ЭДИЙН ЗАСАГ

Монголбанкны ₮6.9 их наядын алдагдлыг ЗГ бонд гаргахаас өөрөөр барагдуулах арга бий юу

Монголбанк өөрийн хуримтлагдсан алдагдлын нэг хэсгийг Засгийн газрын бонд гаргаж барагдуулах саналыг 2027 оны төсөвт оруулж ирлээ. Алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний 1-1.5 их наядыг бондоор төлүүлэхээр тусгасан байна. Гэвч Сангийн сайд З.Мэндсайхан "Монголбанк алдагдлаа бонд гаргуулаад хаана гэж байгаа. Хийсэн алдаагаа Засгийн газраар үүрүүлэх гэж байна. Мөнгөний бодлогоороо шийдэх ёстой" хэмээсэн юм.

Харин Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт "Монголбанкны алдагдлыг Засгийн газрын тусгай бонд гаргаж шийддэг нь олон улсын практик. ОУВС ч ингэж зөвлөдөг" хэмээгээд буй.

Алдагдал хаанаас үүссэн бэ?

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар "Алдагдал нь 2012 оноос хойш хуримтлагдсан бөгөөд 6.9 их наяд төгрөг байгаа. Хуулиараа энэ алдагдлыг Засгийн газар бонд гаргаж барагдуулах зохицуулалттай. Яагаад хуримтлагдсан бэ гэдэг асуултын тухайд, үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нөлөөлсөн. Ипотекийн зээлийн санхүүжилт, тэтгэврийн зээлийг тэглэсэн, БНХАУ-тай хийсэн своп хэлцэл гэх мэтийг дурдаж болно. Энэ алдагдлыг хуулийн хүрээнд барагдуулах санал оруулсан. Сангийн сайд өчигдөр энэ талаар дуугарч байна лээ” хэмээн хариулав.

Засгийн газар бонд гаргахаас өөрөөр алдагдлаа нөхөх арга бий юу?

Ирээдүйн ашгаар нөхөх. Монголбанк ашгаа төсөвт шилжүүлэхгүй, алдагдал барагдтал хуримтлуулна. Гэвч банк одоо ашиг биш, алдагдал гаргаж байна. Зөвхөн Төв банкны үнэт цаасны хүү 2018 оноос хойш жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 1 орчим хувьтай тэнцэж байна. Ашиг гаргах гэж бодлогын хүүг бууруулах сонирхол үүсвэл инфляцтай тэмцэхэд шууд саад болно.

Төсвөөс бэлэн мөнгө өгөх, Засгийн газрын өрийг барагдуулах. С.Наранцогтын хэлснээр Засгийн газрын Монголбанкинд төлөх өр 1.5 их наядад хүрсэн. Үүнийг төлөхөд бонд шаардлагагүй ч дутагдлын гуравны нэг орчмыг л нөхнө. Төсөв алдагдалтай байгаа үед бэлэн мөнгө олдохгүй. Эцэстээ бусад зардлыг танах эсвэл дахин зээл авахаас өөр аргагүй болно.

Төрийн өмч шилжүүлэх (төрийн өмчит компанийн хувьцаа, газар, авлага). Ийм хөрөнгө хүүгийн орлого өгөхгүй, хөрвөх чадвар муу, үнэлгээ нь маргаантай. Хүүгийн зардлаас үүссэн алдагдлыг хүүгийн орлогогүй хөрөнгөөр нөхвөл алдагдал дахин хуримтлагдана. Төв банк компанийн хувьцаа эзэмшигч болвол ашиг сонирхлын зөрчил ч үүснэ.

Энэ эрчээрээ үргэлжлүүлэн ажиллах. Төв банк өөрийн мөнгөн тэмдэгтээр төлбөр хийдэг тул дампуурахгүй. Чех, Чилийн төв банк олон жил ингэж ажилласан. Харин тэдгээр улсад инфляц бага, төв банкны итгэл үнэмшил өндөр байсан. Монголд сүүлийн 15 жилд инфляц зорилтот түвшиндээ ердөө тавхан удаа орсон гэж С.Наранцогт хэлсэн. Хүүгийн зардлыг шинээр гаргасан төгрөгөөр төлөх тусам мөнгөний нийлүүлэлт өсч, үнэ болон ханшид дарамт болно. Ингэвэл алдагдлыг татвар төлөгч биш, үнийн өсөлтөөр бүх иргэн төлнө. Энэ замаар явбал зардал 2–3 дахин томрох эрсдэлтэй гэж С.Наранцогт сануулсан.

Алдагдлын эх үүсвэрийг таслахгүй бол аль хувилбарыг сонгосон ч алдагдал дахин хуримтлагдана. Монголбанк өөрөө төсвийн шинжтэй хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх, своп хэлцлээс үе шаттай гарах, Төв банкны тухай хуулийг өөрчлөхийг санал болгожээ. Олон улсын валютын сан ч 2025 оны дүгнэлтдээ Монголбанкны төсвийн шинжтэй үйл ажиллагааг зогсоож, хуулийг шинэчлэхийг зөвлөсөн. Дутагдал нөхөгдөөгүй хугацаанд Монголбанк бодлогын хүүг өсгөх бүрдээ өөрийн зардлаа нэмэгдүүлнэ. Мөн хөрөнгөжилтийг Засгийн газраас хүлээж буй учраас улс төрийн дарамтад өртөмтгий болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголбанкны бие даасан байдлыг алдагдуулж, алдагдал хүлээхэд хүргэж ирсэн төр, засгийн албан тушаалтнуудад харицлага хүлээлгэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button