
БНХАУ-д хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөсөн Даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ий үндсэн төрөлд Монголоос 60 гаруй тамирчин оролцож, дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа тав дахь жилдээ дараалан тэргүүлээд эх орондоо ирлээ.
Үндсэн буюу классик төрөлд нэг тоглолт тав, зургаан цаг үргэлжилдэг бөгөөд энэ төрөлд Увс аймгийн Нэгдүгээр сургуулийн сурагчид болох Дэлхийн даамын мастер Ц.Шинэбаян 14-16 нас, Дэлхийн даамын дэд мастер Б.Маргад-Эрдэнэ 11-13 насны ангилалд түрүүлсэн юм. Аваргын цом хүртсэн хоёр тамирчин болон тэдний дасгалжуулагч Т.Батбаяр нарыг Улаанбаатарт дөнгөж аяны дөрөө мулталж, нутаг буцахын даваан дээр нь амжиж уулзан, ялалтын мөч, бэлтгэл сургуулилалт, оюуны спортын хөгжлийн талаар ярилцлаа.
-Юуны өмнө Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн Та бүхэнд халуун баяр хүргэе. Та хоёр одоогоор хэчнээн тэмцээнд амжилттай оролцоод байна вэ?
Дасгалжуулагч: -Их баярлалаа. Монгол Улсад даамын спорт хөгжиж эхлээд 60 орчим жил болж байна. Манай даамчид сүүлийн таван жил өсвөр, залуучуудын ДАШТ-д дандаа түрүүлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд манайхан маш идэвхтэй хичээллэж байгаагаас Увс аймгийн даамчдын бэлтгэл сургуулилалт жигдэрсэн. Бид багаараа хамтарч, үр дүнтэй ажилласны дүнд манай тамирчид энэ жилийн тэмцээнд насны ангилал бүрдээ аварга болж, цол хүртэцгээд ганзага дүүрэн ирлээ.
Ц.Шинэбаян: -Миний хувьд Азийн аваргад нэг түрүүлж, бас хоёр удаа мөнгөн медаль авсан. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад IV байрт ороод харамсаж байсан ч энэ жил харин классик буюу хамгийн урт үргэлжилдэг, хамгийн хүнд төрөлд 14-16 насны ангилалд түрүүлсэндээ сэтгэл хангалуун байна.
Б.Маргад-Эрдэнэ: -Би даамаар таван настайгаасаа хичээллэж байна. Бага ангид байхдаа түр завсарлаад, дунд ангиасаа тасралтгүй хичээллэсэн. 2023 онд дэлхийн аваргад оролцоод сүүлийн өдөр нь хожигдож V байрт орсон. Түүнээс хойш хичээсээр энэ жил 11-13 насны ангилалд Азийн аваргаас мөнгөн медаль авч, бас дэлхийн аварга боллоо.
-Т.Батбаяр дасгалжуулагчийн хувьд хэдэн жил даамын дасгалжуулагчаар ажиллаж байна вэ?
Дасгалжуулагч: -Би математикийн багш мэргэжилтэй. Энэ Маргад-Эрдэнэ миний хүү байгаа юм. Түүнийг таван настайгаас нь хойш тэмцээн уралдаанд дагуулж явсан. Хажуугаар нь өөрөө бас хичээллээд, 2023 онд дэд мастер цол хүртсэн. Түүнээс хойш шавь нараа дэмжиж, хамтран ажилласаар ирлээ. Хэдэн жилийн өмнөөс Увс аймгийн Даамын холбоог удирдаж байна. Түүнээс хойш хүүхдүүдийн дунд чансаатай тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулдаг болсон. Манай багш, дасгалжуулагчдын тухайд Ж.Цэгмид багш Ц.Шинэбаян, Б.Маргад-Эрдэнэ нарыг 10 хүртэлх насанд нь бэлдсэн. Түүнээс хойш дэлхийн даамын мастер цолтой Ц.Улаанхүү багш бэлтгэл сургуулилалтыг нь хангаж, ийм өндөр формд хүргэсэн. Энэ жил багшийн чиглүүлэг 10 орчим хувь байсан бол үлдсэн 90 хувьд нь бид хүүхдүүдийг орчин нөхцөлөөр нь хангаж өгөөд, хажуугаас нь хяналт тавьсан. Хүүхдүүд маань өөрсдөө нэлээд бие дааж ажилласны үр дүн гарч байгаа юм.

