
Таван жил дараалан дэлхийн аваргын дэвжээнд жингийнхээ шилдгүүдтэй тулж, дөрвөн удаа медалийн төлөө шалгарч гурван удаа дэлхийн медаль зүүсэн түүхэн амжилтын эзэн бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат МУГТ Л.Энхрийлэн. Эмээ нь тэтгэврийн зээл авч жүдогийн кимоно авч өгөн тэмцээнд явуулж байсан эмээгийн энхрий охин Л.Энхрийлэн хоёр өөр жинд дэлхийн аваргын медаль хүртсэн анхны тамирчин боллоо.
Мөн тэрбээр Монголын эмэгтэй жүдочдоос дэлхийн аваргаас гурав болон түүнээс олон медаль зүүсэн гурав дахь тамирчин гэж дуудуулах нь. Түүний амжилтаас дурдвал,
- 2020 оны Узбекистанын дэлхийн аваргын хүрэл медаль,
- 2023 оны Катарын дэлхийн аваргын хүрэл,
- энэ сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд зохиогдсон Азербайжан улсын Баку хотод болсон 39 дэх удаагийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж ДАШТ-нээс гурав болон түүнээс их медаль хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй жүдогийн тамирчин болж байна.
17 арай хүрээгүй охин "Чингис хаан Гран при" тэмцээнд түрүүлж, Монголын жүдогийн "томчуудын" дунд нэрээ цуурайтуулж байв. Гэвч түүний амжилтын зам үргэлж дардан байсангүй. Бэртэл түүнийг тойрч биш дайрч гарсан. Өвдөгний чагтан холбоосоо таслуулчихаад, “Чи ахиж барилдахгүй” гэх эмчийн үг түүнд сайхан сонсогдоогүй нь ойлгомжтой. Гэхдээ тэр бэрхшээлийг даван гарч түүхэн амжилт үзүүлж чадлаа.
Түүнд тэтгэврийн зээлээр жүдогийн комино авч өгөн гадаад руу тэмцээнд явуулсан эмээ, олон ялагдлын ард хамт нулимс дуслуулсан багш нар, шигшээ багийн ах дүүс нь байв. 1998 онд төрсөн өдгөө 27 настай түүнд олимпын дэвжээ ойрхон байна.
- Доха-2023 — /-57 кг/, шилдэг 4
- Абу Даби-2024 — /-57 кг/, шилдэг 8
- Будапешт-2025 — /-63 кг/, шилдэг 8 энэ бол Л.Энхрийлэнгийн дэлхийн аваргын амжилтууд. Үүн дээр мэдээж түүний гурван медаль бичигдэнэ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.