Хөлбөмбөг тайлбарлагч Х.Амгалан: Роналдог хараад өөрийн эрхгүй нулимс унагасан. Хүчтэй мэдрэмж авсан
Дөрвөн жил цор ганц удаа болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил тохиож буй. Энэ жил АНУ, Мексик, Канад гэх гурван улс хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог дэлхийн аварга болж байна. Түүнчлэн 48 улсын баг өрсөлдөж 32 улс хэсгээсээ гарч хасагдах шатны тоглолтуудаа хийж байгаа юм.
Энэ жил дэлхийн алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдо, Лионель Месс нар ДАШТ-нд сүүлийн удаа оролцож буйгаараа онцлог болж буй юм. Тэгвэл бага наснаасаа эхлэн тоглолтуудыг үзэж өссөн Кристиано Роналдогийн тоглолтын үзэж ойроос харж чадсан хөлбөмбөг тайлбарлагч Х.Амгалантай ярилцлаа.

-Хүн бүрд Роналдог ойроос харах боломж олдохгүй нь харамсалтай. Тэр тусмаа сүүлийн дэлхийн аваргын тайзан дээр байхад нь. Харин та харж, үзэж чадсан. Таны мэдэрсэн мэдрэмжийг мэдмээр байна?
-Хүүхэд байхын л Кристиано Роналдог үзэж, дэмжиж өссөн. Ухаан ороод өсвөр наснаасаа эхэлж аж амьдрал, амжилт зэргийг нь судалж ирсэн болохоор миний хувьд Роналдог ойроос "амьд"-аар нь харах гэдэг бол мөрөөдөл байлаа. Түүний амжилт, уналт бүхий л зүйлийг нь мэдэж, мэдэрч, хамт байсан. Хүн бүрд дотоод сэтгэлдээ нандигнаж хайрладаг, үлгэр жишээ авч даган дуурайдаг хүн байдаг шүү дээ. Миний тэр хүн бол Роналдо.
-Роналдог хараад таны сэтгэл их хөдөлсөн байсан. Түүнийгээ та нуугаагүй, нулимс унагаж харагдсан шүү дээ?
-Зарим хүмүүс "яаж ингэж уйлж байгаагаа бичиж авдаг байна аа" гэсэн сэтгэгдэл үлдээсэн байсан. Роналдог харна гэдгээ мэдэж байсан ч яг тухайн үед маш хүчтэй мэдрэмж авсан. Эртнээс видео бичлэг хийх төлөвлөгөөгөө гаргахдаа эхлээд Роналдог бичээд дараа нь өөрийгөө харуулна гэж бодож байсан. Би чинь анх удаа Дэлхийн аварга үзэж байгаа, үзэхдээ Португалын шигшээ баг бүр Роналдог хараад өөрийн эрхгүй нулимс унагасан. Худлаа хандалд авах гэж уйлсан зүйл огт байхгүй гэдгийг манай хөлбөмбөгийн фанатууд бүгд мэдэрч ойлгоно. Зөвхөн би гэлтгүй надаас өөр ямар ч фанат хүн тэр мэдрэмжийг мэдрээд уйлах байх.
-Энэ жилийн дэлхийн аврга 41 настай Роналдогийн сүүлийн тэмцээн. Зургаа дахь ДАШТ-дээ дараалж гоол оруулсан хүн болсон. Сүүлийн тэмцээнийг нь амжиж үзсэн нь гайхалтай мэдрэмж байсан уу?
-Хамгийн гол нь тэр байсан. 2022 онд Португал шөвгийн наймд Марокко Улсад хожигдоод мултарч байхад Роналдог ахиж дэлхийн аваргад орохгүй гэж ярьж байсан. Гэтэл дөрвөн жилийн дараа багаа ахлаад орж буйг нь харах том аз завшаан гэж бодсон. Хэрэв 2022 онд хасагдаад дэлхийн аваргаас зодог тайлсан бол би энэ амьдралдаа Роналдог харж чадахгүй байж мэднэ.
