Судалгаа: Мелатонин урт хугацаагаар хэрэглэх нь зүрхний дутагдал болох эрсдлийг нэмэгдүүлж магадгүй
Америкийн Зүрхний нийгэмлэгийн хуралдаан дээр танилцуулсан урьдчилсан шатны судалгаа архаг нойргүйдэлтэй хүмүүс мелатониныг урт хугацаагаар хэрэглэх нь зүрхний дутагдал болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байж магадгүй гэх үр дүн үзүүлжээ. Мөн зүрхний дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх, өөр ямар нэгэн шалтгааны улмаас нас барах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой байсныг тус судалгаа харуулсан байна.
Тус судалгаа мелатонин өөрөө эдгээр эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг нотлоогүй. Гэхдээ мелатониныг нойрсолтын чанараа сайжруулах аюулгүй, байгалийн арга гэж хүмүүс үзэж ирсэн. Ийм учир тус судалгаа мелатонины урт хугацааны хэрэглээний аюулгүй байдлын талаар асуултууд дэвшүүлэхэд хүргэж байгаа юм.
Мелатонин бол өнчин тархинд ялгардаг даавар. Тус даавар нь биологийн цагийг зохицуулахад оролдог. Тухайлбал нар жаргаж, харанхуй болоход хүний бие дэх мелатонины хэмжээ нэмэгдэж, өдрийн цагаар буурдаг байна. Эмийн сангуудад зардаг мелатонин нь өнчин тархины ялгаруулдаг даавартай химийн бүтцийн хувьд ижил. Ийм учир хүмүүс нойргүйдэл, нислэгийн улмаас цагийн зөрүү үүсэхэд мелатонин хэрэглэдэг байна.
Энэхүү шинэ судалгааг явуулахдаа эрдэмтэд оролцогчдыг мелатонины хэрэглээгээ баримтжуулсан байдлаар нь хуваажээ. Цахим эрүүл мэндийн бүртгэлдээ дор хаяж нэг жил мелатонин хэрэглэсэн гэдэг нь бүртгэгдсэн хүмүүсийг мелатонины бүлэгт оруулсан байна. Харин бүртгэлд нь мелатонины хэрэглээ огт байгаагүй хүмүүсийг мелатонины бус бүлэгт нэмжээ.
Дараа нь эрдэмтэд нэг жилээс дээш хугацаанд мелатонин хэрэглэсэн, архаг нойргүйдэлтэй хүмүүсийн өвчний түүхийг таван жилийн хугацаанд шалгасан байна. Тэдгээр оролцогчдыг нойргүйдэлтэй ч гэсэн мелатонин хэрэглэдэг гэх бүртгэлгүй оролцогчидтой харьцуулж дүн шинжилгээ хийсэн аж. Ингэхдээ зүрхний дутагдалтай гэж оношлогдсон эсвэл өөр нойрны эм хэрэглэдэг хүмүүсийг хассан байна.

Дүн шинжилгээгээр хоёр бүлгийн хооронд мэдэгдэхүйц ялгаа ажиглагджээ. Нойргүйдэлтэй насанд хүрсэн хүмүүсийн дунд 12 сар ба түүнээс дээш хугацаагаар хэрэглэсэн оролцогчид таван жилийн хугацаанд зүрхний дутагдалтай болох магадлал 90 хувиар нэмэгдсэн байсан аж. Тодруулбал мелатонинны бүлэгт зүрхний дутагдлын тохиолдол 4.6 хувь байсан бол мелатонингүй бүлэгт 2.7 хувь байжээ.
Дараа нь судлаачид оролцогчид үнэхээр мелатониныг урт хугацаагаар хэрэглэсэн гэдгийг илүү баттай болгох өөр дүн шинжилгээ хийсэн аж. Тодруулбал 90-ээс доошгүй хоногийн зайтай дор хаяж хоёр удаа мелатонин авсан хүмүүсийг тусад нь авч үзэхэд адил хамаарал ажиглагджээ. Энэ бүлгийн хүмүүс зүрхний дутагдалтай болох магадлал нь 82 хувиар өндөр гарсан юм.
Энэхүү судалгаа нь хэд хэдэн хязгаарлагч хүчин зүйлтэй. Учир нь гэвэл улс орнуудад мелатонины зохицуулалт өөр байдаг юм. АНУ зэрэг зарим орнуудад мелатониныг шууд худалдан авч болдог бол Их Британид жороор л олгодог байна. Эрдэмтэд судалгаанд оролцсон хүмүүсийн байршлыг нь мэдэх боломжгүй байжээ.
Мөн мелатониныг эрүүл мэндийн цахим бүртгэлд нь байсан хүнийг л мелатонины бүлэгт нэмсэн нь хязгаарлагч хүчин зүйл. Учир нь жоргүй олгодог орны иргэд цахим бүртгэлдээ нэмүүлэлгүйгээр мелатониныг авсан байх магадлалтай. Ийм учир хэн мелатонин хэрэглэж байсныг бүрэн нарийвчлалтай тусгаж өгөөгүй байх магадлалтай юм.
Эх сурвалж: Science Daily












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.