Гадаад мэдээДЭЛХИЙ

A$AP Rocky: Найман жилийн дараа эргэн ирсэн бүтээлээрээ Грэмми заавал авна

Рэппер A$AP Rocky найман жил уран бүтээл гаргалгүй завсарлага авсны дараа энэ оны нэгдүгээр сард "Don't Be Dumb" цомгоо гарган эргэн эрэлт хийсэн. Тэрбээр мөн аялан тоглож байгаа юм. A$AP Rocky "Rolling Stone" сэтгүүлтэй хийсэн ярилцлагыг орчуулж хүргэе. Тэрбээр тус ярилцлагадаа цомгийн хоёрдугаар хэсгийн талаар ярьж эргэн ирэлт хийсэн сэтгэгдлээ хуваалцжээ.

Та аялан тоглолтоороо олон улсад нийт 50 гаруй удаа дуулж, тоглолт үргэлжилсээр байна. Тоглолтууд  хугацаа ямаршуу өнгөрч байна вэ?

Аялан тоглолтоо хийнэ гэдэг үнэхээр аз завшаан юм. Үзэгчдийнхээ насны хүрээг хэлбэл 11 настай хүүхдүүдээс эхлээд 60 гаруй насныхан хүртэл байна. Бүр 70 орчим настай үзэгчидтэй ч таарлаа. Тэд бүгдээрээ л тоглолт дээр дүү эсвэл ах эгч нараа дагуулж ирэх жишээтэй. Тоглолтийн үеэр өөр хүрээллийн олон хүнтэй уулзаж, дотносож чадлаа. Үнэнч фэнүүдтэйгээ дахин уулзаж, шинэ хүмүүстэй танилцах үнэхээр сайхан байна. Энэ бүхэн жинхэнэ ерөөл шиг санагддаг.

Та гэрээ санаж байна гэж ярьсан. Гэтэл саяхан арванхоёрдугаар сард дахин хэд хэдэн тоглолт хийхээр болсноо зарласныг тань харлаа.

Гурав дахь удаагаа хийвэл амжилт олно гэдэг дээ. Бид дахиад галзуу тоглолт хиймээр байна. Галзуу тоглолтыг хийхээс өөр арга алга. Үнэхээр гайхалтай болно.

Та үснийхээ өнгийг бага зэрэг өөрчилснийг анзаарлаа. Яагаад улаан өнгө сонгосон юм бэ?

Дараагийн бүлэгт зориулсан өөрчлөлт.

Дараагийн бүлэг гэдэг нь “Don’t Be Dumb” цомгийн хоёрдугаар хэсэг гэсэн үг үү?

Үгүй ээ, хоёрдугаар хэсэг одоо гарна. Би баасан гарагт нэг зүйл гаргах гэж байгаа. Харин хоёрдугаар хэсэг тун удахгүй цацагдана. “Don’t Be Dumb” цомгийн үргэлжлэл. Дараагийн бүлгийн талаар гэвэл, одоохондоо хэтэрхий холын юм яримааргүй байна. Гэхдээ Дензел, Спайк Ли нараас санаа авч хийж байгаа. Ялангуяа Malcolm X киноноос авсан юм.

Зургийн эх сурвалж: The Perfect Magazine

Би өөрөө Мемфис хотоос гаралтай болохоор нэг зүйл асуумаар байна. “Don’t Be Dumb” цомгийн “Stop Snitchin’” дууны продюсероор ажилласан Мемфисийн уран бүтээлч Hitkidd цомгийн хоёрдугаар хэсэгт оролцох уу?

Мэдээж хоёрдугаар хэсэг дээр Hitkidd ажилласан. Дараагийн бүлгүүдэд ч Хиткидд оролцоно. Үнэнийг хэлэхэд Мемфис хот миний ДНХ-д шингэсэн. Мемфис, Техас, ер нь Америкийн өмнөд нутгийн underground хөгжмийн урсгал, chopped and screwed хэв маяг, buck төрлийн хөгжмийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлсэн хүн нь би шүү дээ. Би энэ хөгжмийг үнэхээр судалж, суралцаж ирсэн хүн. Би өөрөө ч энэ урсгалын үнэнч сонсогч. “DJ Spanish Fly” бас “Tommy Wright”-д их дуртай. Энэ хүмүүс миний нэг хэсэг болсон хүмүүс. Америкийн аль ч бүс нутгийн хөгжмийн тухай ярихад бүх зүйл Мемфисээс эхэлж, дараа нь Техас руу, тэндээсээ Баруун дунд бүс рүү, дараа нь Нью-Йорк руу, эцэст нь Баруун эрэгт хүрдэг.

Та энэ жил АНУ, Европын олон орноор аялан тоглолоо. Үзэгчдийн уур амьсгал, эрч хүчээрээ хамгийн онцгой санагдсан хот эсвэл улс бий юү?

