Анх удаа археологийн малтлагаас Чингис хааны билиг сургаал олдлоо
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмд 2025–2026 онд явуулсан археологийн малтлага судалгааны үр дүнг Чингис хаан Үндэсний музейн захирал Академич С.Чулуун, судлаач, профессор Такаши Мацүкава, Хитоши Мүраока нар танилцууллаа.
2026 оны судалгааны онцлох үр дүн нь хоёр малтлагаас монгол бичгээр бичсэн үйсэн номын нийт 30 орчим хэсэг илэрч олдсон юм. Тус үйсэн судруудын хэсгийг Чингис хаан Үндэсний музейн сэргээн засварлагчид анхны сэргээлтийг хийж, эхний хэсгийг шашны ном, зурхай болон сургаалын шинжтэй зүйл бичсэн нь мэдэгдэж байна. Түүний дотроос сонирхол татах нэгэн баримт нь Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билэг сургаалын хэсэг олдсон нь анхдагч юм. Тус билэг сургаал нь Лу.Алтан товч”-д тэмдэглэгдсэнтэй ижил байгааг судлаачид тогтоосон бөгөөд, цаашид нарийвчлан судалж, сэргээн засварлалт, хамгаалалтыг хийн онц цагийг тогтоох ажлуудыг эхлүүлээд байгаа аж.
Мөн малтлагын үеэр түүхий шавраар хийсэн бурхны олон хэсэг, бурхны толгой, өлмий, бурхны шүншиг болох шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг олдвор илэрчээ. 2025 онд Япон улсад хийлгэсэн нас тогтоох шинжилгээгээр уг сүм нь XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед хамаарах он цаг гарсан нь Монголын анхны хийд Эрдэнэзуугийн цаг үетэй давхцаж байгаа аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.