Б.Жаргалан: Тодотгол энэ хэвээрээ батлагдвал инфляц хоёр оронтой тооноос буухгүй

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг хоёр дахин тэлсэн. Өчигдөр эхний хэлэлцүүлэг өрнөж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын байнгын хороодод хуваарилсан билээ. Төсвийн тодотгол, ээлжит бус чуулган болон цаг үеийн улс төрийн агуулгаар Б.Жаргалан гишүүнтэй ярилцлаа.
-Төсвийн тодотгол дээр эдийн засагч гишүүний хувьд та ямар байр суурьтай байна вэ. Засгийн газар төсвийн зарлагыг 1.1 их наядаар өсгөчхөөд байна шүү дээ.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс наадмаас хойш эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын өсөлт хирээсээ хэтэрсэн тул төсвийн тодотголыг яаралтай өргөн барьж, төсвийн бодлогоороо дамжуулан үнийн өсөлттэй тэмцэх шаардлагатай гэдгийг удаа дараа шаардсан. Тодотголыг нэн даруй өргөн мэдүүлээд ээлжит бус чуулганаар хэлэлцье гэсэн. Харамсалтай нь намрын чуулган руу нэлээд дөхчихлөө. Гэхдээ чамлахгүй, нэг өдрийн өмнө ч гэсэн хэлэлцэж эхэлж байгаа нь нэг талдаа зөв.
Тодотголын гол зорилт инфляцтай тэмцэх, төсвийн бодлогоо эргэж харах байх ёстой. Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн тодотголд урсгал зардлыг 1 их наяд 152 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, тэлчихсэн алдагдлаа хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Энэ бол байгаа онохгүй буюу үнийн өсөлтийг улам даамжруулах үр дагавартай.
Бүлгийн хурлаар төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон үндэсний аудитын газрын мэдээллийг сонслоо. Аль аль байгууллага нь энэ төсвийн тодотгол яг энэ байдлаараа батлагдах юм бол инфляц хоёр оронтой тооноос буухгүй. Иргэдийн хувьд хамгийн чухал асуудал болоод байгаа зүйл нь үнийн өсөлт. Ялангуяа хүнсний инфляц 25 хувь давчхаад буй нь шийдэгдэхгүй гэх дүгнэлтийг танилцууллаа. Мөн төсвийн тогтвортой байдалд тусгагдсан төсвийн тусгай шаардлагуудыг, төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж байгаа нь төсвийн сахилга батыг бууруулсан, бодлогын хувьд тогтворгүй байдлыг бий болгох хор хөнөөлтэй үр дагавартай байдаг тухай ярилаа.
-Инфляцаа бууруулахгүй юм аа гэхэд энэ хэвээр нь хадгалах дээр ямар арга зам байна гэж бодож байна?
-Тодотгол энэ хэвээрээ батлагдсанаар инфляц буурахгүй. Учир нь мөнгөний бодлогын орон зай хумигдана. Тиймээс бид төсвийн зардлыг бууруулах замаар эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, ялангуяа хувийн хэвшлийн идэвхжилийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа.
-Танай бүлгийн зарим гишүүдийн зүгээс намын дарга, генсек нарын олон гишүүд БНХАУ-руу айлчлалаар явах өдрийг угтуулан ээлжит бус чуулган нээсэн нь улс төрийн акц гэж үзэж байна. Та эл асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Долдугаар сард наадмаас хойш шатахууны хомсдол эхлэхэд л тодотгол хийх нөхцөл бүрдчихсэн байсан. Шатахууны хомсдол, шатахууны үнийн өсөлт, дээрээс нь энэ оны хоёрдугаар хагаст дулааны үнэ тарифын өсөлт суурь зардалд давхар явж байгаа. Тэр шок одоохондоо орж ирээгүй. Бид энэ нөхцөл байдалтай уялдуулаад долдугаар сарын сүүл, наймдугаар сард яаралтай чуулган хуралдуулж, төсвийн дутагдлаа ярья гэсэн шаардлагыг тавьж ирсэн боловч ердөө долоо хоногийн өмнө зарлалаа. Манай намын дарга, гишүүдийн айлчлал урьдчилан товлогдсон байсан. Гэтэл ээлжит бусаа нээчихлээ.
-Намрын улс төр хэрхэн өрнөх бол. Танай намын зүгээс энэ Засгийн газар бүрдэх үеэс л дэмжихгүй байр суурийг илэрхийлж ирсэн. Хавар гишүүдийнхээ гарын үсгийг хайрцаглаж, өргөн барих хугацаагаа хүлээхээр болсон шүү дээ.
