Экспорт 10.4 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өсөв

2026 оны эхний хагас жилийн байдлаар манай улс нийт 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ. Тодруулбал, экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.доллар болж тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Энэ нь экспорт 2025 оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллароор буюу 57.9 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг ҮСХ-ноос тодотгов.
Экспорт өсөлтөд зэсийн хүдэр ба баяжмал 2.3 тэрбум ам.доллар, нүүрс 1.4 тэрбум ам.доллар, самнасан ноолуур 54.1 сая ам.доллар, хар тугалганы хүдэр баяжмал 39.5 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 37.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин тунгаасан зэс ба хайлш 35.9 сая ам.доллар, молибдений хүдэр ба баяжмал 7.9 сая ам.доллар, адууны мах 4.4 сая ам.доллар, богийн өлөн гэдэс 3.2 саяам.доллараар буурсан дүнтэй гарчээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл эдлэл нийт экспортын 97.6 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон барааны 41.1 хувийг нүүрс, 47.5 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.3 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзлэв.
Д.ХАДААН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.