Байртай болох урьдчилгааны босгыг 30-аас 15 хувь болгон бууруулна

Орон сууцны зээл авах хүсэлтэй иргэдийн хамгийн том даваа нь сар бүрийн хэрэглээний төлбөрөөсөө гадна байрны урьдчилгаа бүрдүүлэх байдаг. Байрны үнэ хэдэн зуун саяд хүрсэн энэ үед 30 хувийн урьдчилгаа гэдэг олон өрхийн хувьд хуримтлуулахад амаргүй мөнгө. Өнөөдөр мөрдөж буй ипотекийн зээлийн нөхцөлөөр орон сууцны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилгаа төлбөрт төлөх шаардлагатай.
Мөн өрхийн нийт зээлийн сарын төлбөр орлогын 45 хувиас хэтрэхгүй байх шалгууртай. Харин 2027 оны төсвийн төсөлтэй хамт Засгийн газраас төрийн барьж буй 4000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулах бодлогыг танилцууллаа.
Мөн ирэх онд нийт 16 мянган өрхийг орон сууцтай болгохоор төлөвлөж, 14 мянган өрхийг ипотекийн зээлд, 2000 өрхийг түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамруулахаар мэдээлсэн.
15 хувь гэдэг иргэдэд ямар өөрчлөлт авчрах вэ?
Жишээ нь, 60 метр квадрат байр 240 сая төгрөгийн үнэтэй байлаа гэж бодъё. Одоогийн 30 хувийн нөхцөлөөр иргэн 72 сая төгрөгийн урьдчилгаа бүрдүүлэх шаардлагатай. Харин 15 хувь болбол 36 сая төгрөг хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, нэг өрхөөс шаардагдах эхний төлбөр 36 сая төгрөгөөр багасна. Энэ бол тоон дээрх энгийн өөрчлөлт мэт боловч байр хайж буй гэр бүлийн хувьд асар том ялгаа. 72 сая төгрөг хуримтлуулахын тулд олон жил түрээс төлж, амьдралын бусад зардлаа танах шаардлагатай бол 36 саяд хүрэх боломж харьцангуй ойрхон.
Иргэн өмнө нь байрны үнийн 70 хувийг зээлээр төлөх байсан бол 15 хувийн урьдчилгаатай тохиолдолд 85 хувийг зээлээр санхүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл эхний босго намсахын зэрэгцээ зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс “15 хувийн урьдчилгаа” гэдэг ганц тоонд баярлахаас илүүтэй сарын төлбөр хэд болох, нийт хэдэн төгрөгийг зээлд төлөх, өрхийн орлогод ямар дарамт үүсэхийг тооцоолох шаарлагатай.
Орон сууцны урьдчилгааг бууруулах нь эрэлт нэмэгдүүлэх сайн талтай. Гэвч байрны нийлүүлэлт хангалттай хэмжээнд өсөхгүй бол эрэлт нэмэгдсэнээр үнэ өсөх, улмаар өрхийн өрийн дарамт нэмэгдэх эрсдэлтэйг эдийн засгийн шинжээчид анхааруулж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.