Нийгмийн

Б.Төгөлдөр: Ч.Улаан сайдын хамаарал бүхий этгээдүүд эд хөрөнгийг минь булаахаар улайрч байна

Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн шүүхийн байгууллагад нөлөөлж, бусдын эд хөрөнгийг авахыг завдаж байна гэх мэдээллийн мөрөөр эх сурвалжаас нь тодрууллаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батзоригийн Төгөлдөр гэдэг. Би “APEX” группын захирлаар 2017 оноос хойш ажиллаж байна.

-Танай компани хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм бэ?
-Анх 2007 оны есдүгээр сард миний аав Б.Батзориг 49, дүү Б.Баттогтох нь 51 хувийн хувьцааг  эзэмшиж, компаниа байгуулж байсан. Анхандаа худалдаа, үйлчилгээний зориулалттай бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан. Одоо талбайгаа түрээсийн зориулалтаар ашиглаж байна. 2014 онд Б.Баттогтох ах  манай аав Б.Батзоригт компанийн 51 хувийн хувьцаагаа 297 мянган ам.доллароор худалдаж, компанийн эрхээ бүрэн шилжүүлсэн байдаг.

Түүнээс хойш жилийн дараа аав эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж, ээж Я.Галяд бүрэн эрхээ шилжүүлсэн. Ингээд эмээ хоёр жил орчим хугацаанд тус компанийн захирлаар ажиллаж байгаад хамгийн том ач болох Б.Төгөлдөр надад компанийн эрхийг 2017 онд шилжүүлсэн. Үүнээс хойш би компанийн үйл ажиллагааг удирдаад явж байна.

-Компанийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан гарсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Компанийг үүсгэн байгуулалцсан Б.Баттогтох түүний эхнэр О.Лхагвацэдэн нар нь гэр бүлээ цуцлахаар болсон юм билээ. Ингээд тэд хуулийн дагуу өмч, хөрөнгөө хуваан авахаар болж, О.Лхагвацэдэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэсэн. Энэ нэхэмжлэлдээ миний нэр дээр 2017 онд албан ёсоор шилжчихсэн компанийн нэр дээрх хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг авна гэж мэдүүлсэн байсан.  

Уг нь нэхэмжлэл гаргахаас өмнө энэ компани тухайн гэр бүлд хамааралгүй болчихсон юм шүү дээ. Гэтэл нэхэмжлэлийг нь шүүх хүлээж аваад, намайг хариуцагчаар татан шалгаж байна. Надад хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Хууль ёсны дагуу компанийн эрхийг авсан байтал шүүхэд дуудагдах боллоо. Энэ нь миний ажилд маш их хүндрэл учруулж байгаа. Мөн компанитай холбоогүй, миний өөрийн эзэмшлийн хөрөнгийг хүртэл нэхэмжилсэн. Ингээд шүүхээс үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах бүх эрхийг хаачихсан байдалтай байна.

-Нэгэнт таны нэр дээр компанийн эрх шилжсэн бол тухайн хүн ингэж нэхэмжлэл гаргах ямар хууль, эрх зүйн үндэслэлтэй юм бэ. Хууль хяналтын байгууллагууд энэ талаар танд тайлбар өгсөн үү?
-Улсын бүртгэлд байгаа миний хувийн эзэмшилд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг  О.Лхагвацэдэн нь авах хүсэлт гаргасан байна лээ. О.Лхагвацэдэн нь эрх бүхий албан тушаалтны нэрийг барьж, хууль хүчний байгууллагад нөлөөлдөг гэсэн. Тухайн албан тушаалтан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан. Түүний эхнэр нь О.Лхагвацэдэнгийн төрсөн эгч юм билээ. Тэд эрх мэдлээ далайлган дээрэм хийх гэж байна.

Миний үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг цуцлуулах хүсэлт өгөөд зогсохгүй манай хамаатан садны үл хөдлөх хөрөнгийг хүртэл нэхэмжилсэн. Ингэхдээ Баянгол дүүргийн III, IV хороололд байрлах миний эзэмшлийн 1000 нэрийн барааны дэлгүүр, Баянзүрх дүүрэгт байрлах оюутны байр, зуурмагны үйлдвэр зэрэг бүх үл хөдлөх хөрөнгийг авахаар санаархаж байгаа. Тэр бүү хэл, өвөө, эмээгийн минь амьдардаг хашаа байшинг хүртэл авахаар нэхэмжлэлдээ бичсэн байсан. Бид хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлж болно. Гэхдээ хууль шүүхийн байгууллагатай хуйвалдаан зохиож, өөрт нь огт хамааралгүй хүмүүсийн байгаа бүхнийг нь авахаар санаархаж байгаад гол учир байгаа юм.

-Энэ нэхэмжлэлд нийт хэр хэмжээний хөрөнгө дурдсан юм бэ. Бүгд Б.Батзориг, О.Лхагвацэдэн нарт хамааралгүй хөрөнгө үү?
-Намайг хариуцагчаар татаж, шүүх дээр дуудахдаа тухайн хэргийг шүүж буй  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Э.Энэбиш нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна. Асуудлыг нягталж үзэлгүйгээр нэхэмжлэгч талын бүх хүсэлтийг хангаж, бидний эрхийг хааж байна. Тухайлбал, нэхэмжлэгч О.Лхагвацэдэнгийн гаргасан бидний үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах эрхийг хаах, хилийн хориг тавих зэрэг бүх хүсэлтийг нь хүлээн зөвшөөрсөн.

О.Лхагвацэдэн нь нэхэмжлэлдээ, “APEX” группийг өөрийнхөө санаачилгаар үүсгэн байгуулсан гэж худал мэдүүлсэн байна лээ. Тэгээд зогсохгүй үл хөдлөхүүдийг өөрийнх нь санаачлагаар барьсан барилгууд гэж мөн худал мэдүүлсэн байсан. Нийт арав гаруй үл хөдлөх хөрөнгө хамаарч байгаа. Бүгд өөрт нь хамааралгүй. Тэр миний хувийн эзэмшлийн компани болон үл хөдлөх хөрөнгийн 80 орчим хувийг дээрэмдэж авахаар өндөр албан тушаалтан болон нөлөө бүхий хүмүүстэй хуйвалдсан гэж би хувьдаа хардаж байна.  Тэд мөн нэхэмжлэлээ хууль ёсны дагуу гаргахгүй байгаа.

-Тэр нь гэсэн үг вэ?
-Аливаа эд хөрөнгийг нэхэмжилж байгаа бол хуулийн дагуу тодорхой хэмжээний тэмдэгтийн хураамж төлөх ёстой юм билээ. Ингэхдээ тухайн хөрөнгийн үнэлгээний 0.1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө төлөх ёстой. Гэтэл О.Лхагвацэдэн нь шүүхэд ямар ч тэмдэгтийн хураамж төлөлгүйгээр нэхэмжлэл гаргачихсан. Хэрвээ тухайн хүн тэмдэгтийн хураамж төлбөл нэлээд их хэмжээний мөнгө төлнө. Гэтэл энэ хураамжаа төлөлгүйгээр шүүхийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлээд байна. Магадгүй хэн нэгэн эрх мэдэлтэнтэй бидний хөрөнгийг авчихаад дараа төлж болно гэдэг тохироо хийсэн байх.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button