Дасгалжуулагч Т.Батбаяр
-Хүүхдүүдийг бэлтгэл хийх орчин нөхцөлөөр нь хангасан гэлээ. Бэлтгэлийн байрыг хаанаас гаргав. Ер нь оюуны спортын дэмжлэг хэр байдаг вэ?
Дасгалжуулагч: -Байрны хувьд бид өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаад сургалтын төв гэх мэт байруудыг ашигладаг. Оюуны спортыг орон нутгийнхан боломжоороо дэмждэг. Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас хүүхдүүдийг тодорхой хэмжээнд урамшуулж, дэмждэг юм. Үүнээс гадна Биеийн тамир, спортын газар, Увс аймгийн Даамын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, даамчин хүүхдүүдийн эцэг эхчүүд гээд биднийг ДАШТ-д оролцоход тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүмүүстээ баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.
-Тив, дэлхийн тэмцээнд түрүүлээд ирэхэд улсаас хэр хэмжээний шагнал урамшуулал олгодог вэ?
Дасгалжуулагч: -Улсын хувьд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хүсэлт өгдөг юм билээ. Жишээ нь, Азийн аваргаас алт, мөнгөн медаль авахад нь манай хүүхдүүд тус бүрд 3-4 сая орчим төгрөгийн урамшуулал олгож байсан. Одоо Дэлхийн аварга болоод бид анх удаа хүсэлт өгөх гэж байгаа учраас ямар хэмжээний дэмжлэг ирэхийг сайн мэдэхгүй байна. Урамшуулал нь медалийн алт, мөнгө, хүрэл гэдгээс гадна оролцогчийн тооноос хамаардаг. Дэлхийн шилдэг тамирчид ирээд гуч, дөчин хүүхэд өрсөлдөж байгаа ангиллаас шалгарвал урамшуулал нь арай өндөр. Харин бага насны тав, зургаа, арван хүүхэдтэй ангилалд урамшууллын хэмжээ нь буурчихдаг юм билээ.
-Боловсролын газар нь "Танайх чинь спорт шүү дээ" гээд явуулчихна. Биеийн тамирын газар нь "Танайх чинь оюуны спорт, боловсрол руугаа хандаач" гэдэг-
-Улсаас олгож буй шагнал урамшуулал хүүхдүүдэд хэр хүрэлцээтэй гэж бодож байна вэ. Зардлаа нөхөж чаддаг уу?
Дасгалжуулагч: -Манай эцэг, эхчүүд өөрсдөө мөнгөө гаргаад л хүүхдүүдээ тэмцээн уралдаануудад явуулдаг. Амжилттай оролцвол хэдэн төгрөг өгнө, тэр нь гаргасан зардалдаа хүрэхтэй үгүйтэй. Хамгийн хямд зардлаар явахын тулд автобус, галт тэрэг, машин гээд л боломжтой унаа бүгдийг судалж, хүүхдүүдтэйгээ ядрахыг мэдэхгүй явцгаана шүү дээ. "Улс эх орон минь ямар байгаа билээ дээ" гэж би хааяа зөвтгөн боддог. Гэхдээ л манай даамныхан хоёр байгууллагын дунд орхигдоод эзэнгүйдэж байна.
Даамын спортыг Монголд Боловсролын газар, Биеийн тамир спортын газар хоёрт харьяалуулдаг. Тэгэхээр Боловсролын газар нь "Танайх чинь спорт шүү дээ" гээд явуулчихна. Биеийн тамирын газар нь "Танайх чинь оюуны спорт шүү дээ, боловсрол тал руугаа хандаач" гэнэ. Биднийг дэмждэг хүмүүс цөөнгүй ч хангалттай биш. Ер нь манай тамирчид бор зүрхээрээ л явж байна.
Жишээ нь, манай аймагт ЭЕШ-д 800 оноо авсан хүүхдэд 5 сая, багшид нь 3 сая төгрөгийн урамшуулал өгдөг. Харин "оюуны спорт" гэдэг төрөлд ой тогтоолтын спортыг тооцож шатар, даамыг оюуны спорт биш гээд үзчихсэн. Энэ хүүхдүүд маань Азийн аваргаас алт, мөнгөн медальтай, тэдэнд дор хаяж гурав, дөрвөн сая төгрөгийн урамшуулал байх ёстой. Гэтэл одоогоор байхгүй, холбогдох газраас биднийг анхааралдаа авах байх гэж найдаж, хүлээдэг.
