Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Түгээмэл хэрэглэдэг нөөшлөгч бодисууд даралт ихсэх, зүрх судасны эмгэгтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг

Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд өргөн хэрэглэдэг зарим нөөшлөгч бодис нь цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдэхтэй холбоотой байж магадгүй “European Heart Journal сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа харуулжээ.

Судалгааг Францын Эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний хүрээлэнгийн (INSERM) судалгаа хариуцсан захирал, доктор Матильд Тувье болон докторант Анаис Хазенбёлер нар удирдан явуулсан байна.

Хүнсний бүтээгдэхүүнд нөөшлөгч бодисыг хэд хэдэн зорилгоор нэмдэг. Тухайлбал, бактери, хөгц үржихээс сэргийлэх, муудах явцыг удаашруулах, бүтээгдэхүүний өнгө, амт, шинэлэг байдлыг удаан хадгалахад ашигладаг. Ийм бодисууд маш өргөн хэрэглэгддэг тул судлаачид урт хугацааны хэрэглээ нь зүрх судасны эрүүл мэндтэй ямар нэгэн холбоотой болохыг ойлгохыг зорьжээ.

Судалгааг хоол тэжээл болон эрүүл мэндийн хамаарлыг судалдаг “NutriNet-Santé” нэртэй төслийн хүрээнд хийсэн байна. Тус эрдэм шинжилгээний ажилд Францад амьдардаг 112,395 сайн дураараа оролцсон аж.

Оролцогчид зургаан сар тутамд гурван өдрийн турш идэж, уусан бүх зүйлээ бүртгэжээ. Ингэснээр судлаачид хүмүүсийн хооллолтын талаар харьцангуй нарийвчилсан мэдээлэл цуглуулсан байна.

Зургийн эх сурвалж: Max Healthcare

Дараагаар нь эрдэмтэд оролцогчдын хэрэглэсэн хоол, ундны найрлага, тэр дундаа нөөшлөгч бодис агуулсан эсэхийг шинжилжээ. Судлаачид оролцогчдыг дунджаар долоогоос найман жилийн турш ажиглаж, цусны даралт ихсэх эсвэл зүрхний шигдээс, харвалт, зүрхний бах зэрэг өвчин туссан эсэхийг бүртгэсэн аж.

Судалгаанд оролцсон эхний хоёр жилийн хугацаанд оролцогчдын 99.5 хувь нь дор хаяж нэг төрлийн нөөшлөгч бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн байна.

Дүн шинжилгээний үр дүнд хэд хэдэн нөөшлөгч бодис хамгийн их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн дунд эрсдэлийн хамаарал хамгийн өндөр ажиглагджээ. Антиоксидант бус нөөшлөгч бодисыг хамгийн их хэрэглэсэн оролцогчдын даралт ихсэх эрсдэл нь хамгийн бага хэмжээгээр хэрэглэсэн хүмүүсийнхээс 29 хувиар өндөр байв. Мөн зүрхний шигдээс, харвалт, зүрхний бах зэрэг зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл 16 хувиар өндөр байсан юм.

Антиоксидант төрлийн нөөшлөгч бодисыг хамгийн их хэрэглэсэн хүмүүсийн даралт ихсэх эрсдэл нөгөө бүлэгтэй харьцуулахад 22 хувиар өндөрсжээ.

Эдгээр хоёр төрлийн нөөшлөгч бодис нь хүнсний бүтээгдэхүүнд өөр өөр үйлчлэл үзүүлдэг. Жишээлбэл антиоксидант бус нөөшлөгч бодисыг бактери, хөгц зэрэг хортой байж болзошгүй бичил биетнүүд үржихээс сэргийлэхэд ашигладаг. Харин антиоксидант нөөшлөгч бодис нь исэлдэх үйл явцыг удаашруулдаг. Исэлдэлт нь хүнсний бүтээгдэхүүний өнгө борлох, тааламжгүй амт үүсэх, муудаж, гашлах зэрэг өөрчлөлтөд хүргэдэг химийн процесс юм.

Мөн судлаачид оролцогчдын хамгийн түгээмэл хэрэглэсэн 17 төрлийн хадгалалтын бодисыг шинжилжээ. Тэдгээрээс найман төрлийн бодис нь даралт ихсэх эрсдэлтэй холбоотой байв. Үүнд калийн сорбат (E202), калийн метабисульфит (E224), натрийн нитрит (E250), аскорбины хүчил (E300), натрийн аскорбат (E301), натрийн эриторбат (E316), нимбэгийн хүчил (E330) болон розмариний ханд (E392) багтжээ. Мөн аскорбины хүчил (E300) нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй тусгайлан холбоотой гэж гарсан байна.

Гэхдээ эдгээр бодисын аль нэгийг хэрэглэх нь заавал даралт ихсэх эсвэл зүрхний өвчин үүсгэнэ гэсэн үг биш юм. Учир нь уг судалгаа ажиглалтын шинжтэй байсан. Өөрөөр хэлбэл эрдэмтэд нөөшлөгч бодис болон эдгээр өвчин хоорондын статистик хамааралтай гэдгийг харуулсан болохоос бодис өөрөө эрсдэлийг шууд нэмэгдүүлдгийг нотлоогүй юм.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button