Намрын амралтыг урлагаар чимье | Энэ амралтын өдрүүдэд хаашаа явах вэ?

Намрын сэрүүн салхи хацар илбэж, хотын гудамж шаргал навчаар хучигдах энэ өдрүүдэд амралтын хоёр өдөр айсуй. Танил гудамжаараа алхахын оронд шинэ ертөнцөөр аялж, хүүхдүүдтэйгээ инээд хөөр хуваалцаж, амьд хөгжмийн эгшигт уусаж, үндэсний урлагийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл Улаанбаатарт сонгох хөтөлбөр цөөнгүй байна.
Амралт гэдэг заавал холын замд гарахыг хэлэхгүй. Театрын тайзнаас үлгэрийн баатруудтай учрах, морин хуурын эгшигт сэтгэлээ амраах, галерейн бүтээлээс шинэ мэдрэмж олох, эсвэл шөнийн хотод жазз хөгжим сонсонгоо намрын үдшийг угтах ч өөрөө нэгэн аялал билээ. Тэгвэл аравдугаар сарын 10, 11-ний бямба, ням гарагт хаашаа явж, юу үзэж, юу мэдрэх вэ?
-Бяцхан үзэгчдийн ертөнцөд аялъя-
Хүүхдүүдийн хувьд амралтын хамгийн сайхан дурсамж заримдаа тайзан дээр амилсан үлгэрээс эхэлдэг. Өнгө өнгийн дүр, сонирхолтой үйл явдал, хүүхэлдэйн баатруудын адал явдал бяцхан үзэгчдийн төсөөллийг тэлж, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх цагийг илүү үнэ цэнтэй болгодог.
“Мөчрөн хуруут” хүүхэлдэйн жүжиг аравдугаар сарын 10, 11-нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт тоглогдох хөтөлбөрт багтжээ. Мөн аравдугаар сарын 10-ны 15:00 цагт “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжгийг үзэх боломжтой. Харин бага насны хүүхдүүдтэй гэр бүлүүд аравдугаар сарын 10-ны 13:00 цагт Улаанбаатар театрт тоглогдох “Сайн уу? ОЛМАССС” хүүхдийн жүжгийг сонгож болно.
-Үзэсгэлэнгийн танхимаас-
Энэ амралтын өдрүүдэд үзэж болох онцлох үзэсгэлэнгийн нэг бол “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” юм. Тус үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музей Ром хотын Боргезе галерейтай хамтран зохион байгуулж, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл дэлгэж байна.
Үзэсгэлэнгээс юу үзэх вэ?
1. Рафаэл Сантигийн “Хөрөг”
Рафаэл Санти нь Сэргэн мандалтын үеийн суут зураачдын нэг юм. Түүний бүтээлээс хүний төрх, сэтгэл хөдлөл, нэр төрийг хэрхэн дүрсэлснийг ажиглах боломжтой.
2. Бернинигийн “Нептун ба Тритон” бүтээл
Жиан Лоренцо Бернини бол Барокко урлагийн гол төлөөлөгч. Тус үзэсгэлэнд түүний “Нептун ба Тритон” гантиг баримлын жижиг хэмжээний хүрэл хувилбарыг толилуулж байна.
Яагаад үзэх хэрэгтэй вэ?
Хоёр өөр урлагийн урсгалын бүтээлээр хүний хүч чадал, сэтгэл хөдлөл, дотоод ертөнцийг хэрхэн ялгаатай илэрхийлдгийг харьцуулан үзэх боломжтой. Мөн музейгээс үзэсгэлэнтэй холбоотой “Дэлхийн сонгодог — Миний жаазанд” урлагийн боловсролын хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Өмнө нь Европын сонгодог урлагийг биечлэн үзэж байгаагүй бол энэ амралтын өдрүүдэд очиж үзэхэд тохиромжтой сонголт юм.
-Морин хуурын эгшиг, үндэсний урлагийн аялгуу-
Монголын урлагийн онцлог, өв соёлыг тайзнаас мэдрэхийг хүсвэл энэ амралтын өдрүүдэд үндэсний урлагийн тоглолт үзэх сонголт бий. Аравдугаар сарын 10-ны 15:00 цагт Palazzo Tower-т “HORSE HEAD FIDDLE” ардын урлагийн тоглолт болно. Морин хуурын аялгуу, үндэсний урлагийн өнгө төрхийг мэдрэхийг хүссэн үзэгчдэд зориулсан энэ хөтөлбөрийг амралтын өдрийн төлөвлөгөөндөө багтааж болно. Мөн аравдугаар сарын 10, 11-нд Зам, тээврийн яамны Их нүүдэл танхимд “Монголын гайхамшигт урлаг” тоглолт зохион байгуулагдахаар зарлагджээ.
-Жаззын хэмнэлд намрын үдшийг угтъя-
Өдөржин хотын хөл хөдөлгөөнөөс холдож, оройг амьд хөгжмийн аялгуунд өнгөрүүлэхийг хүсвэл жазз хөгжим сонгоорой. Аравдугаар сарын 10-ны 21:00 цагт Fat Cat Jazz Club-д Boroo’s Band хамтлагийн Live Jazz тоглолт болно.
Тасалбарын үнэ 30,000 төгрөгөөр зарлагдсан байна. Харин ням гарагт буюу аравдугаар сарын 11-ний 21:00 цагт Lucas Fixel Quartet хамтлагийн Live Jazz тоглолт 40 мянган төгрөгийн тасалбартайгаар товлогджээ. Жазз хөгжимд үгнээс илүү аялгуу ярьдаг. Тиймээс энэ удаа урт яриа, завгүй ажлаа түр хойш тавиад, хөгжмийн эгшигт намрын үдшийг өөртөө зориулж болно.
Музей, галерейгаар аялах нь хотын соёлын орчныг өөр өнцгөөс харах боломж юм. Богд хааны ордон музейд аравдугаар сарын 9–11-нд зохион байгуулагдах “Хаан ордны намар” арга хэмжээг сонирхоорой.
Энэ хүрээнд “Монголын их хүрээ хийдүүд” тусгай үзэсгэлэнг аравдугаар сарын 26-ныг хүртэл үзэх боломжтой. Музейн мэдээллээр нээлттэй өдрүүдэд насанд хүрэгчид, оюутнууд хоёр хүн нэг тасалбараар нэвтрэх урамшуулалтай бөгөөд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр зарлажээ. Арга хэмжээ есөн цагаас арван найман цагийн хооронд үргэлжлэх хуваарьтай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.