-Дэлхийн аваргын тэмцээнд ялах тэр мөчид та хоёрт ямар сэтгэгдэл төрж байв?
Ц.Шинэбаян: -Хамгийн сүүлийн тоглолтдоо хожоод алт авчихлаа гэдгээ өөрөө түрүүлээд мэдчихсэн. Надтай алтан медалийн төлөө өрсөлдөж байсан нэг хүүхэд байсан л даа. Тэр хүүхдийн тоглолтыг хараад "энэ угаасаа бүтэхгүй юм байна" гээд л. (инээв) Хүмүүст "За, би ер нь түрүүлчихлээ" гээд хэлсэн. Харин хүмүүс "чи ямар тайван юм бэ" гээд надад ерөөсөө итгэхгүй байсан.

Ц.Шинэбаян
Б.Маргад-Эрдэнэ: -Би харин сүүлийн үе дээр их хурдан тоглоод гарч ирсэн юм. Байранд орохоо мэдэж байсан ч, нэгдүгээр байранд ороосой л гээд залбирч суусан. Тэмцээний дүн гарсны дараа маш их баярласан.
Ц.Шинэбаян: Сэтгэл зүйгээрээ унавал юу ч бүтэхгүй
-Дэлхийн шилдэг тамирчдыг ялахад хамгийн чухал зүйл нь юу байв?
Ц.Шинэбаян: -Дааманд хамгийн гол нь сэтгэл зүйгээ л бэлдэх ёстой. Сэтгэл зүй тогтворгүй байвал юу ч бүтэхгүй. Түүнээс бол манай монголчууд потенциал өндөртэй л дөө.
-Хамгийн сүүлийн тоглолтдоо ямар тактик баримталж, ялалт байгуулсан бэ?
Ц.Шинэбаян: -Миний хувьд цагтай тоглодог тул цагаар шахах тактик баримталдаг. Даам тоглодог хүүхдүүд “цагаар шахах” тактик гэхээр ойлгох байх. Сүүлийн үе дээр нөгөө талынхаа жаахан удаан боддог сул талыг нь ашиглаад цагаар шахаад явчихсан. Сүүлд ганц алдаа гаргангуут шууд тэрийг нь алдалгүй ашиглаж ялсан.
Б.Маргад-Эрдэнэ: Миний хувьд бас цагаар л шахсан. Тодорхой нүүдлүүдийг удаан бодохгүйгээр нүүгээд, нөгөө хүүхэд буруу нүүвэл шууд тэрэн дээр нь ажиллах зарчмаар. Өөрийгөө хожиж байна гэж харсан ч яг эцсийн мөчид л баярлах ёстой юм байна лээ.

Б.Маргад-Эрдэнэ
-Тэмцээний бэлтгэлд өдөрт хэдэн цагийг зарцуулж байв?
Ц.Шинэбаян: -Өдөр бүр тууштайгаар, багадаа 3 цаг бэлтгэл хийдэг байсан.
-Аль улсын тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байсан бэ?
Ц.Шинэбаян: -Нидерланд.
Б.Маргад-Эрдэнэ: Миний хувьд Латви улсын хүүхдүүд маш тооцоолол сайтай байсан.
Дасгалжуулагч: -Манай хүүхдүүд тэмцээний эрхээ наймдугаар сард аваад, түүнээс хойш нэг сарын хугацаанд бие дааж бэлдсэн. Сүүлийн нэг сард тэмцээн уралдаанаар чансаа өндөр тамирчидтай, насны ангилалгүй тоглож, бэлтгэлийг нь "вакуумжуулсан" гэсэн үг. Тэр үед манайхан арван хоногийн бэлтгэлийг өдөрт долоо, найман цагаар хийсэн. Дэлхийн хэмжээний топ тамирчдын тоглолтыг задлан шинжилдэг. Үүнээс гадна үндсэн тоглолтоо тоглоно. Үндсэн тоглолт доод тал нь тав, зургаан цаг үргэлжилдэг. Зургаан цаг орчим тоглодог чухал төрөл юм. Харин рапид, блиц төрлүүд нь даамыг сонирхолтой болгох, хурдан тоглож хүний сэтгэхүйг шалгах, үзэгчдэд гоё байлгах зорилготой.
