Германд цагаачлалыг эсэргүүцдэг “AfD” нам чухал сонгуульд ялалт байгуулжээ
Ням гарагт /2026.09.06/ Германы Саксони Анхальт мужид сонгууль явагдаж, “Alternative for Germany” буюу “AfD” нам ялалт байгуулжээ. Ингэснээр цагаачлалыг эсэргүүцдэг, хэт барууны үзэлтэй ямар нэгэн нам Дэлхийн II дайнаас хойш анх удаа мужийн түвшинд эрх мэдэлтэй болов. Санал өгсөн хүмүүсээс авсан асуулгаар бол “AfD” 44 хувийн санал авчээ. Энэ нь үнэмлэхүй олонхын статустай болоход хангалтгүй ч санал өгөгчид Германы канцлер Фридрих Мерцийн эвслийн засгийн газарт сэтгэл маш дундуур буйг харуулав.
Мужаас гадна үндэсний хэмжээнд “AfD” нь германчуудын хамгийн их дэмждэг нам болсон. Тус намын мөрийн хөтөлбөрт цагаачлалыг ихээхэн хязгаарлаж, ОХУ-тай харилцаагаа сэргээж, Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсоон, евро бүсээс гарах зэрэг зүйлс багтаж буй. “AfD”-гээс Саксони Анхальт мужийн сонгуульд өрсөлдсөн Ульрих Сигмунд “Бид Германд түүх бүтээлээ. Ард түмэн улс төрийн өөрчлөлтийг хүсэж буйгаа харууллаа. Тэр өөрчлөлтийг биднээр дамжуулан бүтээхийг хүсэж байна” гэжээ.

Саксони Анхальтын сонгууль Мерцийн засгийн газрын хувьд томоохон цохилт боллоо. Урьдчилсан үр дүнгээр бол түүний “CDU” нам 17.2 хувийн санал авчээ. Мерцийн рейтинг түүхэн доод хэмжээнд хүрч, германчууд түүний эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөнөөс татгалзах болжээ. “ARD” телевизийн явуулсан санал асуулгаас харвал Саксони Анхальт мужийн санал өгөгчдийн 87 хувь нь Мерцийн засгийн газарт сэтгэл дундуур болсон байна.
“AfD”-гийн Сигмунд сонгуулийн өмнө Мерц хэлсэн үгээрээ намынх нь кампанит ажлыг хамгийн сайн хийж өгсөн гэж хошигнон ярьж байсан юм. Германы Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Марсель Фрацшер “Энэ сонгуулийн үр дүнг юуны өмнө холбооны засгийн газарт итгэл үл үзүүлж буй санал хураалт гэж харж болно” хэмээжээ.
Европын бусад орнуудад барууны үзэл бүхий улс төрийн бодлогууд эрчээ авч байгаа ч Германы Нацист түүхийн улмаас улс төрийн томоохон намууд “AfD”-тэй хамтран ажиллахаас татгалзаж буй. “AfD” мэдэгдэл хийхдээ, хэт барууны экстремист үзэл тараадаггүй хэмээжээ. Мөн намыг нь ингэж тодорхойлсноороо дэмждэг олон сая хүнийг доромжилж байна гэсэн юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.