УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

ТАНИЛЦ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх С.Бямбацогтод "хаягласан" хуулийн заалтууд

Өнөөдрөөс (2026.11.20) Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэхээр болсон УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээс спикер, өдгөө УИХ-ын даргын "дээлэн" дээрээ Төрийн тэргүүний "хүрэм хантааз" давхарлахаар болсон түүний шинэ ажлын чиг үүрэгт хамаатай хуулийн заалтуудыг шүүж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд 25, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд 41, УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай, ҮАБЗ-ийн тухай хуульд тус бүр 10, Дипломат албаны тухай хуульд 5, Тагнуулын байгууллагын тухай хуульд 3 буюу давхардсан тоогоор нийт 104 заалт өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна.

1. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ (25 заалт)

22.2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.

22.3. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас, түүнчлэн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.

26.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.

27.3. Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.

27.4. Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана.

33.1. Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

33.1.1. Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;

33.1.3. өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;

33.1.4. гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;

33.1.5. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;

33.1.6. Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;

33.1.7. улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;

33.1.8. уучлал үзүүлэх;

33.1.9. Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;

33.1.10. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;

33.1.11. бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

33.1.12. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

33.2. Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

33.3. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

39.2. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

39.4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

51.2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.

56.2. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.

65.1. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.

66.1. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.

2. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ (41 заалт)

12.1. Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.

12.2. Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

12.3. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана. Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана.

12.4. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.

12.5. Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна.

12.6. Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

12.7. Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь уул хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

12.8. Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.

12.9. Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргана.

12.10. Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд оруулна.

12.11. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй.

12.12. Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө.

12.13. Ерөнхийлөгчийн зарлигийн биелэлтийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно.

12.14. Засгийн газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож, санал бодлоо илэрхийлнэ.

12.16. Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.

12.17. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.

12.19. Төрийн тамгыг хууль тогтоомжид заасны дагуу барина.

13.1. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.

13.2. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд санаачлан оруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтэд хяналт тавина.

13.3. Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх ашгийн үүднээс шаардлагатай гэж үзвэл Тагнуулын байгууллагын тодорхой үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авна.

13.4. Батлан хамгаалах, улсын болон эдийн засаг, экологийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын эрх баригчдын илтгэл, мэдээллийг сонсоно.

13.5. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газартай тохиролцон тодорхойлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

13.6. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгнө. Энэ тухай Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй ард нийтэд зарлан мэдэгдэнэ. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

13.7. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

13.8. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно.

13.9. Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгааг хууль тогтоомжид заасны дагуу зарлана.

13.10. Зэвсэгт хүчний нийтлэг дүрмүүдийг батална.

13.11. Зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг баталж, цэргийг байлдааны бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэр гаргана.

14.1. Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлж, мэдэгдэл, хэлэлцээ хийх, хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулна.

14.2. Гадаад улсад айлчлах болон айлчлалын дүнгийн талаар Улсын Их Хуралд мэдээлэл хийнэ.

14.3. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно.

14.4. Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар хүлээн авна.

14.5. Тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулна.

15.1. Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна.

15.2. Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар уучлал үзүүлнэ.

15.3. Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

15.4. Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргасан тохиолдолд Монгол Улсад орогнох эрх олгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

15.6. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах тодорхой бүрэн эрх олгох талаар саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

17.2. Тамгын газрын дүрэм, бүтцийг зардлынхаа төсөвт багтаан Ерөнхийлөгч баталж тогтооно.

17.3. Ерөнхийлөгч Тамгын газрын дарга, зөвлөхийг томилно.

17.6. Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуулахад туслах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулж болно. Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзсэн бусад асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хамтлагаар судалгаа хийлгэж болно. Үүнд холбогдох хөрөнгийг Ерөнхийлөгчийн жилийн зардалд тусгана.

3. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ (10 заалт)

16.1. Анхдугаар чуулганыг ээлжит сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.

16.2. Ерөнхийлөгч энэ хуулийн 16.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна.

18.2. Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулж болно.

18.3. Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь тодорхой асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган хуралдуулах саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.

21.7. Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож төрийн дотоод, гадаад бодлогын асуудлаар үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй.