-АНУ-ыг зорьж Хөлбөмбөгийн ДАШТ үзэх гэж нэлээн эртнээс төлөвлөсөн байж таарна?
-Тэгэлгүй яах вэ. Би өмнө Австрали улсад сурч амьдарч байсан юм. Өнгөрсөн 12 сард Монголд ирэхээсээ өмнө АНУ-ын визээ өгчихсөн байсан. Бараг жилийн өмнөөс визээ өгсөн л дөө. Эртнээс мөнгө санхүү, ажлаа зохицуулж маш сайн төлөвлөсөн.
-Аавтайгаа хамт аялсан. Энэ талаар та өөрийн цахим хуудаснаа "мөнгө болж болно. Харин дурсамжийг бол олж чадахгүй" гэж бичсэн байсан. Сайхан дурсамж бүтээгээд ирсэн үү?
-Манай аав намайг спортод дурлуулж, маш зөв хүмүүжлийг өгсөн хүн. Хүүхэд байхын л манайд гэрт "Таван цагариг" спортын сонин байдаг байсан. Намайг спорт гэх аугаа зүйлтээ нөхөрлүүлсэн аавдаа маш их баярладаг. Хүнд мөнгө олддог харин дурсамж тэр бүр олдохгүй шүү дээ. Бусад хүмүүст ч гэсэн сэдэл өгөхийг хүссэн. Хэдий ойр ч гэсэн төдийлөн хамтдаа дурсамж бүтээж чаддаггүй хүмүүс байдаг. Тиймээс боломжтой байгаа дээр нь гэр бүлтэйгээ сайхан дурсамж бүтээхийг илүүд үздэг. Ганцаараа явсан бол уйдах байсан байна лээ. Шүтээн биширдэг тамирчнаа хайртай хүнтэйгээ хамт очиж үзсэндээ маш их баяртай байгаа. Энэ дурсамж бол миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг яахын араггүй мөн.
-Таны үзсэн тоглолтод Португал Конго улстай 1:1 тэнцсэн. Тоглолтын уур амьсгалын ойроос мэдэрсэн хүний хувьд дүгнээд хэлбэл?
-Үнэнийг хэлэхэд Португал маш муу тоглосон. Хоорондоо ойлголцохгүй байгаа ч юм шиг, ямар нэгэн асуудалтай мэт л тоглолт үзүүлсэн. Гэхдээ "амтгүй" тоглолт үзлээ гэж огт бодоогүй. Цэнгэлдэх дотор бол үнэхээр гайхалтай байсан. Дараа нь манай Португал Узбекистантай харин сайн тоглосон. Одоо 32-ны хасагдах шатанд хэрхэн тоглохыг хүлээх л үлдлээ. Тайлбар дээрээ болон өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Роналдо бол хийх зүйлээ сайн хийсэн. Одоо өөр аргаар ашиглаж, тоглох хэрэгтэй" гэсэн байр сууриа илэрхийлдэг.
-Миний таамгаар Франц, Аргентин, Бразил, Португал гэсэн дөрвөн баг үлдэх болов уу-

-Энэ жилийн дэлхийн аваргаар Португалыг хэр урт зам туулна гэж та харж байна?
-Хэсгийн тоглолтуудыг харахад "хэцүү" л төлөвтэй байна. Шинэ зүйл туршиж, өөр арга барилаар тогломоор байна, миний хувьд. Шинэ залуусаа аль болох гаргамаар л санагдаад байгаа. Хорват улсын баг бол хатуу самар. Гэхдээ Португал хожих бүрэн боломжтой. Харин 16-д Испани улсын шигшээ хүлээж байх болов уу. Түүний дараагаар шөвгийн наймд Бельги улсын баг хүлээж байх биз. Шөвгийн дөрөвт магадгүй Франк гарч таарах байх. Хэрэв энэ хүртэл яваад финалд Аргентин улстай таарвал мөрөөдлийн финал байх байлаа. Боломжгүй зүйл байхгүй хүлээж л сууна.
