Л.Мөнхбаясгалангийн үг ба наадмаар халхавчилж Ашигт малтмалын хуулийг "зассан" кейсүүд
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр Л.Мөнхбаясгалан "Наадам дөхөхөөр дандаа ийм хуудуутай хууль оруулж ирдэг. Засгийн газар Рио Тинтотой Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийлээ гэхээс нэг цагийн өмнө энэ хууль ЭЗБХ-ны хэлэлцэх асуудлын жагсаалтад орж ирсэн. Өнөөдөр ч хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй. Тиймээс үүнийг 2027 онд хийгдэх Онтрэгийн гэрээний урьдач нөхцөл гэж хардаж байна" гэв.
Тэрбээр
- 2006 оны долоодугаар сард батлагдсан цагаас хойш Ашигт малтмалын тухай хуульд нийтдээ 300 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан.
- 2009 оны долоодугаар сарын 16-нд энэ хуульд нэг өдөр 36 заалт нэмэлт өөрчлөлт орж байсан. Оюу Толгойн гэрээ батлагдахын өмнө.
- 2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр 82 заалтаар өөрчлөлт орсон. Дубайн гэрээ батлагдахын өмнө гэсэн үг.
Одоо дахиад баяр наадам дөхсөн үед энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй энэ хуулийг Засгийн газар Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийлээ гэхээс нэг цагийн өмнө гэнэт оруулж ирсэн. Тийм учраас эрхэм гишүүд дэмжихгүй байж, намрын чуулганаар тухтай хэлэлцэх ёстой.
Өөр нэг хардах шалтгаан байна. Өнгөрсөн жил 2025 оны долоодугаар сарын 9-ний өдөр Засгийн газраас Ноён уул Гутайн давааг ухах "Алт-3" аяныг оруулж ирж байсан. Бас л яаралтай горимоор. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьснаар энэ тогтоолын төсөл хэрэгжээгүй.
Энэ жил дахиад долоодугаар сард Эрээн баавгайт, Гацууртын алтны ордыг ухах тогтоолын төсөл мөн л хулгайн замаар орж ирсэн. Эргүүлээд татчихлаа, бодоход Ерөнхийлөгчид загнуулсан байх.
Г.Дамдинням сайдын өгсөн ярилцлагыг харсан. "АМНАТ-ыг буулгаж, энэ хуулийг баталснаар Хармагтай, Цагаан суваргын ордыг хөдөлгөнө" гэх сайн сайхан зүйл ярьсан байна билээ. Том ордуудаа хөдөлгөлгүй яахав. Гэхдээ Цагаан суваргын ордыг стратегийн ордоос гаргах өдөр нь мөн 2014 оны долоодугаар сарын 1 тохиож байсан шүү.
Та нарын хулгайн замын хуулиуд, ялангуяа ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлт дандаа баяр наадмаар, долоодугаар сард орж ирдэг. Батлуулах гэж ингэж дайрч байгаа энэ хуулийг дэмжихгүйгээр унагаахыг гишүүдэд уриалж байна. Бид нэг удаа хуудуутай хууль баталснаар 10, 20 жил иргэд ашиг хүртэж чаддаггүй гашуун туршлага бидэнд бий" гэлээ.
Санал хураалтаар гишүүдийн олонх дэмжсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эцэслэн батлах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад хүүхэн л монгол оронд хайр зарлаад орилоод байхад манайхан арай дэндүү юм, шүүртэй чавганцийг дэмжээд өгөөч дээ, зх кх кх