“Спортын алдартан-Бидний бахархал” уулзалт налайх дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Үндэсний Олимпын Хорооноос хүүхэд, залуучуудад спорт, олимпизмыг сурталчлах, олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, эх орныхоо алдарт тамирчдаар бахархах, тэднээс үлгэр дуурайлал авах үзэл санааг төлөвшүүлэх зорилготой “Спортын алдартан – бидний бахархал” уулзалт, ярилцлагыг Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад Монголын спортын нэрт тамирчид оролцож, спортын замнал, гаргасан амжилт, туулж өнгөрүүлсэн сорилт бэрхшээл, үнэт туршлагаасаа сурагчид, хүүхэд багачуудтай хуваалцаж, тэдэнд урам зориг өгсөн юм.
Энэ удаагийн уулзалтад:
- Б.Болортуяа – Чөлөөт бөхийн ОУХМ, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт;
- А.Адъяасүрэн – Жүдо бөхийн тамирчин, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын мөнгөн медальт;
- К.Ёолк– Жүдо бөхийн тамирчин, “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын алтан медальт, “Будапешт-2025” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт нар оролцлоо.
Уулзалтыг чөлөөт бөхийн ОУХМ, “Сингапур-2010” залуучуудын олимпын наадмын алтан медальт Б.Батцэцэг хөтлөн явуулж, тамирчид болон сурагчдын хооронд нээлттэй, сонирхолтой ярилцлага өрнүүлэв.
Тамирчид спортын өндөр амжилтад хүрэхэд авьяас чадвараас гадна тууштай хөдөлмөр, сахилга бат, тэсвэр хатуужил, зорилго тэмүүлэл чухал болохыг онцолж, өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, бэрхшээлийг даван туулахын үнэ цэнийн талаар сурагчдад захилаа.

Мөн сурагчид өөрсдийн сонирхсон асуултаа тамирчдаас асууж, тэдний амжилтын түүх, спортын замнал, амьдралын туршлагаас суралцах, өөртөө итгэх итгэл, урам зориг авах сайхан боломж бүрдсэн юм.
Спортын алдартнууд бол хүүхэд, залуучуудын үлгэр дуурайлал, эх орныхоо бахархал билээ. МYOX-ноос олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэхэд уриалах, олимпын үнэт зүйлсийг төлөвшүүлэх чиглэлээр энэхүү уулзалт, ярилцлагыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулна.




















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.