НИЙГЭМНийгэм мэдээ

Иргэд: "Шатахуун байхгүй, заяандаа гомд" гэж байна. Бензин авахыг "тэр өдрийн тэнгэр мэднэ" гэдэг нь болж

Сүүлийн хэд хоногоос нийслэлийн хэмжээнд ШТС-уудад дараалах машины тоо ихсэж, иргэд 2-3 цаг зогсож байж шатахуун авах болсон. Учир нь улсын хэмжээнд энгийн буюу АИ-92 автобензин өгч байгаа ШТС цөөн учир ирэлт их байгаа юм. Харин евро стандартын АИ-92 шатахуун харьцангуй дараалал бага хэвийн олгож байгаа ч иргэд хямд үнээс нь шалтгаалж энгийн АИ-92 автобензинд зогсох болсон.

Энэ талаар шатахуунд дараалж буй иргэдээс тодруулахад "Зарим ШТС-ууд "шатахуун байхгүй, дууссан заяандаа гомд" гээд хаалгаа хааж байна. Шатахуун авах гэдэг "тэр өдрийн тэнгэр мэднэ" гэдэг л боллоо. Ажлаа таслаад шатахуун хайж өглөөнөөс хойш явлаа. Авч чадах эсэхээ мэдэхгүй л зогсож байна. Евро АИ-92 шатахуун үнэтэй учраас хүмүүс хямд рүү нь л явна. Тиймээс энгийн АИ-92 шатахууны экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй" гэлээ.

Мөн иргэн "Манай дарга нар ард түмнээ колонк дээр "алалцуулаад" ар хударгаар нь хулгайгаа хийж байгаа биз. Өглөөнөөс хойш шатахуун хайж явсан машин бараг унтарлаа. Өвөл болохоор бүр "элгээрээ мөлхөх" нь ойлгомжтой байна" хэмээн ярив.

-ОХУ-аас үлдсэн 18 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн бүтээгдэхүүн орж ирэх тул цаашид тасалдал үүсэхгүй-

Өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамнаас шатахууны цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр "Сүүлийн үед ОХУ-ын дайны байдлаас шалтгаалж шатахуун ачих хэмжээ зарим өдөр багассан. Олон хоногийн турш нөөц харьцангуй хэвийн түвшинд байсан ч улсын хэмжээнд хангалттай өсөж чадахгүй байна. Тиймээс ачилтаа нэмэгдүүлэх хүсэлтийг ОХУ-д тавьсан. Захиалсан хэмжээ маань баталгаатай учраас санаа зовох зүйлгүй. Одоо 59, 64 вагоноор буюу бидний өдөр тутмын хэрэглээнээс нэг дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр ачилт гарч байгаа. Ингэснээр түгээлт хэвийн явах нөхцөл бүрдэнэ.

Улаанбаатар хотод Евро-5 стандартын бүтээгдэхүүнд оочер байхгүй. Евро-2 стандартын энгийн АИ-92 хямд учраас түүнд дараалал үүсэж байгаа юм. Тиймээс энгийн АИ-92 автобензиний татан авалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" хэмээн мэдэгдсэн.

Манайх Солонгос улсаас 2 мянган тонн дизель түлш татан аваад байгаа. Мөн БНХАУ-аас есдүгээр сард 18 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авахаар гэрээ хийж, баталгаажуулсан. Үүнээс Евро-5 стандартын 8 мянган тонн автобензин ачигдаж ирж байгаа аж.

Мөн салбарын яамнаас мэдээлэл өгөх үеэр "Нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд энэ жил 300 мянган шоо метр савны ажлыг эхлүүлсэн. Үүнээс 150 мянган шоо метрийг энэ онд ашиглалтад оруулна. Энэ долоо хоногт "Сан Петролиум" ХХК-ийн 16 мянган шоо метр сав ашиглалтад орох юм. Бид шатахуун импортолж, борлуулдаг жижиг компаниудыг бодлогын түвшинд дэмжиж байгаа. Энэ салбарт олон жил монополи тогтсон. Жижиг компаниуд өөрсдөө бүтээгдэхүүн оруулж ирж, борлуулж, Монгол Улсын шатахууны нөөцөд хувь нэмэр оруулах боломжийг олгох нь бидний зорилго" гэсэн юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button