НИЙГЭМНийгэм мэдээ

Цагдаагийн байгууллагаас 86 ААН-д шалгалт хийж, гэмт хэргийн 10, зөрчлийн 21 үйлдэл илрүүлжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Ажлын хэсэг”-ийг байгуулан улсын хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг шалгах, илрүүлэх, таслан зогсоох, тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтыг Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий аймгийн нутаг дэвсгэр болон бусад орон нутагт зохион байгуулж байгаа бөгөөд 2026.09.09-ний өдрийн байдлаар нийт 62 ААН, 4 бичил уурхай, 20 нөхөрлөлийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалтыг явуулсан. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй 10, зөрчлийн шинжтэй 21 үйлдлийг илрүүлэн материалжуулж, холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын лицензтэй 17 аж ахуйн нэгж, 4 бичил уурхайг шалгаж гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлсэн байна.

Үүнд:

  • Зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашиглаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй;
  • Эвдэгдээгүй газарт үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж 2га талбайд эвдрэл учруулсан;
  • Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, бичиг баримтын бүрдэл хангаагүй, ашигт малтмал олборлосон зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт, шалгалтыг зохион байгуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэхээр ууланд 6 байршилд 9 ширхэг хүнд даацын техник, 1 ширхэг Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл, 3 ширхэг алт угаах төхөөрөмж нууж байршуулсан байсныг олж тогтоож, техник хэрэгслийн эзэмшигчдийг тогтоож, суурин газрын төвд татан буулгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Түүнчлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 11 аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг явуулж, 11 техникийг суурин газрын төвд татан оруулж, 33 техникийг тухайн уурхайн байршилд тус тус байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар лацдуулж, зөрчлийн шинжтэй 3 үйлдэл илрүүлжээ.

Хэнтий аймагт нийт 5 аж ахуйн нэгж, 6 нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 2 үйлдлийг илрүүлсэн. Үүнд:

  • Талбайн хэмжээ хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг;
  • Холбогдох бичиг баримтын бүрдэлгүй, усны дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчлийн шинжтэй 1 үйлдлийг;
  • Улсын байцаагчаас тавьсан лацыг дур мэдэн хөндсөн, холбогдох бичиг баримтгүй, үйл ажиллагаа явуулсан 1 зөрчлийг тус тус илрүүлсэн байна.

Булган болон Төв аймагт нийт 17 аж ахуйн нэгж, 14 нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, гэмт хэргийн шинжтэй 4, зөрчлийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлсэн. Үүнд:

  • Талбайн хэмжээ хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг;
  • Лицензтэй талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг;
  • Ашиглалтын лицензтэй талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг;
  • Хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал олборлосон гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг;
  • Алт угаасан бохир усыг Туул гол руу урсгаж байсан зөрчлийн шинжтэй 1 үйлдлийг;
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зөрчиж алт олборлогч драг буюу хөвөгч фабрик ашиглан үйл ажиллагаа явуулж, журамд заасан механизмын хэмжээг хэтрүүлсэн зөрчлийн шинжтэй 1 үйлдлийг;
  • Дүгнэлт гарахаас өмнө зөвшөөрөлгүй кемп байгуулж, Засаг даргын газар чөлөөлөх албан мэдэгдлийг зөрчсөн зөрчлийн шинжтэй 1 үйлдлийг;
  • Гэрээ байгуулсан талбайдаа зөвшөөрөгдсөнөөс илүү алт угаах төхөөрөмж (скрүүбэр)-ийг ажиллуулж байсан зөрчлийн шинжтэй 1 үйлдлийг;
  • Гэрээ байгуулсан талбайдаа зөвшөөрөгдсөнөөс илүү алт угаах төхөөрөмж (скрүүбэр)-ийг ажиллуулж, тухайн газарт техникийн тос, масло асгасан зөрчлийн шинжтэй 1 үйлдлийг илрүүлсэн байна.

Харин Дархан-Уул аймагт 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг илрүүлжээ. Тухайлбал, олборлолтын талбайн зах, ирмэгээс солбилцлын цэг авч “Газрын тос, ашигт малтмалын газар”-ын кадастрын сангаар шүүлгэхэд талбай хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button