НИЙГЭМСпорт

1024 бөх | Тооны араас хөөцөлдсөөр өв соёлынхоо үнэ цэнийг "хаяв"

Долоо хоногийн дараа улсын баяр наадам болно. Дагаад хамгийн их яригддаг сэдэв нь үзүүр, түрүүний таамгаас эхлээд үндэсний бөх тойрсон агуулга. Өнөө жил 1024 бөх барилдуулахаар болсон нь бөх сонирхогчдын дунд талцал үүсгээд байна.Талцаж, маргалдаж буй хоёр шалтгаан бий.

Нэг нь хоёр тэгш ой давхцаагүй жил хэний эрх ашигт нийцүүлж 1024 бөх барилдуулахаар болсон талаарх хардлага. Нөгөө нь бөхийн барилдааныг 10-нд эхлүүлж, гурван өдөр үргэлжлүүлэн зохион байгуулах шийдвэр нь баяр наадмын хууль зөрчиж байгаа эсэх. Нийгмээрээ үг хаялцаж буй эдгээр шийдвэртэй холбоотой хуулийн зохицуулалт хийгээд үүний цаана гээгдэж буй агуулгыг хөндье.


Хууль эрх зүйн зохицуулалтаас эхлэн асуудлыг хөөе.

#1 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-т "Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана" гэж заасан.

Энэ жил Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож буй. Өөрөөр хэлбэл, 512 бөх барилдахаар хуульчлагдсан хугацаа таарчээ. Гэтэл заавал 1024 бөх барилдуулна гэж зүтгэх хэний "захиалга" вэ.

#2 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.2-т "Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ" гэжээ.

Эндээс харвал Улсын баяр эхлэх хууль ёсны хугацаа нь долоодугаар сарын 11-ний өдөр байна. Гэтэл баяр наадмын комсс үндэсний бөхийн барилдааныг гурван өдөр сунгаж явуулахаар шийдээд буй.

#3 Тодруулбал, долоодугаар сарын 10-ны өдөр нэг, хоёрын даваа болно. Харин долоодугаар сарын 11-ний өдөр 3-5 даваа, 12-ны өдөр 5-10 даваа болох юм.

Тооны цаана гээгдэж буй агуулга буюу өв уламжлал, үндэсний спортын үнэ цэн

Биднийг ийн 1024 эсвэл 512 бөх, хоёр өдөр барилдах ёстой, гурван өдөр үргэлжлэх нь зөв, буруу гэж мэтгэлцээд өнгөрөх зуурт мартагдаж боломгүй олон агуулга ард хоцорсоор. Энэ бол өв соёл, үндэсний спортын үнэ цэн, үндэсний дархлаа.

Үндэсний их баяр наадам бол туурга тусгаар Монгол Улсын түүхэн ойн өдрүүд төдийгүй дангааршил, ондоошлын чухал "индекс". Энэ өдрүүдэд монголчуудын үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээ дэвэрдэг. Үүнийг өдөөгч хийгээд бэхжүүлэгч нь эрийн гурван наадам. Тэр дундаа наадмын бөхийг хүн бүр сэтгэл догдлон хүлээдэг.

Харин өв соёлын түүчээ болсон үндэсний бөхийн нэр хүндийг допингийн хэрэглээ, цолны найраа доош татдаг. Үүнээс хэдий чинээ сэргийлж чадна төдий чинээ уламжлалт спортоо, соёл уламжлалаа хамгаална. Гэтэл 1024 бөх барилдуулж гурван өдөр сунжруулан барилдуулах нь үүний яг эсрэг үйлдэл боллоо гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй.

Нэг. Наадмын тухай хууль зөрчиж, хууль дээдлэх зарчмаас "ухарч" байна.

Хоёр. 1024 бөх бүрдэхгүй цэргийн албан хаагчдаар "нөхөөс хийнэ". Ингэснээр давааны тоо л нэмэгдэхээс чанарт өөрчлөлт гарахгүй. Харин цол горилж буй болон ахиулах хүмүүст ашигтай. Ерөөс 512 бөхийн барилдаанд ч бөхийн тоо хүрэхгүй нэгийн даваанд аварга, арслангууд цэрэгтэй зодоглосон хүч тэнцвэргүй барилдаан үзэгчдийг уйдаадаг.

Гурав. Цолны давааны өмнө бүтэн өдөр өнжих нь цолны найраа хийх, өгцөө авцаагаа тохироо сул хугацаа гаргаж өгсөнтэй жил болов. Улсын аварга С.Мөнхбатаас эхлээд үүнийг эсэргүүцэж, найраанаас ангид байхын тулд наадамд зодоглохгүй гэдгээ мэдэгдээд байна.

Эцэст нь, энэ мэт хийдэл нь үндэсний бөхийг цаг үеэсээ хоцорсон болхи харагдуулна. Цаана нь өв соёл тээгч бөхчүүдийн үнэ цэн хийгээд иргэдийн итгэл үнэмшил, үндэсний үзэл, сэтгэлгээний агуулга хөндөж буй. Угтаа барилдах бөхийн тоонд бус барилдааны чанар, зохион байгуулалтад төвлөрөх нь зүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол улсад хууль дээдлэх ёсыг халаад, түүнд нь иргэд дасал болчихсон.
Энэ маш ноцтой хортой. Хөгжих эс хөгжих асуудал.
Үндэсний бөх ингээд утгаа алдаж байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button