З.Мэндсайхан: Ерөнхийлөгч үүрэг чиглэл өгөөгүй, байр сууриа илэрхийлсэн. ЗГ хүлээж авахгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудан уулзаж, Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд тараах нь зөв гэх байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр Сангийн сайд З.Мэндсайхан “Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахгүй" гэлээ.
Тухайлбал, "Засгийн газрын байр суурь маш тодорхой байсан. Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгийн 3 их наядын 2 их наядыг хөрөнгө оруулалтад, 1 их наядыг хуримтлалын санд хийе гэж хуулийн төслөө оруулж ирсэн. Гэвч иргэдийн зүгээс ногдол ашгаа хуримтлалын сандаа авъя гэсэн учир бид хуулийн төслөө эргүүлэн татсан.
Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар байр суурийг нь хүндэтгэж байгаа. Гэхдээ Засгийн газрын байр суурь маш тодорхой буюу одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийнхаа дагуу ногдол ашгаа хуримтлалын санд байршуулна.
-Та өчигдөр хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүслээ гэж ярьсан байсан.
-Хэрэв ногдол ашгийг иргэдийн дансанд олговол хууль өөрчлөх шаардлага үүснэ гэж хэлсэн. Засгийн газар хууль санаачлахгүй. Энэ эрх УИХ-д бий.
-Бэлэн мөнгө тараах нь инфляцыг өдөөж, үнийн өсөлтийг хөөргөдөг. Хэрэв 3 их наядыг тэр чигт нь зах зээлд гаргах юм бол эдийн засагт ямар өөрчлөлт гарах бол. Тооцоолол хийсэн үү?
-Засгийн газар иргэдийнхээ орлогыг хамгаалах зорилгоор 2026 оны төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр нэмсэн. Одоо инфляц бүрдүүлэх зорилгоор нөөц бүрдүүлээд явж байгаа. 3 их наядыг бэлнээр тараах ойлголтыг Сангийн сайдын хувьд дэмжихгүй. Эдийн засаг элгээрээ хэвтэж, инфляц 2-3 хувиар шууд өснө. Иргэдэд тараасан нь зөв гэх байр суурь иргэдийн дунд ч гишүүдийн дунд ч яригдаж байна. Гэхдээ бид эцэстээ улс орон, ард түмнийхээ ирээдүйг бодох ёстой. Эдийн засгаа элгээр нь хэвтүүлж болохгүй.
Ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар үүрэг чиглэл өгөөгүй. Зүгээр л байр сууриа илэрхийлсэн. Ногдол ашгаа олж ирэхээр бид ажиллаж байна. Бусад нь зарахын тухай ярьж байгаа" гэв.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас ч гэж яахав ээ. Толгой нь хамуураагүй л байгаа юм бна
өөрийнх нь яриа унах гэж байгаа учир энэ сайд тан ингэж дүвчигнэж байна.
Ха ха харья даа ....