НийгмийнЯрилцлага

“Урласан тулгат зуухыг минь монголчууд төдийгүй америкчууд ихэд сонирхон, захиалга өгсөөр байгаа”

Хэд хоногийн өмнө нэгэн иргэн өвөрмөц загвартай монгол зуух урлаж буй бичлэгээ цахим хуудсандаа нийтэлсэн нь олон хүний сонирхлыг ихэд татсан. Түүнийг Д.Түвшинбаяр гэдэг. АНУ-д амьдардаг түүнтэй цахим хаягаар нь холбогдон ярилцлаа.

https://www.facebook.com/tuvshin.bayar.948/videos/pcb.1423201987863970/1423198501197652/?type=3&theater

БҮТЭЭЛЭЭ ТУЛГАТ ЗУУХ ГЭЖ НЭРЛЭСЭН

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Боржигон овогт Доржноровын Түвшинбаяр гэдэг. Би Төв аймгийн уугуул. Аав маань Төв аймгийн Эрдэнэсант, ээж минь Төв аймгийн Эрдэнэ сумынх. Хоёр сайхан буянтай буурлаас төрсөн найман хүүхдийн отгон нь, би.

-АНУ-д амьдардаг юм билээ. Харийн нутгийг зориод хэдэн жил болж байгаа вэ?
-АНУ-ын Санфранциско мужид эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Энд ирээд 10 гаруй жил болж байна.

-Та монгол зуух урлаж буй бичлэгээ цахим хуудсандаа нийтэлсэн нь олны сонирхлыг ихэд татлаа. Энэхүү тулгаа хийхдээ хэр хугацаа зарцуулав?

-Би энд барилгын цонх, шилэн хаалга, шилэн хийцийн компанид даамал хийдэг. Ихэндээ даваагаас бямба гариг хүртэл ажилладаг. Ажлынхаа завсраар гэртээ энэ зуухыг урласан юм. Ер нь монгол зуух, монгол тулга хийх санаа эртнээс төрсөн. Даанч урлаж амжихгүй явсаар өдий хүрлээ. Хийсэн зуух маань ийм, тийм хийцийнх гэж тодотгох юм байхгүй ээ. Тулгат зуух гээд нэрлэчихвэл болох байх (инээв). Өмнө нь би тулга урлаж байсан болохоор өмнөхөөсөө туршлагатай байлаа. Зуухаа тулганы загвараар чимэглэвэл илүү өвөрмөц болно гэж бодсон юм. Түүнийхээ дагуу урлалаа.

ГАЛ ДЭЭР ЧАНАСАН ХООЛ ХЭЧНЭЭН АМТТАЙ БАЙГАА ГЭЖ САНАНА

-Одоо хаана хадгалж байгаа вэ. Гэртээ тавьсан уу?

-Тулгат зуухаа одоо гэрийнхээ ард талын цэцэрлэгт байрлуулсан. Тэндээ мод түлж, заримдаа сайхан монгол хоол хийж идэж байгаа. Гал дээр хийсэн хоол цаанаа өөр амттай. Монголын минь хөдөө талын үнэрийг санагдуулдаг юм.

-Монгол гэрийн зуух гэхээр америкчууд хэр их сонирхож байна вэ?

-Америкт гэрийнхээ гадаа мах шарагчгүй айл бараг байхгүй. Манай монгол зуухтай төстэй, аяны зориулалтын жижиг зуух онлайнаар зарагддаг. Хийсэн тулгат зуухыг маань монголчууд төдийгүй америкчууд ихэд сонирхож байна.

-Тулгат зуухаа олныг хийх, АНУ-д борлуулах, үйлдвэрлэх бодол бий юү?

-Амны билгээс ашдын билэг гэдэг. Америкт зуухаа үйлдвэрлээд худалдаанд гаргавал ч сайхан л байна. Мэдээж загвар , хэмжээг нь өөрчлөн илүү гоё болгоод хийх мөрөөдөл бий. Гэхдээ зарим тохиолдолд мөрөөдөл биелдэг шүү дээ. Надад энэ талаар бодсон зүйл байгаа.

ЗАХИАЛГА ИХ ИРСЭЭР БАЙГАА Ч АЖЛЫНХАА ХАЖУУГААР ХИЙЖ АМЖИХГҮЙ НЬ

-Монголчууд их сонирхож байгаа гэсэн. Танд хэр их захиалга өгч байна вэ?

-Хийсэн зуухаа өөрийн нүүр номондоо болон “Дэлхийгээр аялагчид” группт нийтэлсэн маань маш олон хүнд хүрсэн байна лээ. Монгол, Канад, Австрали, Европ тив, Америкийн өөр мужуудад амьдардаг монголчууд нараас худалдаж авах санал маш их ирсэн. Одоо ч ирсээр л байна. “Зуухыг чинь авъя, хэдэн төгрөгөөр гарах вэ. Захиалга өгвөл хэр хугацаанд хийх вэ” гэж маш их асууж байна. “Зуух чинь маш их таалагдлаа” гэх зэрэг урмын сайхан үгсээр мялааж байгаад их баярлаж, урам авлаа.

-Хүмүүсээс ирсэн захиалгыг хийж өгч байгаа юу?
-Ажлынхаа хажуугаар зав гарган хийдэг болохоор үнэндээ амжихгүй юм аа. Захиалга өгсөн хүмүүст үнэнээ хэлж байгаа. “Хийж өгье” гэж амлаад амжихгүй бол дэмий шүү дээ. Би чөлөөт цагаараа байгальд явган аялах хообийтой.

АНУ-ын БАРУУН ЭРГИЙН МОНГОЛЧУУДЫН АНХНЫ ТУЛГЫГ УРЛАСАН

-Өөр онцгой, гойд загварын зуух, тулга, ямар нэгэн эдлэл урлаж байсан уу?

