Д.Өнөрбат: agaar.gov.mn цахим хуудсаас Улаанбаатар хот, 21 аймгийн агаарын чанарыг бодит цагийн горимоор харах боломжтой

БНСУ-ын 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2023-2026 онд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд мэдээллийн технологид суурилсан агаарын чанарыг хянах автомат станц суурилуулах” төслийн хүрээнд 2026 онд Улаанбаатар хотод агаарын чанарыг хянах автомат гурван станц, 21 аймгийн төвд тус бүр нэг станц буюу нийт 24 станц суурилуулжээ.
Шинээр суурилуулсан станцуудыг Баянзүрх дүүргийн Шинэ 100 айл, Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын эцэс, Сонгинохайрхан дүүргийн Таван шар орчимд байршуулсан аж. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын чанарыг нийт 22 байршилд хянах боломж бүрдсэн байна. Станцуудаар агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM10, PM2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл болон озоны агууламжийг хэмжих юм.
Мөн агаарын чанарын мэдээлэл түгээдэг хуучин agaar.mn сайтыг шинэчилж, agaar.gov.mn цахим хуудсыг шинээр ашиглалтад оруулжээ. Шинэчлэгдсэн сайтын онцлогийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбатаас тодруулахад “Шинэ сайтаар Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн агаарын чанарын үзүүлэлтийг бодит цагийн горимоор харахаас гадна ирэх 72 цагийн агаарын бохирдлын урьдчилсан төлөвтэй танилцах боломжтой болсон” хэмээн хэллээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.