У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн талд хуваагдаж, гишүүдээ доромжилсон АН-ынхан ичиг
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн дотроо 2-3 хуваагдан “цусаа гартал” зодолдож байхтай зэрэгцэн парламент дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд тэдэнтэй “барьцан” дотроо мөн гурав хуваагджээ. Хоржоонтой нь, О.Цогтгэрэлийн, эсвэл О.Амгаланбаатарын тал, Л.Гантөмөрийн юм уу, Н.Ганибалын тал гэж АН дотроо үнэт зүйл, үзэл баримтлалаараа хуваагдаж талцах бус, “Хүүкийн тал”, “Оюукийн тал” болон “Саарал талынхан” хэмээн МАН-ын эрх ашигт үйлчлэх үйлс зорилгоороо зам салцгаасан байна.
АН-ын дарга О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар, Ж.Батсуурь тэргүүтэй 13 гишүүн “Том ах” У.Хүрэлсүхийн талд, харин Л.Гантөмөр, С.Одонтуяа, Э.Одбаяр нарын зэрэг 10 гаруй гишүүн экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талд, түүнчлэн Н.Ганибал гишүүн тэргүүтэй үлдсэн хэсэг нь одоохондоо “Саарал тал”-д буюу салхи хаашаа эргэхийг харж байгаад хэн хүчтэй рүү нь гүйхэд бэлэн хүлээзнэж суугаа сурагтай. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн тов ойртохын хэрээр ийнхүү МАН-ын “зодоон” АН-д халдварлаж, Монголын засаг төрийн эрхийг барих дээд байгууллага болох ардчилсан парламент хүчтэй сөрөг хүчингүй байхын горыг иргэд, олон нийт үүрэх боллоо.
Ардчилсан нам 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийнхээ бүртгэлийг эртнээс цахимаар авч, нэр дэвшигчдээ илүү шударга, нээлттэй тогтолцоогоор шалгаруулна хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Гэтэл сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн гишүүдээ онооны системийн дагуу эрэмбэлж, намынхаа үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцсон, хандив мөнгөндөө гар татаагүй хүмүүсийг нэр дэвшүүлэх босго тогтоох болжээ. Учир нь тэд өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнөө орон даяар зохион байгуулахын тулд намын хорооддоо үүрэг даалгавар өгч, эхний ээлжид 50 саяаас доошгүй төгрөг босгон, аянаа идэвхжүүл гэж шахамдуулах болсон байна.
Нэг сая иргэнтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож, улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа тодорхойлж, шийдэл боловсруулах зорилготой гэх “Өөрчилье, бүтээе” аяныг гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхдээ зохион байгуулалтад нь төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүй гэдгээ АН-ын удирдлагууд мэдэгдсэн. Харин нэг талд идэвх, оролцоо нэрийн дор намын хорооны гишүүдээ өөд уруугүй “дарамталж”, нөгөө талд УИХ-д нэр дэвших хүсэл сонирхолтой хүмүүсээ “Мөнгөө өгч байж онооны системд орно” хэмээн цензурдэх болсны цаана улс төрийн ямар тоглоом, хэний эрх ашиг нуугдаж байгааг тааварлах гээд үзье.
Төрийн эрх барьж буй МАН-ын аль ч талынхны энэ намрын улс төрийн гол акц бол эхлээд Н.Учралын Засгийн газрыг огцруулж, дараа нь шинэ кабинетаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “зурсан” зургаар бүрдүүлэх явдал болоод буй гэлтэй. У.Хүрэлсүхийн талынхан АН-тай хамтарснаар наанадаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, цаашлаад УИХ-ын тухай хуулийн дагуу “дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногт амжиж томилж чадаагүй” гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгч парламентыг тараах хүртэл арга хэмжээ авч болохыг хэдийн тооцоолсон байж таарна. Улмаар 2027 онд багтаан дахин сонгууль хийж, өөрсдийн талын хүчийг зузаатгаад 2028 оны УИХ-ын сонгуулиар олонхын суудал авбал У.Хүрэлсүх дахиад л намын дарга, Ерөнхий сайдын сэнтийд залрах санаархал өвөрлөөгүй гэх аргагүй.
Тэгвэл нөгөө талд Л.Оюун-Эрдэнийн талынхан АН-тай хамтарч одоогийн Засгийн газрыг огцруулснаар экс Ерөнхий сайдад МАН-ын даргын суудлаа авах, эсвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн фракцын хүнээ нэр дэвшүүлэх эрхийг олж авах, бүр түүгээрээ наймаалцах зэрэг хүсэмжит олон сонголт гарч ирэх нь дамжиггүй. Улс төрийг орвонгоор нь эргүүлж, улс орноо элгээр нь хэвтүүлэх энэ мэт хувилбаруудын аль нь ч АН-д том зургаараа огт ашиггүй. Их сайндаа хэдэн сайдын суудал авах хувь гишүүдэд л үр өгөөж нь ирнэ.
Харин “2028 оны сонгуулиар улс орон, нийгэмд томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байна” хэмээн ард олны гол итгэл найдвараа тавьж буй АН-ыг парламентын болон орон нутгийн сонгуульд ялуулахгүй байх бүх нөхцөлийг “ах нам” хийж, одооноос заримд нь сайдын суудлаа амлаад эхэлжээ. Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн сонгох, сонгогдох эрх, төлөөллийн зарчмыг дээдлэн хэрэгжүүлэх учиртай улс төрийн хүчин ийм арчаагүй сөрөг хүчин байгаад зогсохгүй, бүр намын гишүүдээ мөнгөний өмнө толгой гудайлгахаас аргагүй байдалд шахан оруулж, МАН-ын дохио зангаагаар санасныг нь гүйцээх “хүүхэлдэй” баймааргүй байна.
Л.АРГАМЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.