НИЙГЭМ

Идлэг шонхорын ангаахай бүтэн нүүдэл хийн төрсөн нутагтаа буцаж иржээ

Монголын шувуу судлаачид 2019 оны зургадугаар сард Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз голын эрэгт Бургасанд үүрлэсэн идлэг шонхорын хоёр ангаахайд сансарын дамжуулагч зүүж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь тандав. “Улз”, “Чух” хэмээх нэртэй хоёр ангаахай найман сарын эхээр үржлийн нутгаа орхин нүүж эхлэсэн.

Харамсалтай нь “Улз” нь нүүдлийн үедээ Мэнэнгийн талд Дачин тамсагийн газрын тосны 19-р талбайн өндөр хүчдэлийн шон дээр суух үедээ хүчдэлд цохиулан энджээ.

Харин “Чух” нүүдлээсээ үржлийн нутагтаа ирлээ. Эл ангаахай 2019 оны наймдугаар сарын 2-нд Дашбалбарын нутгаас нисэж Хэнтийн уулархаг нутгаар дайрч Завхан аймаг хүртэл нийт 2000 км гаруй нисээд, тэндээсээ өмнө зүгийг зорьжээ.

 Улмаар Төвдийн нийслэл Лхас хүртэл дахин 2000 км орчим нисэж Лхасын хойно 3 хоноод тэндээсээ зүүн хойш Хятадын Хөх нуур хэмээх Цинхай аймгийн нутагт 2019 оны аравдугаар сарын 2 нд ирсэн байна. Энэ уулархаг нутагт “Чух” 2019 оны аравдугаар сарын 02-оос 2020 оны 4 сарын 02 хүртэл нийт бүтэн 5 сар байршиж өвөлжлөө. Энэ нутагт Төвд огодой олноор өвөлждөг учир энэ зүйл огодойгоор хооллож өвөлжсөн болов уу. Энэ хүртэл “Чух” нийтдээ 4400 км орчим нисжээ. Ийнхүү “Чух” хаврын нүүдлээ дөрөвдүгээр сарын 2-нд эхлүүлж, өвөлжсөн нутгаасаа чанх хойд зүгт 1000 км нисээд Өвөрхангай аймгийн нутагт ирж, тэндээсээ Төв аймгийн Алтанбулгаар дамжин дахин Хэнтийн уулархаг муж дээгүүр нисэж 4 сарын 14-нд өөрийн төрсөн нутаг болох Улз голд иржээ. Улмаар Чух багийн нутгаар дайрч хойш Оросын Тарь нуур ороод буцаж Хятадын Далай нуураар дайран Буйр нуурт энэ сарын 21-нд ирсэн байна.

Тэндээсээ Хэрлэн гол руу буцаж Халхын таван уулаар дамжин Яхь нуур орж тэндээсээ дахин төрсөн нутаг болох Дашбалбарын Чух нуурт ирсэн боловч дөрөвдүгээр сарын 27-нд буцаж өмнө зүг Хэрлэн гол руу нисжээ. Тавдугаар сарын 01-ны өглөөний 05.00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс баруун зүгт 30 км орчимд Хэрлэн голын эрэгт ирээд байна.

Өнгөрсөн жил мэндэлсэн 1 нас хүрч буй залуу эм шувуу учир энэ онд үржилд орохгүй харин дараа жилээс үржилд орж магадгүй гэж манай судлаачид таамаглаж байгаа.

Монгол бол идлэг шонхорын хувьд маш аюултай орон буюу түгээх шугамуудад махчин шувууд эндэх эрсдэл маш өндөр юм. Эсэн мэнд амжилттай бүтэн нүүдэл хийж ШУ-нд чухал мэдээлэл өгч буйг “Чух” харуулжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button