НИЙГЭМНийгэм мэдээ

Сурвалжилга | Улсдаа ганц 29-р сургуульд хүүхдээ сургахын тулд 21 аймгаас эцэг эхчүүд хот бараадаж явна

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд боловсрол эзэмшүүлэх зорилготой Нийслэлийн 29 дүгээр тусгай сургууль. Бид хичээл эхлэхээс өмнө тус сургуулийг зорилоо. Хичээлийн байрны коридорт хүүхдүүдийн хөл хөдөлгөөн хэдийнэ эхэлжээ. Зарим нь дохионы хэлээр хоорондоо ярилцаж, зарим нь инээлдэн, найзуудтайгаа мэндчилж харагдана. Ийн дассан сургуулиа дүүргэж, XII ангиа төгсөхөд тэдний өмнө шинэ сорилт эхэлнэ.

-500 хүүхдийн хичээлийн байр, 180 хүүхдийн багтаамжтай дотуур байртай-

Тэдний яриа бидний дассан дуу чимээгээр бус, гарын хөдөлгөөн, нүүрний хувирал, харцаар үргэлжилнэ. Энд суралцдаг хүүхдүүдийн хувьд өөртэйгөө адилхан найз нөхөдтэй болж, ойлгогдох орчинд суралцах нь хамгийн чухал. Харин энэ боломж Монгол Улсын хэмжээнд цөөн. Нийслэлийн 29 дүгээр тусгай сургууль нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 6-18 насны сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэн сургадаг, сургалтын төлбөргүй улсын сургууль юм. 

Сонсголгүй байна гэдэг мөрөөдөлгүй гэсэн үг биш. Хэл ярианы бэрхшээлтэй байна гэдэг хүсэл тэмүүллээ илэрхийлж чадахгүй гэсэн үг ч биш. Тэдэнд хэрэгтэй зүйл нь бусдаас илүү боломж биш. Бусадтай адил боломж. Харин тэр боломжийг бий болгох нь зөвхөн нэг сургуулийн биш, бүхэл бүтэн боловсролын тогтолцооны үүрэг юм. 

Тус сургууль 500 хүүхдийн хичээлийн байр, 180 хүүхдийн багтаамжтай дотуур байртай. Гэхдээ энэ сургуульд суралцахын тулд хүүхэд заримдаа гэр бүлээсээ хэдэн зуун километрийн зайд ирэх шаардлагатай болдог юм. Гэрээсээ хол ч “хоёр дахь гэр”-тэй болдог орон нутгаас ирсэн хүүхдүүдийн хувьд дотуур байр нь зүгээр нэг байрлах газар биш. Тэдний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг, заримдаа бүр гэр бүлийнх нь орлох орчин болдог. 

Дотуур байрны хүмүүжүүлэгч багш Б.Оюунбат олон жил энэ ажилд зүтгэж байгаа бөгөөд орон нутгаас ирсэн хүүхдүүдийг зөвхөн хичээлд нь анхаараад орхидоггүй гэдгийг хэлж байна. “Орон нутгаас ирж байгаа хүүхдүүд анхандаа юу ч мэдэхгүй, нийгэмшээгүй байх тохиолдол бий. Бие засах, гар нүүрээ угаах зэрэг өдөр тутмын энгийн зүйлээс нь эхлээд зааж сургана. Хүүхдүүдийг нийгэмшүүлэхэд их анхаардаг.” Ялангуяа нэгдүгээр ангид элсэн ирж буй хүүхдүүдэд дасан зохицох хугацаа хэрэгтэй. Тиймээс шууд анги, дотуур байранд оруулах бус тодорхой хугацаанд ажиглаж, орчиндоо дасгахыг хичээдэг байна. Дотуур байранд найман багш, найман асрагч, зургаан жижүүр, хоёр үйлчлэгч ажилладаг бөгөөд хүүхдүүдэд өдөрт таван удаа хоол өгдөг аж.