-Танаас энэ жилийн дэлхийн аваргын таамгийг асуухгүй бол болохгүй байх. Хасагдах 32 эхэлж байна. Хожигдох эрхгүй тоглолтууд эхэлж байна шүү дээ?
-Өөрийн таамгаа аль эрт гаргачхсан байгаа. Францын шигшээ баг онцгой байна. Финал хүртэл явах тэдний зам нь хүртэл "цагаан" харагдаж байна шүү дээ. Аргентин улс шөвгийн дөрөв хүртэл давхих нь ойлгомжтой болов уу. Мөн Бразилын шигшээ шөвгийн дөрөв рүү зүтгэх байх. Ингэхээр миний таамагт Франц, Аргентин, Бразил, Португал гэсэн дөрвөн баг байна. Тэр дундаас Францын шигшээ онцгой сайн байна лээ. Магадлал тун өндөр байх.
-48 баг өрсөлдсөн нь энэ жилийн онцлог байлаа шүү дээ. Энэ дундаас Конго улсын шигшээ хэсгийн шатнаасаа гарч түүх бүтээлээ. Гайхамшиг бүтээсэн олон тоглолтууд боллоо. Цаашдаа ч болох байх?
-Африк тивээс 10 баг орж ес нь хэсгээсээ гарч чадлаа. Солонгос үлдэж чадсангүй. Хөлбөмбөг даяарчлагдаж сул баг гэж байхаа болилоо. Үнэхээр сайн хөгжиж байна. Хэдий 48 баг орсон чанаргүй багууд орсон гэсэн шүүмжлэл өрнөсөн хэдий ч спортын гайхамшгийг бүтээсэн, мэдрүүлсэн өдрүүд болж байна. Цаашдаа улам илүү өрсөлдөөн ширүүн болох нь мэдээж. Хөлбөмбөг хүн төрөлхтнийг нэгтгэж чаддаг гэдгийг харуулсан өдрүүд үргэлжилсээр байна.
-Дэлхийн аваргыг нэрт тайлбарлагч Э.Балжинням агсаны тайлбаргүй үзэх гунигтай байна. Та хоёр ойр явсан улс. Олон зүйлийг ч танд заасан байх?
-Балжаа ахаас сурсан зүйл асар их. Үнэхээр "төрчхсөн амьтан" шүү гээд хэлчихмээр хүн байлаа. Удахгүй дүү нь Монголд ирээд олон сайхан зүйл хийнэ гээд салсан. Даана ч амжсангүй дээ. Тайлбарыг нь надаар хэлүүлэх шаардлага үзэгчид, хөлбөмбөгийн фанатууд мэднэ. Зүйрлэж, жишиг "монголчилж" хэлж байгаа зэрэг нь үнэхээр гайхалтай. Сайхан ахыгаа үргэлж санаж дурсаж явах юм даа.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм чин сэтгэлийн фанат хүн л энэ мэдрэмжийг ойлгоно
Нулимс гарсан нь огт жүжиг биш санагдсан
Аавтайгаа хамт ийм дурсамж бүтээсэн нь хамгийн гоё хэсэг байжээ
Хүн мөрөөдлөө биелүүлэх ямар сайхан юм бэ
Амгаланд дараагийн тайлбарын ажилд нь амжилт хүсье
Балжинням агсныг дурдсан нь бас сэтгэл хөдөлгөлөө
Роналдо одоо ч олон хүнд урам зориг өгсөөр байна
Хөлбөмбөг үнэхээр хүмүүсийг нэгтгэдэг спорт юм
Ronaldog amidaar ni harah bol az shuu
Jinhene fan hun l oilgono doo
Aavtai hamt yavsan ni hamgiin goy dursamj boljdee
Sport hunii setgeld iim huchtei nuluutei
Ronaldo bol uneheer domog
Ronaldo bol uneheer domog
Роналдо бол бүхэл бүтэн үеийн бахархал