтгэл хангах боломжийг нь боожээ.
Эвслийн засгийн газар байгуулалгүй дангаараа сонгуульд ялж, бүрэн хугацаагаа дуусгасан Их Британийн хамгийн сүүлийн ерөнхий сайд 2001–2005 онд ажилласан Тони Блэйр байв.
Нэгэн цагт Их Британи Итали улсыг удирдагчаа ойр ойрхон сольдог хэмээн хошигнодог байсан бол одоо Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони тав дахь жилдээ төрийн эрхийг барьж байна. Мелони Италийн түүхэнд хамгийн удаан хугацаанд засгийн газрын тэргүүнээр ажилласан хүн болох төлөвтэй байгаа юм.
Олон шинжээч Их Британид үүссэн тогтворгүй байдлыг арван жилийн өмнө яг энэ долоо хоногт явагдаж байсан Европын Холбооноос гарах эсэхийг шийдэх “Brexit” санал хураалттай холбодог. Харин тус улсын Сангийн яамд ажиллаж байсан, “Institute of Government”-ийн ахлах судлаач Жилл Раттерын үзэж буйгаар 2008 оны санхүүгийн хямрал асуудлын эхлэл болж өгчээ.
Тэр “Амьдрал маань дээрдэхгүй байна, хүүхдүүдийн маань ирээдүй ч сайжирна гэж бодогдохгүй байна гэсэн ерөнхий мэдрэмж хүмүүс дунд тогтсон. 2008 оны санхүүгийн хямралаас хойших бүх засгийн газар энэ нөхцөл байдлыг өөрчилж чадаагүй мэт ард түмэнд санагддаг” гэсэн байна.
2016 онд Их Британи Европын Холбооноос гарахаар санал өгснөөр олон жилийн турш баримталж ирсэн гадаад бодлогын загвараа үндсэндээ орхисон бөгөөд ЕХ-д үлдэхийг дэмжиж байсан Шотландад тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дахин идэвхжүүлсэн юм.
2025 онд Их Британийн “Asda” сүлжээ дэлгүүр болон Эдийн засаг, бизнесийн судалгааны төвөөс гаргасан мэдээллээр тус улсад хэрэглээндээ зарцуулж болох бодит орлого дунджаар өссөн ч хамгийн бага орлоготой 40 хувийн иргэдийн худалдан авах чадвар 2021 оныхоос ч доогуур түвшинд хүрчээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.