Ерөнхийлөгчийн дабль стандарт Н.Учралын 2.3 их наядын алдагдалтай төсөвт үйлчлэх үү
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 Улсын төсвийг орлого нь 33.8 их наяд, зарлага нь 35.7 их наяд байхаар өргөн барьж байсан.
Харин төсвийн алдагдал нь 1.9 их наяд төгрөг байсан бөгөөд улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай. Төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хуулиа дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсөвт бүхэлд нь хориг тавьж байв.
Ингээд 2025 оны төсвийг урсгал зардлуудыг 2.3 их наядаар танаж, дахин өргөн барьснаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар батлуулсан. Харин 2026 оны Улсын төсвийг Г.Занданшатарын Засгийн газар Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын өргөн барьсан төсвөөс зардлыг 1.9 их наядаар нэмэгдүүлж оруулж ирсэн бөгөөд алдагдал нь 1.3 их наяд төгрөг байсан ч Ерөнхийлөгч энэ төсөвт хориг тавиагүй.
Харин Н.Учралын Засгийн газар өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өргөн барьсан төсвөөс зарлага нь 10 их наядаар, Г.Занданшатарын Засгийн газрынхаас зарлага нь 12 их наядаар өндөр төсөв оруулж ирлээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь 41.3 их наяд гэсэн байгаа нь өнөөдрийг хүртэлх хамгийн өндөр төсөв болж байна.
Түүнчлэн төсвийн алдагдал нь 2.3 их наяд төгрөг буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өргөн барьж байсан төсвийн алдагдлаас 400 тэрбумаар, Г.Занданшатарын Засгийн газрын өргөн барьж байсан төсвийн алдагдлаас 1 их наядаар өндөр байна.
Ийм өндөр зарлагатай, мөн алдагдал нь хамгийн өндөр дүндээ тулсан Н.Учралын Засгийн газрын өргөн барьсан 2027 оны Улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавих уу. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хэмнээд, алдагдалгүй болгож оруулж ир гэж байсан Ерөнхийлөгчийн үзэл баримтлал өнөөдөр Н.Учралын үрэлгэн, алдагдалтай төсөв дээр мөн хэвээр болов уу.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.