Г.Нямдаваа аав, ээжийнхээ мөнгөн хуримыг Хайнань аралд тэмдэглэжээ

Өмнөговь аймгийн Манлай сумын тэмээчин охин Г.Нямдаваа малчин аав, ээжийнхээ мөнгөн хуримыг БНХАУ-ын Хайнань аралд тэмдэглэж, гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр хөдөө нутгийн амьдрал, тэмээ маллах ахуйгаа харуулсан бичлэгүүдээрээ цахим орчинд танигдсан юм. Г.Нямдаваа аав, ээжийнхээ хөдөлмөр, хөдөөгийн амьдралын онцлогийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ өөрийг нь өсгөж, хүмүүжүүлсэн эцэг, эхдээ талархаж явдгаа илэрхийлсээр ирсэн билээ.
Тэрбээр “Tonight Show” нэвтрүүлэгт оролцох үеэрээ аав, ээжийнхээ тухай ярьж, аавыгаа зөв хүн гэж боддог учраас “Аав шигээ л хүнтэй сууна” хэмээн ярьж байсан юм. Түүний хэлснээр, аав нь бусдын дунд ч, гэр бүлдээ ч хүндлэгддэг бөгөөд өөрийнх нь алдаа, асуудлыг тайван ярилцаж, зөвөөр ойлгуулж чаддаг хүн аж. Харин ээжийгээ өөрийнх нь хамгийн том нөлөөлөгч хэмээн тодорхойлсон байна. Г.Нямдаваа багадаа хөдөөгийн ажлыг тийм ч хүнд гэж боддоггүй байсан ч долоодугаар ангид байхдаа аав, ээждээ туслан малчны амьдралын ачааллыг илүү сайн ойлгожээ. Улмаар ээж нь зүрхний хагалгаанд орсон үед аавтайгаа хоёулхнаа хэд хоног байхдаа амьдралын бодит үнэ цэнийг мэдэрсэн тухайгаа хуваалцаж байсан. Малчин аав, ээжийнхээ өдөр тутмын хөдөлмөрийг багаасаа харж өссөн тэрбээр тэднийхээ мөнгөн хуримыг ийнхүү аялал болгон тэмдэглэж, хамтдаа дурсамж бүтээжээ.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.