Парис хот. Үргэлж мөрөөддөг байсан нэг зүйлээ Парист бодитоор хэрэгжүүлсэн. Бид загварын шоунд хамгийн олон хүн оролцсон үзүүлэлтээр Гиннесийн дээд амжилтыг эвдсэн шүү дээ. Амжилт эвдсэндээ үнэхээр их бахархсан. Ээж минь, хүүхдүүд минь, гэр бүлийнхэн маань бүгд тэнд байсан. Ирнэ гэж огт төсөөлөөгүй хүмүүс ч хүрэлцэн ирсэн байлаа. Тэд ирэхийг нь мэдсэн бол бага зэрэг сандрах байсан байх. Ээж минь яг миний дэргэд сууж байсан шүү дээ, ойлгож байна уу? Хүүхдүүд маань ч тэнд байсан.

Аялан тоглолтын бас нэг онцлох мөч нь Копенхагенд хүүгээ тайзан дээр гаргасан явдал байлаа. Хүү нь таныг ажиллаж байхыг харж, үзэгчдийн гал цогтой уур амьсгалыг мэдрэх ямар байв?

Хөөрхөн шүү, миний хүү. Бяцхан Хүн-аалз минь. Хүү маань иймэрхүү зүйлд оролцохдоо үргэлж бэлэн байдаг. Ах, эгч, дүү нарынхаа дундаас хамгийн нийтэч нь. Бас хамгийн хүчирхэг зан төлөвтэй нь гэж би боддог. Риот их сониуч. Надаас “Аав аа, та дуулдаг юм уу?” гэж асууна.

Хүү маань нэг их ичимхий биш болохоор иймээс тайзан дээр гаргах үнэхээр сайхан байлаа. Гэхдээ толгойд минь эргэлдээд байсан хамгийн инээдтэй бодол гэвэл, найман жил завсарлага авсныхаа дараа эргэж ирээд тоглолтуудаа хийж байгаа шүү дээ. Хүүхдүүд маань аавыгаа тайзан дээр анх удаа харж байна. Гэтэл надад “Ээжийгээ харахаараа яах бол. Ээж нь хэн бэ гэдгийг нь ойлгох цаг ирэхээр яах бол” гэж бодогдоод байсан. Тэр үед ёстой инээд юм болно доо.

Ээжийгээ хэн гэдгийг мэдэх үе ч үнэхээр хөгжилтэй байх нь ээ. Грэммийн шагнал гардуулах улирал дөхөж байна. “Don’t Be Dumb” цомог ямар шагналд өрсөлдөх бол?

Заавал нэг шагнал аваад харих хэрэгтэй гэж санагдаж байна. Би энэ цомогт хөлс хүч, сэтгэл зүрхээ зориулсан. Найман жил завсарласны дараа эргэн ирлээ. Энэ жил бид үнэхээр том амжилт гаргана гэдэгт итгэлтэй, өөрийгөө азтай байх болно гэж бодож байна. Грэммийг тэсэн ядан хүлээж байгаа.

Ийм том тоглолт хийж, завсарлагаанаас эргэн ирээд хүмүүсийн сэтгэлд хүрсэн, орчныг доргиосон уран бүтээл хийж, нөлөөгөө хадгалж чадлаа. Яг л огт завсарлага аваагүй юм шиг. Энэ нь надад үнэхээр таалагдаж байгаа.

Зургийн эх сурвалж: Billboard

Саяхан та “Quavo”, “Tyler, the Creator” болон “Pharrell” нартай хамтарсан “Baby Breath” дуунд оролцсон. “Quavo” “VIBE” сэтгүүлд ярилцлага өгөхдөө та нар бие биеэсээ илүү гарахын тулд бадгуудаа дахин дахин бичиж байсан гэж хэлсэн.

“Quavo” бидэнтэй өрсөлдөх гэж байсан эсэхийг би мэдэхгүй юм. Харин “Tyler” бид хоёр ёстой галзуурсан. Бид хоёр уран бүтээл дээр ажиллахдаа зүгээр л хөгжилдөж байлаа. Харин Pharrell бол жинхэнэ ахмад гэж хэлж болохоор, домог болсон хүн. Түүнтэй ажиллах боломжийг алдаж болохгүй.

Үнэнийг хэлэхэд, P тэр дуугаа надад өгчихсөн болоосой гэж бодсон шүү. Тэгсэн бол би клипийг нь хийгээд, бусад бүх ажлыг нь ч амжуулах байлаа. Гэхдээ “Quavo”-д баяр хүргэе. Хамтран ажиллаж, уран бүтээлд оролцсон нь үнэхээр сайхан туршлага болсон. “Migos” хамтлагт ч мэнд хүргэе. “Rocket” амгалан тайван нойрсог.

За, хамгийн сүүлийн асуулт. Фэнүүддээ нэг зүйл амлаад өгөөч. Хоёрдугаар хэсгийн талаар баттай хэлж чадах зүйл юу байна?

Цомгийн хоёрдугаар хэсэг удахгүй гарна, ASAP. Сүүлийн найман жилийн маань бүх туршлага шингэсэн бүтээл. Цомог клип, дүрс бичлэгүүдтэй гарна. Ингээд уран бүтээлийнхээ нэгэн бүлгийг хааж, дараагийн бүлэг рүүгээ шилжинэ дээ.

Эх сурвалж: Rolling Stone

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button