НИЙГЭМНийгэм мэдээ

"Oogii man” буюу Ч.Очирхүү: Ямар нэгэн дүрд тоглолгүй өөрийнхөөрөө л амьдарч байна

16 настайдаа “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож байсан "Oogii man” буюу Ч.Очирхүүтэй ярилцлаа. Түүнийг төмөр пошик зэрэг олонхын хэрэглэхгүй хаячихдаг зүйлсийг ашиглан ширээ, сандал, буйдан урладаг гэдгээр нь хүмүүс хэдийн таньдаг болсон. Тэрбээр саяхан AРA фестивалийн гадаах сандал ширээг урлаад буй.

Видео:

- “Oogii man” гэдэг нэрийнх тухай яриагаа эхэлье?

-Хүүхэд байхдаа өөрийн сонирхлоороо үг бичиж, ая сонсож үглэдэг байсан. “Авьяаслаг Монголчууд” оролцох үедээ “Oogii man” нэрээ өгсөн. Хип хопчид, репперүүдийн нэрийг бодож байгаад өөртөө өгсөн. Тухайн үед хүмүүс "Ингэж дуулахгүй ээ" гэхчилэн бичлэг хийгээд, энд тэнд тавьж л байсан. Тэр бичлэгээ хайгаад олохгүй байгаа. Дуулах авьяас байхгүй байсан ч магадгүй. Одоо ч дуу сонсоод ажлаа хийдэг.

-Пошикоор тавилга урлах санаагаа хэрхэн олж байв?

-Их сургуулиа төгсөөд механик инженерээр ажиллах гээд засварчнаас ажлын гараагаа эхэлсэн. Мастер ч хийж үзсэн. Дуулсан, барилгын монтаж дээр ажиллаж байсан. Тэгээд ер нь гэрээсээ хол ажиллах тийм ч зөв шийдэл биш юм байна, хувиараа чаддаг юмаа хийе гэж бодсон.

Залуу хүний хувьд янз бүрийн л ажил хийж үзсэний эцэст хогийн бункер гэгддэг пошикоор яагаад сандал ширээ хийж болохгүй гэж, харин ч тав тухтай, эдэлгээтэй тавилга болох юм байна гэсэн бодол төрсөн. Түүнийгээ тууштай хийсээр эхнээсээ өөрийн гэсэн зүйлсийг бий болгож, хичээсээр явна. Хүн дуртай зүйлээ шантралгүй л хийсээр явахад болох юм байна.

-Залуу хүний хувьд амьдралдаа баримталдаг зарчмаасаа хуваалцвал?

-Би байгаагаараа л байдаг. Янз бүрийн маяг хөөгөөд дэмий гэж боддог. Хоёр жилийн өмнө "Надад ер нь чаддаг юм байдаг юм уу. Байхгүй юм болов уу" ч гэж бодогдож байсан. Тэгээд гагнуур сураад, бичлэг хийж эхэлсэн. Тэгсэн чинь энэ чинь харин болохоор юм байна шүү гэдэг мэдрэмж төрсөн. Чаддаг юмаа гаргаж ирсэн гэх юм уу. 15,16 бүтээл хийсэн. Гэрт, хашаандаа хийсэн зүйл зөндөө байгаа. Эндээс "Хүн чинь бага багар ахиж дэвшээд явдаг юм байна. Шууд болж бүтчихдэг зүйл байдаггүй" гэдгийг ойлгосон.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна?

Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, шорлогны зуух хийх бодолтой байна. Ер нь бол пошикоор хийж болох юм зөндөө. АРА-гийн сандал ширээг маань хүмүүс эдэлж, хэрэглэж байгааг харах их гоё харагдаж байна билээ. Хүмүүс миний хийсэн зүйлийг хэрэглээд, урмын үг хэлэх сайхан. Хийх тусам би өөрөө сайжраад, бүтээгдэхүүнүүд маань ч улам чанаржиж байгаа юм болов уу гэж боддог.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button