34.1. Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрх дараах тохиолдолд энэ хуулийн 33.1-д заасан хугацаанаасаа өмнө дуусгавар болно:

34.1.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн Улсын Их Хурал хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол.

34.3. Ерөнхийлөгч дараах тохиолдолд Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана:

34.3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;

34.3.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;

34.3.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол.

34.5. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна.

36.2. Монгол Улсын Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар энэ хуулийн 36.1-д зааснаас бусад асуудлаар хууль тогтоомжийн төсөл санаачилж болно.

41.11. Онцгой чуулган зарласан тохиолдолд гишүүнийг чуулганд хүрэлцэн ирэх боломжийг Ерөнхийлөгч хангаж, шаардлагатай бол төрийн тусгай хамгаалалтад авна.

4. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ (10 заалт)

15.4. Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

18.2. Монгол Улсын яамыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн хуулиар байгуулж, татан буулгана.

23.1. Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ;

23.1.2. Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана;

27.1. Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч, энэ тухай Ерөнхийлөгчид мэдээлж байна.

27.2. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлаа Ерөнхийлөгчид тухай бүр урьдчилан мэдэгдэнэ.

27.3. Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд тааллаараа оролцож, саналаа илэрхийлж болох бөгөөд хэрэв өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бол энэ тухай зарлигийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлнэ.

27.4. Ерөнхий сайд уг зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж хариу өгнө.

27.5. Ерөнхий сайд уг зарлигийн төсөлд тодорхойлсон заалтыг Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл энэ тухай үндэслэлээ Ерөнхийлөгчид уламжилна.

29.1. Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Түүний дотор дор дурдсан асуудлыг хуралдаанаараа заавал хэлэлцэнэ: [...] 3/Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл; [...]

5. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ (10 заалт)

5.2. Хууль тогтоомжид заасан үндэслэлээр Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зохих өөрчлөлт оруулж болно.

5.3. Зөвлөлийн тэргүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч байна. Зөвлөлийн тэргүүн нь Зөвлөлийн ажлыг бүхэлд нь удирдаж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.3.1. Зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;

5.3.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулах;

5.3.3. төрийн гадаад, дотоод бодлогыг хэрэгжүүлэхэд Зөвлөлийг төлөөлөх;

5.3.4. Зөвлөлийн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

5.3.5. хуульд заасан бусад бүрэн эрх.

6.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн дарга уг албан тушаалыг хаших хугацаанд түүний улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

6.5. Зөвлөлийн шинжээчээр өндөр мэргэшлийн эрдэмтэн, мэргэжилтнийг орон тооны ба орон тооны бус журмаар томилон ажиллуулна. Тэдгээр нь үндэсний аюулгүй байдлыг хангах тодорхой асуудлаар болон Зөвлөлийн шийдвэрийн төслийн талаар шинжилгээ, судалгаа хийж, мэргэжлийн дүгнэлт гаргаж, түүний үндэслэлийг хариуцна. Зөвлөлийн шинжээчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

10.1. Төрийн холбогдох байгууллагууд Зөвлөлийг шаардагдах мэдээллээр тогтоосон журмын дагуу хангана. Энэхүү журмыг Зөвлөлийн шийдвэрийн үндсэн дээр Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно.

10.3. Зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сангийн бүтэц, зохион байгуулалт, бүрдүүлэлт, ашиглалтын журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно. Зөвлөлийн дэргэдэх мэдээллийн нэгдсэн сан нь төрийн нууцад хамаарах бөгөөд тусгай хамгаалалтад байна.

6. ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ (3 заалт)

14.1. Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн 5 жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.

16.2. Монгол Улсын Ерөнхийлөгч-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь шаардлагатай гэж үзвэл тагнуулын байгууллагын даргын илтгэл, мэдээллийг сонсож, тэдгээртэй холбоотой үйл ажиллагаатай танилцаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн тогтсоны үндсэн дээр үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар даалгавар өгнө.

18.2. Тагнуулын ажилтны тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

7. ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ (5 заалт)

5.2. Энэ хуулийн 5.1.14-т заасан төрийн дипломат ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Төрийн ёслолын журмаар зохицуулна.

9.3. Дипломат ажилтны тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

14.2. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дипломат бусад цолыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

14.4. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолны ялгах тэмдгийн тодорхойлолт, загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

16.1. Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button