14-р сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо

“Бридж Корпораци”-ийн байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд тус корпорацийн охин компани болох “Некст Женерейшн Хеалт” (Next Generation Health) Нийгмийн хариуцлагынхаа дагуу Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 14-р сургуульд олон улсын стандартад нийцсэн “Физикийн иж бүрэн лаборатори”-г иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.
"Дараагийн зууны шинжлэх ухаанд суралцагчдын урам зоригийг сэргээх, Бид энэ дэлхийн багш нарт шинжлэх ухааныг заах шинэлэг технологи, шийдлүүдийг санал болгож, тэдгээрийг сургуулиудад хэрэгжүүлэх, ашиглахыг бүрэн дэмжинэ" гэх эрхэм зорилго бүхий PASCO Scientific компанийн ухаалаг мэдрэгч, дэвшилтэт программ хангамжаар иж бүрэн тоноглогдсон энэхүү лаборатори нь хүүхэд, залуусыг “Физикийг ойлгон нээж, Ирээдүйгээ бүтээхэд” (Discover Physics, Create the Future) томоохон түлхэц болох юм.”
Уг үйл ажиллагааны хүрээнд Бридж Корпорацийн ТУЗ-н дарга, Ерөнхийлөгч Д.Ганхуяг онцлон хэлэхдээ “Шинээр бүрэлдсэн 126 гишүүнтэй УИХ-аас боловсрол болон олимпийн төрлийн спортыг дэмжсэн аж ахуйн нэгжүүдийг тухайн хэмжээгээр нь орлогын татвараас чөлөөлөх хууль баталсан. Энэхүү эрх зүйн таатай орчин нь хувийн хэвшлийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол болон спортын салбарт хөрөнгө оруулах томоохон хөшүүрэг болж байна.
Миний бие 2004–2016 оны хооронд Баянзүрх болон Налайх дүүргээс гурван удаа дараалан сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллахдаа иргэдийнхээ итгэлийг алдалгүй, төр түшилцэх хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн. Төр түших боломж олгосон тус хоёр дүүргийн сонгогчдодоо ямагт талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
Энэхүү лаборатори тохижуулах ажил нь дараагийн улс төрийн сонгуультай ямар ч холбоогүй бөгөөд миний бие Тухайн цаг үеийн ажил үйлс тэр цагтаа дууссан гэдгийг хариуцлагатайгаар тэмдэглэн хэлэхийг хүсэж байна” хэмээв.
-Дэлхийд тэргүүлэгч PASCO Scientific гэж ямар компани вэ-
1964 онд байгуулагдсан, 60 гаруй жилийн түүхтэй АНУ-ын PASCO Scientific компани нь өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулж буй STEM боловсролын тоног төхөөрөмж, туршилтын дижитал мэдрэгч, программ хангамжийн салбарын манлайлагч юм.Тус компани нь Bett Awards, GESS Education Awards, SIIA CODiE Awards, Tech & Learning Awards зэрэг дэлхийн боловсролын салбарын нэр хүндтэй шагналуудыг тасралтгүй хүртэж ирсэн. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын хөтөлбөртэй "American School" зэрэг тэргүүлэх сургуулиуд тус брэндийн шийдлийг сургалтандаа ашигладаг байна.
PASCO Scientific-ийн технологи нь уламжлалт аргаар багш туршилт үзүүлж, сурагчид идэвхгүй ажигладаг 20-р зууны загварыг халж, сурагч өөрөө биечлэн оролцдог орчин үеийн STEM (Science, Technology, Engineering, Mathematics) арга барилыг бүрдүүлдэг.Энэ компани нь 20-р зуунд уламжлалт аргаараа багш нар маань туршилт үзүүлж “шинжлэх ухааны хичээл"-ийг заадаг байсаныг орчин үеийн STEM боловсролын загвар болгон хувиргажээ.
Тодруулбал, Суралцагч өөрөө → Туршилт → Өгөгдөл( мэдээлэлийг ашиглана) → Шинжилгээ( анализ хийнэ) → Сэтгэж шийдвэр гаргана( шийдэлийг өөрөө сэтгэж олно) гэсэн загвар юм. ЮНЕСКО-гоос тодорхойлсноор STEM боловсрол нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн мэдлэгийг нэгтгэн, бодит амьдралын асуудлыг шүүмжлэлт сэтгэлгээгээр шийдвэрлэх чадварыг олгодог боловсролын гол чиглэл юм.
Энэхүү төсөл 14-р сургууль дээр хэрэгжсэн нь учиртай. “Некст Женерейшн Хеалт” компанийн захирал Б.Баасансүрэн болон түүний ах дүү тав нэгэн үед тус 14-р сургуулийг төгсч байжээ. Ээж, ааваасаа есүүлээ ах дүүсийн төлөөлөл болох 1977 оны төгсөгч Б.Бадамханд, 1981 оны төгсөгч Б.Лхагважав, 1985 оны төгсөгч Б.Баасансүрэн, 1989 оны төгсөгч Б.Нямсүрэн, 1993 оны төгсөгч Б.Лхамсүрэн, том эгч Б.Хишигбуян нар нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирж, ангийн багш нар болон сургуулийн ажилтнуудад талархал илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Гавьяат багш, физикийн ухааны нэрт сурган хүмүүжүүлэгч Батын Оргой багшийнхаа гэгээн дурсгалд зориулж байгаагаа онцоллоо.
Дэлхий даяар боловсролд оруулсан хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт гэж үздэг. “Некст Женерейшн Хеалт” компани нь PASCO Scientific брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын боловсролын салбарынхан, сургуулиудыг дэлхийн хөгжилтэй хөл нийцүүлэн, шинжлэх ухааны шинэлэг тоног төхөөрөмж бүхий лабораториудыг нэвтрүүлэхэд хамтран ажиллахыг уриаллаа.
Б.САНАА

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.