НИЙГЭМ

Эргүүлд гарч буй Төрийн албан хаагчид халдвар авахгүй гэх баталгаа алга

Хаалга тогшиж байсан коронавирус Монголд ороод ирлээ. Дэлхий даяар тархан, аюулын харанга дэлдээд байсан ковид-19 манай улсад илрэх нь цаг хугацааны л асуудал байсан гэхэд хилсдэхгүй. Харин ч Засгийн газраас сайн ажиллаж буйн үр дүнд овоо тэссэн. Коронавирусийн халдвар илэрсэн франц иргэнтэй хамт ирсэн монголчуудын шинжилгээ сөрөг гарсан нь хонгилын үзүүрт гэрэл асаалаа. Угаасаа Монголд эл халдвар илэрлээ гээд бүх зүйл дуусчихлаа гэсэн үг огт биш. Бүх зүйл биднээс л шалтгаална. Манай улсад дахин илрэхгүй байх боломж бий.

ТЭДНИЙГ АЛЬ БОЛОХ ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР ЭРГҮҮЛД ГАРГАЖ БУЙ НЬ ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА

Улс даяараа коронавирусээс сэрэмжилж, айдаст автсан өнөө цагт хөндөхгүй байж боломгүй нэг асуудал байгаа нь эргүүл хийж буй Төрийн албан хаагчдын аюулгүй байдал, эрүүл мэнд. Хоёрдугаар сарын 20-ноос хойш 71 байгууллагын 7000 орчим албан хаагч эргүүлд гарч буй. Тэд дөрөвдүгээр сарын 1 хүртэл эргүүл хийнэ. Тухай цаг үеэсээ шалтгаалаад сунгаж ч магадгүй.

Оноогдсон,  тэгээд аль болох олон нийтийн газраар явж амны хаалтаа зүүх, гудамжинд нус цэрээ хаяхгүй, бие засахгүй байхыг иргэдэд зөвлөн, анхааруулах нь тэдний гол үүрэг. Аль болох олон нийтийн газраар гэснийг уншигч та анзаарсан байх. Монголд коронавирус илэрсэн өнөө цаг үед энэ нь төдий чинээгээр эрсдэл дагуулж байгаа юм. Хүн бүхэн аль болох гадуур явахгүй байхыг чухалчилж, байгууллагууд гэрээсээ ажиллахыг урьтал болгож буй өнөө цагт Төрийн албаныхныг эргүүл хийлгэсээр байгаа нь хэр зөв гаргалгаа вэ.

Дүрэм журам, соёлдоо маруухан монголчуудыг хянаж, тэгээрэй, ингээрэй гэж зөвлөх нь тэдний үүрэг ч эргээд эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангах нь Төрийн үүрэг. Гэтэл заавар, зөвлөгөө өгөхийн тулд аль болох олон хүн цуглардаг газруудад тэднийг оноон, эргүүлд гаргаж байгаа нь өөрөө эрсдэл дагуулж байгаа юм. Гэтэл тэдэнд ямар нэгэн халдварт өвчин, бүр цаашлаад коронавирусийн халдвар авахгүй гэх баталгаа алга.

УЛСААС ТЭДНИЙГ АМНЫ ХААЛТААР Ч ХАНГАДАГГҮЙ

Улсаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нь Төрийн албан хаагчдын, иргэн бүрийн үүрэг. Улс даяар айдас хүйдэстэй байгаа өнөө цагт эргүүлүүдийн аюулгүй байдлыг хэр сайн хангаж байна вэ. Тэд коронавирусийн халдвар авахгүй гэх баталгаа үнэндээ алга. Төрийн албан хаагчид робот биш. Тэд бидэнтэй л адилхан биетэй, гэр бүлтэй. Хань, үр хүүхэд, аав, ээж нь эргүүлд гаран, олон нийтийн газраар явахад нь санаа зовдог л байж таарна.

Танил маань дүүрэгт ажилладаг. Гэтэл улсаас амны хаалтаар ч хангадаггүй. Хэд хэдэн дүүргийн төрийн албан хаагчаас энэ талаар тодруулахад бүгд адилхан хариу өгч, санаа зовж яваагаа илэрхийлсэн. Эргүүлүүдэд улсаас өгсөн ганцхан зүйл нь “Эргүүл” гэсэн бичигтэй улаан даавуу. Байгууллага бүр орон тооноосоо шалтгаалан ажилчдаа долоо хоногт харилцан адилгүй тоогоор эргүүлд гаргадаг. Танил маань долоо хоногт 2-3 удаа эргүүлд гардаг. Нэг гарахдаа 2-3 хороонд ажилладаг.

Юу юунаас илүү иргэдийн амь нас, аюулгүй байдал чухал. Төрийн албан хаагчид ч мөн адил Монгол Улсын иргэн. Ийм хүнд цаг үед улсаас өгсөн үүргийг биелүүлж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй тэднийг эргүүлд гаргахаа болихгүй юм гэхэд эрүүл байх, халдвар авахгүй байх баталгаа хэрэгтэй байна.

Иргэд аль болох гадуур явахгүй байхыг чухалчилж, ихэнх байгууллага ажилчдаа аль болох гэрээс нь ажиллуулж буй өнөө цагт Төрийн албан хаагчид эргүүл хийж, амь насаараа дэнчин тавьж буйг дахиад тодотгоё. Амны хаалтнаас өөр “зэвсэг”-гүй тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал дээсэн дөрөөн дээр байна. Ямар нэгэн халдвар авахгүй гэх баталгаа тэдэнд алга. Тэдний аюулгүй байдлыг хангах нь Төрийн үүрэг. Тиймээс амны хаалтаас авхуулаад ядахдаа ойрын хэрэгцээний, шаардлагатай зүйлсээр эргүүлүүдийг хангах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
бэкэ
бэкэ

үнэхээр тийм шүү дээ. эрсдэл дундуур 7000 хүн өдөрт явна гэдэг.

Иргэн
Иргэн

Тийм шүү, хандиваар ирсэн маскнуудаасаа өгөөсэй, замын цагдаа хүртэл муухан масктай бээлий өмсч хамга�##�аагүй байсан, тэд тусв�##� олон хүнтэй харьцдаг тул бас тараах магадл�##� их. Монгол хүн бүр бие биесээ хайрлая, биднийг Монгол хүн л аварна.

Холбоотой мэдээ

Back to top button