Орон нутгийн эцэг эхчүүд хүүхдийнхээ бүтэн жилийн хэрэгцээний ахуйн зүйлсийг бэлтгэн авчирдаг. Хотод ажилтай ирсэн үедээ хүүхэдтэйгээ уулзаж болно. Мөн сургуулийн уулзалтын өрөөнд хүссэн үедээ уулзах боломжтой. Хүүхдүүдийг зөвхөн хичээлээр нь хязгаарлахгүй үзвэр үйлчилгээ үзэх, агаарт гарах, тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр тэднийг нийгэмшүүлэх, бие даах чадварт сургахад анхаардаг байна.

-Хүүхдийнхээ ирээдүйг бодож нийслэлд суурьшихаар ирсэн ээж аавууд-

Орон нутагт сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургалтын орчин хомс байдаг нь эцэг эхчүүдийн хамгийн том бэрхшээл. Баянхонгор аймгийн иргэн О.Аранжинсүмбэр хүүхдээ сургуульд сургахын тулд нийслэлд ирж, түрээсийн байранд амьдарч байна. Түүний хүүхэд орон нутагтаа 1-3 дугаар ангид ердийн сургуульд бусад хүүхдийн хамт суралцаж байсан ч сонсголын бэрхшээлээсээ шалтгаалан хичээлээ гүйцэхэд хүндрэлтэй байжээ. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйг бодож нийслэлд авчирсан байна. 

Завхан аймгийн Идэр сумаас ирсэн О.Ганбат ч мөн адил асуудлыг ярьж байна. Түүний хэлснээр орон нутагт ийм төрлийн тусгай сургууль байдаггүй учраас хүүхдээ нийслэлд сургахын тулд гэр бүлээсээ холдуулах, байр, хоол, ахуйн нэмэлт зардал гаргах шаардлагатай болдог. Гэхдээ хүүхэд нь сургуульд суралцаж эхэлснээр гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа, ойлголцол нь сайжирч байгааг тэр онцоллоо. 

Нийслэлд байгаа эцэг эхчүүдийн хувьд ч асуудал бий. П.Хулангийн охин 29 дүгээр сургуульд нэгдүгээр ангид элсэн оржээ. Тэд Нисэхийн 21 дүгээр хорооноос өдөр бүр хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг. “Өдөр бүр хүүхдээ зөөдөг болохоор ажил хийх боломж тааруу. Сургуулийн автобус Улиастай-Баянхошуу чиглэлд явдаг учраас гэрийнхээ ойр орчмоос хүүхдээ сургуульд нь өгч чаддаггүй. Нийтийн тээврээр явахын тулд өглөө маш эрт босож, хоёр автобус дамждаг. 06:30 цагаас хойш гарвал тухайн өдөртөө хоцрох тохиолдол бий.

Түүний охины хувьд өөртэйгөө адилхан  бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт суралцаж байгаадаа баяртай байгаа ч дүүрэг бүрд ийм төрлийн сургууль, сургалтын танхим байгуулах шаарлагатай байгааг онцоллоо. 

XII анги төгссөнөөр боловсролын зам дуусах бус, харин хүртээмжтэй боловсролын дараагийн шатны хэрэгцээ эхэлдэг-

XII анги төгсөөд хамгийн том сорилт эхэлдэг байна. Хүүхдүүд XII ангиа төгсөөд их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй. Гэвч тэдний өмнө дараагийн нэг том бэрхшээл бий. Хэл яриа, харилцаа, ойлголцлын орчин. Ердийн их, дээд сургуулиудад дохионы хэлний орчуулагч, тусгай дэмжлэг тогтмол байдаггүй тохиолдолд сонсголын бэрхшээлтэй оюутан хичээлээ ойлгох, багштайгаа харилцах, даалгавраа гүйцэтгэх, найз нөхөдтэй болох зэрэг өдөр тутмын олон зүйл дээр хүндрэлтэй тулгардаг. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд XII анги төгссөнөөр боловсролын зам дуусах бус, харин хүртээмжтэй боловсролын дараагийн шатны хэрэгцээ эхэлдэг. 