-Нэг хэсэг шагай харвааг сонирхон харваж, бүх хэрэглэлийг нь хийдэг байлаа. Аравч, зурхай, хашлага сум, сандал, тохой мод, хасаа гээд урлаагүй зүйл байхгүй ээ. Одоо Санфранциско хотын шагайн харвааны “Уухай” багийнхан миний хийсэн мод, хэрэгслийг хэрэглэн, цэц мэргэнээ сорьж байгаа.

Америкийн баруун эргийн монголчууд маань баяр наадмаа маш сайхан өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. 2012 онд Бэй Ариагийн монголчуудын холбооноос наадамдаа зориулан анхны тулгаа надаар урлуулсан юм. Одоо ч гэсэн миний урласан тулганд галаа бадраан, наадаж байгаа.

Нээрэн, Брэй Ариагийн монголчуудын наадам гэснээс би нэг жил Чингис хааны дүрийг амилуулсан шүү дээ. Чи зургийг нь үзэх үү?

-Тэгье.

 Энэ үеэр тэрбээр Чингис хааны дүрийг амилуулсан үеийн зургаа цахим хуудсаараа илгээн, үзүүлэв.

-Өөрийнхөө урласан тулганд гал бадраан, АНУ дахь монголчуудынхаа наадамд Чингис хааны дүрийг амилуулах их сайхан байсан шүү. Би Бэй Ариагийн монголчуудын наадмын Чингис хааны найман баатрын малгай, Чингисийн нөмрөгийг урлаж өгсөн юм.

ААВ МИНЬ ГАРЫН ДҮЙТЭЙ УРАН ХҮН БАЙСАН

-Танай удамд дархан, гарын ур дүйтэй хүн бий юү?

-Аав минь их уран хүн байсан. Монгол цоож, түлхүүр, монгол зуух, пийшин, оломны арал, ташуур, халуун хүйтэн гагнуур гэх зэргээр маш их зүйл урладаг байж билээ. Би аавынхаа гарын ур дүйг жоохон ч гэсэн өвлөсөн юм болов уу даа. Ээж маань 100 нас шүргэж яваа буурал бий. Насаараа Төв аймгийн хүнсний үйлдвэрт ажилласан. Би ээжээсээ хоол сайхан хийдгийг нь сурсан. Төрөл бүрийн хоол хийх дуртай, сонирхолтой.

-УБИС-ийн зураг, хөдөлмөрийн ангийг төгссөн юм билээ. Мэргэжлээрээ яагаад ажиллаагүй юм бэ?

-Би УБИС-ийг Зураг, хөдөлмөрийн багш мэргэжлээр 1993 онд дүүргэсэн. Тэр үед зах зээлийн нийгэмд шилжсэн тул хувиараа ажил эрхлээд явсан даа.

МИНИЙ АМЬДАРЧ БУЙ МУЖИД ХӨЛ ХОРИО ТОГТООД БАЙНА

-АНУ-д коронавирусийн халдварын нөхцөл ямар байна вэ. Та ажилдаа явж байгаа юу?

-Америк даяар Covid-19 газар авч, бидний амьдарч буй Калифорниа мужид хөл хорио тогтоогоод байгаа. Эхэндээ амны хаалт зүүх хүн ховор байлаа. Одоо хүмүүс идэвхтэй зүүн, гадуур хүнсээ цуглуулах шаардлагатай үед л гэрээс гарч байгаа. Хүүхдүүдийн хичээл наймдугаар сарын сүүлч хүртэл хол хорио тогтоосон. Хичээлээ онлайнаар үзэж байгаа. Би ажилдаа явж байгаа. Мэдээж амны хаалт, бээлийтэй.

-Халдварын улмаас азичуудыг “Корона” гээд зүхэх үзэгдэл АНУ-д нэлээдгүй гарсан гэсэн. Танд тийм бэрхшээл хэр тохиолдож байна вэ?

-Азичуудыг “Корона” гээд гадуурхах явдал гарч байгаа гэж сонссон. Бидний амьдарч буй Калифорниа мужид дэлхийн бүх орны цагаачид холилдон амьдардаг. Тийм болохоор ази хүнийг гадуурхах үзэгдэл надад лав тохиолдоогүй.

-Хамгийн сүүлд хэзээ эх орондоо ирсэн бэ. Нутгаа санадаг уу?

-Монголдоо жил бүр зун очиж, амардаг. Энэ жил нэгдүгээр сарын дундуур очиж, 14 хоног амраад ирсэн. Монголын маань мөнгөн өвөл час хийгээд гоё байна лээ шүү.

Монголчууд маань гал голомтоо дээдэлдэг, галын дөл өөдөө гэж бэлгэшээдэг сайхан ард түмэн. Тулгат зуухаа хийснээс хойш үүнийг илүү их мэдэрлээ. Тулгат зуух хийлгэе гэсэн захидал одоо ч надад ирсээр байна. Монгол түмний минь гал голомт мандан бадраг. Надаас ярилцлага авсан “Eguur.mn” сайтын хамт олонд баярлалаа. Ажлын гал халуун амжилт хүсье.

-Баярлалаа. Танд ч бас сайн сайхан бүхний дээдийг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
4 сар 13, 2020 11:45

Тансаглах хүмүүст хэрэгтэй эд бололтой. Манайд захын хүн хийнэ ээ.

trewe
trewe
11 сар 25, 2020 18:44

hogiin teneg zagwaraar hiiheer humuus hoshuuraad baigaag in oilgohgui yum, humuusiin medremj iim doroi yum uu

Холбоотой мэдээ

Back to top button