АНУ, Канад, Австрали зэрэг Элчин сайдын яамд иргэддээ шатахууны хомсдлыг анхааруулав
АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсад буй өөрийн улсын иргэддээ дараах мэдэгдлийг өчигдөр өөрсдийн албан ёсны сайтаар дамжуулан хүргэжээ.
Ингэхдээ, "АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдолтой холбоотой нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж байна. 2026 оны наймдугаар сарын 3-нд Монгол Улсын Засгийн газар автомашинуудыг улсын дугаарын сүүлийн оронгоос нь хамааран ээлжлэн шатахуун авах зохицуулалт хэрэгжүүлж, нэг удаад худалдан авах шатахууны хэмжээг 50,000 төгрөгөөр хязгаарласнаа мэдэгдсэн. Мөн шатахуун түгээх станцуудад задгай саванд шатахуун түгээхийг хориглосон байна.
Шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүсэж, олон станц нэмэлт шатахуун нийлүүлэхийг хүлээж байгаа бөгөөд энэхүү хомсдол нь улс орон даяар үргэлжилж буй.
Иймд Монголд байгаа АНУ-ын иргэд дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зөвлөж байна.
- Монгол Улс руу болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийх шаардлагагүй аяллаа хойшлуулах эсвэл түр азнах
- Хэрэв ойрын хугацаанд буцаж явах төлөвлөгөөтэй бол явах өдрөө урагшлуулах, хойшлуулах боломжийг авч үзэх
- Улаанбаатар хотоос гадуур зорчихоо аль болох хязгаарлах эсвэл хойшлуулах
- Холын зайн аялал, томилолтоо аль болох хойшлуулах
- Нөхцөл байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс тогтмол авч байх
- Гэр бүлийнхэн болон хамтран ажиллагсадтайгаа холбоо барих шаардлагатай гэжээ.
Харин Австралийн Элчин сайдын яамнаас Монгол дахь шатахуун нийлүүлэлт тогтворгүй байгаа үед орон нутгаар зорчих, аялахдаа эрсдлүүдийг тооцоолохыг зөвлөсөн байна.
Канадын Засгийн газрын албан ёсны сайтад Монголд үүссэн шатахууны хомсдол болон үүнээс шалтгаалан ШТС-уудад дараалал үүссэн нөхцөл байдалтай байгааг анхааруулжээ.
Чех улсын Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яамны албан ёсны сайтад шатахууны хомсдлоос үүдэн орон нутаг болон дотоодын тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд нөлөөлөх эрсдэлтэй тул хувийн бэлтгэлээ хангахыг анхааруулсан байна.
Мөн Япон Улсын Монгол Улс дахь Элчин сайдын яамны албан ёсны сайтад Монголд байгаа болон зорчихоор төлөвлөж байгаа иргэддээ шатахууны хязгаарлалт, дугаарлалтын талаар мэдээлэл өгч, мөн хувийн бэлтгэлтэй байхыг анхааруулжээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.