Тус сургуулийн 12А ангид суралцаж буй Д.Энхмэндийн хувьд гуравдугаар ангиасаа 29 дүгээр сургуульд суралцаж эхэлсэн. Зуны амралтаараа өөрийн сонирхлын дагуу хиймэл оюуны чиглэлийн сургалтад хамрагдаж, дадлага хийсэн байна. Одоо хичээлийнхээ хажуугаар ажиллаж байгаа аж. Түүний мөрөөдөл бол кино урлагийн чиглэлээр суралцаж, энэ салбарт өөрийгөө сорих. Мөн сургуулиа төгсөөд гадаадад сурах хүсэлтэй. Гэхдээ энэ мөрөөдлийнхөө тухай ярихдаа “чадах болов уу” гэсэн эргэлзээ төрдөг гэдгээ ч нуусангүй. Хамгийн сүүлчийн хичээлийн жил гэхээр нэг л гунигтай санагдаж байна. Гэхдээ их сургуульд сурахыг хүсэж байгаа. Найзуудтайгаа уншсан номынхоо талаар ярилцах дуртай. Өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах хүсэлтэй. 

Тусгай сургуульд суралцдаг хүүхдүүдийн мөрөөдөл бусад хүүхдийнхээс ялгаатай биш. Тэд ч мөн их сургуульд сурах, мэргэжил эзэмших, ажиллах, кино бүтээх, гадаадад сурахыг хүсдэг. Харин тэдэнд хүрэх зам нь арай өөр. Боловсролын хүртээмж зөвхөн сургуульд элсэхээр дуусахгүй сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд боловсролын хүртээмжийг зөвхөн “сургуульд хамрагдсан эсэх”-ээр хэмжих боломжгүй. Хүүхэд сургуульд элссэн ч хичээлээ ойлгож чадаж байна уу, багштайгаа харилцаж чадаж байна уу, нийгэмшиж байна уу, цаашид их, дээд сургуульд суралцах боломж нь нээлттэй байна уу гэдэг нь илүү чухал.

29 дүгээр сургууль олон жилийн турш энэ хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, нийгэмшлийн хэрэгцээг хангаж ирсэн ч улсын хэмжээнд ийм төрлийн сургалтын орчин цөөн байгаа нь анхаарах асуудал хэвээр байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдээ сургахын тулд 21 аймгаас нийслэл бараадаж байгаа нь өөрөө манай боловсролын хүртээмж ямар түвшинд байгааг харуулж байна

Зочин
Зочин

Iim surguuli aimag burd bh heregtei shuu, huuhdee ger bul ees ni holduulj bj bolovsrol olgono gedeg mash hetsuu

Зочин
Зочин

Эдгээр хүүхдүүдэд илүү зүйл хэрэгтэй биш, бусад хүүхэдтэй адилхан боломж л хэрэгтэй гэдэг хамгийн гол санаа байна

Зочин
Зочин

21 aimgaas huuhed ni irj surch bga gedeg ni 29r surguuli ymar ih heregtei gazar ve gedgiig haruulj bn

Зочин
Зочин

Дүүрэг бүрд ийм сургалтын орчин бий болгож чадвал хүүхдүүд ч гэр бүлээсээ холдохгүй, эцэг эхчүүд ч ажил амьдралаа орхих шаардлагагүй болно

Зочин
Зочин

Сонсголын бэрхшээлтэй байна гэдэг оюуны чадвар муу гэсэн үг огт биш шүү дээ. Харин ч боломж олдвол хүссэн мэргэжлээрээ хөгжиж чадна

Зочин
Зочин

Ene huuhduudiin ireeduid ih surguuliin orchin bas hurteemjtei boloh yostoi, 12r angi tugssunuuguur buh yum duusahgui

Зочин
Зочин

Өглөө бүр хоёр автобус дамжиж хүүхдээ сургуульд хүргэж өгнө гэдэг эцэг эхэд үнэхээр амаргүй. Сургуулийн автобусны чиглэлийг ч нэмэх хэрэгтэй санагдлаа

Зочин
Зочин

Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн асуудлыг зөвхөн нэг сургуулийн нуруун дээр үүрүүлээд байж болохгүй, бодлогын хэмжээнд шийдэх цаг болсон