-Төсвийн тодотгол, ирэх жилийн төсөв ийм асуудалтайгаар орж ирж байна. Шинэ Засгийн газар томилогдоод удаагүй байна гэдэг талаас нь бид хаврын чуулганаар аль болох олон асуудал дээр хамтарч ажилласан. Жишээ дурдахад, хувь гишүүний хувиар би Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн бизнесийг дэмжих хуулийн төслүүдтэй нэгтгэн хэлэлцүүлсэн. Ингэж Засгийн газрын реформын шинж чанартай бодлогуудыг дэмжиж ажиллахыг хичээсэн.
Гэтэл өргөн барьж буй төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийн төслийг харахад өмнөх Засгийн газруудын алдааг давтаж байна. Тодруулбал, ирэх жилийн төсвийн зарлагыг 10 их наядаар нэмчхэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, эдийн засагт төрийн оролцоог бууруулъя гэсэн бидний удаа дараа тавьсан шаардлага огт биелэхгүй байна. Ингээд харахаар энэ Засгийн газарт итгэх итгэл буурч байна.
Эдгээр асуудлуудыг нь шүүмжлэхээр Засгийн газрын зүгээс нэлээд хувьчилсан байдлаар, зохион байгуулалттай хар пи ар явуулж байна. Сүүлийн хоёр өдөр л гэхэд сошиалаар янз бүрийн худал мэдээллийг миний эсрэг тараах ажиллагаа явагдлаа. Үүнд хувь хүний зүгээс дурамжхан байна. Цаашид энэ Засгийн газар бодлогын мэтгэлцээн явуулж чадах юм уу. Бодлогын манлайлал үзүүлж чадах юм уу. Өмнөх Засгийн газрын алдаануудаа давтахгүйгээр, шийдэмгий бодлого явуулж чадах эсэх дээр нь эргэлзэж байна.
Угтаа эдийн засгийн бодлого гэдэг удаан хугацаанд үлддэг зүйл. Инфляц хоёр оронтой тоо дээр даамжирчих юм бол дараа нь үүнийг зогсооход, үнийн өсөлтийг сааруулахад бэрх. Үүнийг бид олон жил ажигласан шүү дээ.
-Н.Учралын Засгийн газрыг огцруулахаар цуглуулсан танай бүлгийн гарын үсэг, гишүүдийн байр суурь нэгдмэл байж чадаж байгаа юу. Зарим гишүүд тухайн үеийн намын бүлгийн нэгдмэл байр сууринаас ухарч, Засгийн газрыг дэмжихээ ил тод илэрхийлчихлээ. Үүнд хариулт өгөхгүй юу?
-Гарын үсэг зурсан гишүүдийн тоог манай намын дарга өмнө нь хэлсэн. Ардчилсан намын бүлгийн хувьд, ялангуяа төсвийн хэлэлцүүлэг дээр аль болох иргэдийнхээ, хувийн хэвшлийнхээ, аж ахуйн нэгжүүдийнхээ талд байна гэдэг дээр бид 100 хувь санал нэгтэй. Тиймээс энэ төсвийн хэлэлцүүлгээс маш их зүйл хамаарна. Тодотгол, ирэх жилийн төсөв гээд өргөн барьсан байдлыг харахад манай намын ч гэлтгүй бусад намын гишүүд ч дургүйцэж байгаа. 10 их наядаар өсгөж болохгүй. Энэ талаар төсвийн хэлэлцүүлэг дээр маш олон зүйл тодорхой болно.
-Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй төсөв хүлээн авсан гэх асуудлаар ҮХЦ-д өгөхөө мэдэгдсэн. Энэ талаар товч мэдээлэл өгч болох уу?
-Тодотгол, ирэх жилийн төсөвтэй хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль гэх мэт маш том асуудлыг хөндсөн хуулиудыг өргөн барьж байна.
Үүнийг төсвийн тодотголтой хамт өргөн барьж байгаа нь хууль тогтоомжийн хувьд зөв эсэх нь ярьж хэлэлцэж байгаад шийдвэрлэх зүйл. Манай гишүүд бүгд шүүмжлэлтэй хандаж байна. Эрх баригч нам Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд удаа дараа гар хүрч, улс төрийн богино хугацааны оноо авах зорилгоор суурь механизмуудаа эвдэх үйлдэл хийж байгаад манай гишүүд эсрэг байр суурьтай байна.
ҮХЦ рүү материал явуулах эсэх бүлэг дээр яригдаагүй. Хувь гишүүдээс санаачилга гарч байна гэж ойлгож байгаа. Цаашид суурь механизмуудаа маш тогтвортой хадгалах ёстой. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнд ч гэсэн энэ талаар маш тодорхой хэлсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай, Баялгийн сангийн тухай хуулиудаа хамгаалах ёстой хүмүүс нь тэд шүү дээ.
Ардчилсан нам ямагт суурь механизмуудаа, ардчилсан Үндсэн хуулийнхаа зарчмуудыг, иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг хамгаалж, аль болох иргэдийнхээ талд байх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Ярилцсанд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.