Б.Маргад-Эрдэнэ: Манай Увс аймгийн тамирчид бүгд “алдааны дэвтэр” хөтөлдөг
-Тэмцээн дээр алдаа гаргаад байр эзлэх боломжгүй болсон үед өөрийгөө юу гэж зоригжуулж, дараагийн алхмаа хийдэг вэ?
Ц.Шинэбаян: -Алдаан дээрээ л анализ сайн хийх ёстой. Юун дээр алдсан, тухайн үед яг юу болсныг тоглосныхоо дараа шууд анализ хийдэг. Тэгээд алдаанаасаа нэг нэгээр нь сураад явчихна.
Б.Маргад-Эрдэнэ: -Алдаагаа тодорхойлоод, тэмдэглэл хөтөлж, "алдаагаа давтахгүй" гэж хичээхээр дараа алдах магадлал багасна. Манай Увсын даамын хүүхдүүд бүгд алдааны дэвтэр хөтөлдөг заншилтай болохоор сайжирсан байх гэж боддог шүү.
-Монголд даамын спортыг хөгжүүлэхэд төрөөс ямар дэмжлэг дутагдаж байна вэ?
Дасгалжуулагч: -Нэгдүгээрт хийх ёстой ажил бол сургалтын хөтөлбөрт оруулах. Хоёрдугаарт, багш боловсон хүчний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улсын хэмжээнд даам заадаг 100 орчим л багш бий. Энэ тоог нэмэгдүүлэх хүсэл бий. Даам тоглоё гэсэн хүсэл сонирхолтой хүүхдүүд мянга мянгаараа байгаа ч, орчин нөхцөл дутмаг. Үүнээс гадна байраар хангаж өгмөөр байна. Аймаг бүрд Биеийн тамир, спортын газар дээр ядаж нэг өрөө ч юм уу.
Улаанбаатар хотод Монголын даамын холбоонд ч өөрсдийн гэсэн байр хэрэгтэй байна. Тэмцээн уралдаан зохион байгуулах, даам, ширээ сандлаа хадгалах агуулахаас эхлээд асуудал их бий. Боломжтой бол Ахмадын ордон шиг жижигхэн, байнгын байр, даамд зориулсан хоёр давхар ч юм уу, сургалт хийдэг өрөөтэй болчихвол манайд энэ спорт маш хурдтай хөгжих боломжтой гэж хардаг. Одоогоор хамгийн чухал асуудал бол боловсролын хөтөлбөрт оруулах юм. Шатрын спортыг Г.Занданшатар дарга сургалтын хөтөлбөрт оруулчихлаа шүү дээ. Яг үүнтэй адил даамын спортыг бас оруулах ёстой. Даам бол оюуныг хөгжүүлдэг маш чухал спорт шүү.
-Сургалтын хөтөлбөр гэснээс сургуулиудад даамын дугуйлан байдаг биз дээ?
Дасгалжуулагч: -Тийм. Гэхдээ мэргэжлийн даамын багш байхгүй. Зөвхөн өөрсдөө сонирхдог, хүүхдүүдээ даамын спортоор хичээллүүлдэг хүмүүс л даам зааж байна. Үүнээс гадна 21 аймагт 21 клуб байна. Монгол Улсын бүх сум ийм клубтэй болчихвол Монголын даам дэлхийд тогтмол нэгдүгээрт байх болно. Даам тоглодог хүүхдийн тоо, клубүүдийг сайн дэмжиж, орон байраар хангаад өгчихвөл энэ нэг их асуудал биш. Бид хийж чадна гэж боддог.
Эцэст нь хэлэхэд, биднийг дэмжсэн байгууллага, хувь хүмүүс, даамд сэтгэлтэй, зүрхтэй хүмүүст баярлалаа. Шинээр суралцаж байгаа, даамын спортоор хичээллэх гэж байгаа хүмүүс эргэлзэж, тээнэгэлзэлгүйгээр даамын спорт руу ороод ирээрэй. Таны хүүхэд асуудалгүй хөгжиж чадна, сууж чадна, сурч чадна. Даам тоглож сурсан хүүхдүүд бусад мэдлэг, ур чадварыг асуудалгүй эзэмшдэг учраас бүгдээрээ даамын спорт руу ороод ирээрэй гэж хүсье.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.