Зочин
Зочин

Mundag huuhduud bn, uurсdiiguu hugjuuleh huseltei, ih surguulid surah muruudultei bga ni mash saihan

Зочин
Зочин

Mundag huuhduud bn, uurсdiiguu hugjuuleh huseltei, ih surguulid surah muruudultei bga ni mash saihan

Зочин
Зочин

Дотуур байр нь хүүхдүүдэд хоёр дахь гэр нь болдог гэж хэлсэн нь их бодогдууллаа. Гэрээсээ хол хүүхдүүдэд зөвхөн байр биш халамжтай орчин хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ сургуулийн багш, асрагч нарын ажлыг үнэхээр үнэлэх хэрэгтэй юм байна. Хүүхдүүдийн хичээлээс гадна өдөр тутмын амьдралд нь хүртэл анхаардаг нь сайшаалтай

Зочин
Зочин

Хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших эрхтэй. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг гэр бүлээс нь холдуулж байж боловсролд хүргэдэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй

Зочин
Зочин

Aimag sumand ni tusgai surgaltiin tanhim baihgui uchraas niislel ruu nuuh bolдог gedeg mash tom asuudal yumaa

Зочин
Зочин

Хамгийн гол нь багшилж, сургах хүний нөөцийн асуудал байна. Нэг л алтан загасны эмгэн шиг бэлэн юм нэхэх юм. Муу хэлдэг социализмын үед Эрхүүд бодлогоор сургадаг байв. Сургагдсан хүмүүс нь бүгд тэтгэвэртээ гарсан. Одоо МУБИС болон бусад их дээд сургуульд ийм хүүхдүүдтэй ажилладаг хүний нөөц бэлддэг ганц ч сургууль байхгүй. Энэ нь ч тэгээд зүгээр сурчихдаг ажил биш. Нилээд өвөрмөц хүнд хөдөлмөр. Боловсролын яамнаас тодорхой бодлого гаргаж, хүмүүсээ гадагшаа сургах, гаднаас багш нар урьж дотооддоо нутагшуулж сургах хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд дараа нь тэр аймаг, дүүрэгт бүрт сургууль барих асуудлаа ярих хэрэгтэй.

Зочин
Зочин

Цогзолмаа боловсролын сайд байхдаа МУБИС-т нэг анги нээсэн. Тэдэнд заадаг багш нар нь энэ чиглэлээр бэлтгэгдээгүй, чадамж муутай. Голдуу практикт байсан хүмүүсийн амьдралын хувь туршлага ярьсан хичээлтэй, яг нарийсгаж мэргэшүүлж сургах асуудлаа одооноос шийдэж ойрын 10 жилдээ багтаан хүний нөөцөө сургахгүй бол хотод байгаа 2-3 тусгай хэрэгцээт боловсролын сургуулиас цааш хол явахгүй. Байгаа тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн захирлууд нь ч энэ асуудлаа ойлгохгүй, тэс хөндлөнгийн гарууд томилогдоод байж байх жишээтэй. Жил жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо эрс өсч байна. Ялангуяа аутизм... Хэдэн эцэг эхчүүд л өөрсдөө ийш тийшээ явж үзүүлэх, эмчлүүлэх гээд үйлээ үзэж байна. Ганц нэг өөр бодолтой нь ШУ үгүйсгээд бас давхар бизнес далд санаатай ТББ байгуулаад Аутизм бол өвчин биш гээд яриад байдаг болсон. ШУ, АУ-д аутистик хүрээний эмгэг гээд олон улсын өвчний ангилалаар F84.0 гээд тодорхойлчихсон байхад нэг авгай гарч ирээд баахан юм ярингуут нөгөө ХНХЯ нь амаа таглуулчихна. Тэгээд -МЖ төгсгөлтэй жижиг мөнгө өгөхөөөс хэтрэхгүй бодлого шийдвэртэй байна. (Халамж, тэтгэмж гэх мэт)

Холбоотой мэдээ

Back to top button