Ээжийгээ унтаж байхад нь 12 удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ
Шүүгдэгч Б гэх эрэгтэй ээжийгээ унтаж байх үед нь хүзүүнд нь зургаан удаа, цээжний зүүн хэсэгт зургаан удаа буюу нийт 12 удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2024 оны 11 сард гарчээ. Тус хэрэгтэнд шүүхээс 14 жилийн ял оноосон байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийг шүүхээр шийдвэрлэсэн процессыг тоймлон хүргэж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн 05:00 цагийн үед “сэтгэл санаа таагүй, цаашид амьдрах хүсэлгүй болсон” гэх шалтгаанаар төрсөн эхийгээ хутгалж хөнөөжээ. Хэргийн зүйлчлэлд бичигдсэнээр цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушги, зүрхний баруун тосгуур, зүүн ховдлыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндий дэх цус хуралт бүхий гэмтэл учруулж, аминд нь хүрсэн хэрэгт холбогдсон байна.
Хохирогчийн төлөөлөгч “Манай гэр бүл тавуулаа байсан. сая хэллээ өвөө, эмээ нь өсгөсөн. Миний төрөн эгч олон жил Солонгост ажилласан. Би өөрөө Америкт сурч байсан. Өвөө, эмээ нь өсгөсөн. Дөрвөн том хүний дунд ганц жоохон хүүхэд байсан учраас хүүхдийнхээ хувьд ганцаараа өссөн. ээждээ маш их хайртай. Ээж нь сургууль соёлтой, эрдэм боловсролтой бүх зүйлээ зарцуулсан. Гэхдээ том хүмүүсийн харилцаа жоохон хүүхдээс хол хөндий байдаг юм байна даа гэж бодож байна. Аав маань 2015 онд нас барсан. Эмээ нь 72 настай хөгшин хүн байгаа.
Хоёр хөл нь муу явж чадахгүй хагалгааны заалттай. Хүү минь хэзээ гарч ирээд эмээгээ үүрээд явах бол гэж байнга асуудаг. Миний хувьд ээж, гэсэн хоёрхон хүн л байна. Би анх энэ хэрэг гарсны дараа яагаад ч ийм зүйл хийхгүй өөр хүн байгаа байх гэж бодоод байсан. Ерөөсөө ийм зүйл болно гэж бодоогүй. Үнэхээр итгээгүй. Эхний хэдэн сар ерөөсөө уулзаж чадаагүй.
Одоо энэ хүүхдэд өндөр настай эмээ бид хоёр л байна. Манай гэрт өөр ямар ч хүн байхгүй их цөөхүүлээ байдаг. Цаашдаа яаж амьдрах юм бэ яаж хүүгээ хүлээх юм бэ, ийм залуу насандаа ийм муухай хэрэг хийлээ. Хүмүүжихэд нь боломж олгооч гэж шүүхээс хүсэж байна" хэмээн мэдүүлсэн байна.
Харин шүүгдэгч мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэж хэлээд нэмж мэдүүлэх зүйлгүй гэжээ.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н 14 жил хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ээжийгээ шоронд өстэй дийлдэхгүй хулгайч алж бга юм шиг унтаж бхад нь хутгалаал энэ баатарлаг зүйл үү зүгээр л тусдаа байх асрамжийн газар өгөх өөрөө холдох гд зөндөө аргууд бна