СПОРТ

“Tommy basketball academy”-ыг УАШТ-ээс хасаагүй, дасгалжуулагчаа солих шаардлага тавьсан”

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй В зэрэглэлийн УАШТ-д өрсөлдөж буй “Tommy basketball academy”-ын баг тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Учир нь МҮСБХ-ноос тус багийн дасгалжуулагч О.Баярцогттой хамтарч ажиллахгүй гэдгээ гурван жилийн өмнө албан бичгээр мэдэгдсэн гэнэ. Тиймээс УАШТ-д О.Баярцогтоос өөр дасгалжуулагчаар багаа удирдуулахыг “Tommy basketball academy”-ынханд хэлжээ.

ОУХМ Б.Билгүүний үүсгэн байгуулсан тус академийн баг Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од, Мөнхийн-Од тэргүүтэй олон шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн юм. УАШТ-д түрүүлэх магадлалтай, төдий хэрийн амжилт гаргах боломжтой багуудын нэг нь “Tommy basketball academy”.

Монголын сагсан бөмбөгийн спортынхон хэзээнээсээ эв түнжин муутайг уншигчид сайн мэднэ. МҮСБХ тэмцээндээ О.Баярцогтын дасгалжуулсан, Б.Билгүүний багийг түрүүлгэхгүй гэсэндээ ийм башир арга хэрэглэлээ гэж зарим хүн хардаж буй. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд МҮСБХ, “Tommy basketball academy”-ыг үүсгэн байгуулсан ОУХМ Б.Билгүүний байр суурийг хамтад нь хүргэлээ.

МҮСБХ: О.БАЯРЦОГТ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХГҮЙ ГЭДГЭЭ 3 ЖИЛИЙН ӨМНӨ МЭДЭГДСЭН

“1. B зэрэглэлийн УАШТ.

2. Баг, тоглогчдыг хасаагүй.

3. Тухайн нэг дасгалжуулагчтай хамтарч ажиллахгүй гэдгээ холбоо бараг 3 жилийн өмнө албан бичгээр өгчихсөн.

Ингэж хэрүүл маргаан үүсгэн үүсгэн манай B зэрэглэлийн тэмцээнд дасгалжуулан ажиллах ямар хэрэг байна. Залуучуудын баг, B зэрэглэлийн УАШТ өөр залуу дасгалжуулагч?

4. Тэмцээний зааланд байгаа шүүгч, өөрийн баг, эсрэг багийн тоглогчдыг дасгалжуулагчтай нь загнаж зандарч дарамтлаад заналхийлээд байна, энэ хүндээ хариуцлага тооц гэдэг гомдол бусад багуудаас их ирдэг байсан. Спрайт D лиг дээр хожигдчихоод эсрэг багийнхаа дасгалжуулагчийг гараад үзчихье, ална шулна гээд байдаг нь хэвийн үзэгдэл үү. Бусад багуудын эрх ашиг, тэгш өрсөлдөх боломжийг зохион байгуулагчид хангах ёстой.

Зөвхөн тухайн дасгалжуулагч өөрт нь хариуцлага тооцохоор дандаа тамирчдыг урдаа гаргаж улс төрчид шиг фэйсбүүк мэдэгдэл хийлгэж бөөн хагарал маргаан үүсгэдэг нэг л хүн байгаа шүү дээ.

Ийм явдал олон давтагдаж байгааг хүн бүр л харж мэдэж байгаа. Одоо тамирчдыг урдаа тавьчихсан элдэв юман дээр өө гаргаж байгаад 3х3, 5х5 гээд хэрэлдүүлэх гээд сууж байх шив. Тийм юм болохгүй л дээ даанч.

Бүүр жаахан байхаасаа манай тэмцээнүүдээр хөгжиж гарч ирсэн хүүхдүүдийг гайгүй болохоор нь багтаа авчихаад багшийг нь ингээд байна шүү дээ гээд базчихсан хэрүүлийн юм шэйрлүүлээд. Дүү нар минь сагсаа илүү гоё тоглохоо бодсон нь дээр шүү дээ. Уулзахаараа гэлбэлзээд л, тойрч ирээд ахаа харин шэйрлэ гээд загнаад байсан шүү л гэдэг шүү дээ.

B зэрэглэлийн УАШТ-д өрсөлдөж буй бусад багууд улстөрчид шиг фэйсбүүк пост бичээд явбал бас явна шүү дээ.

Зөвхөн нэг баг тэмцээнд оролцдоггүйг мартсан юм уу даа гэмээр зөвхөн өөрсдийгөө ярих юм. Дээд лигт тоглосон, мэдүүлэгт багтсан энэ тэр гээд дүрмээ бариад тоглуулахгүй хасаад явж байгаа.

За тэгээд эцэст нь хэлэхэд бусад өрсөлдөгч багуудын чинь шударга өрсөлдөх эрх ашиг боломжийг хангах ёстой байдаг юм шүү, энэ яригдаад байгаа дасгалжуулагч манай олон тэмцээнийг эхлүүлчихээд голоос нь хаяж байгаа шүү. Манай тэмцээнүүд явдгаараа яваад сайхан болоод дуусна. Эцэст нь багийг нь хасаагүй байхад өөрийгөө бодоод хүүхдүүдийнхээ тэмцээнийг болиулаад байвал хүүхдүүд л хохирох байх шүү.

Хаяж явсан тэмцээнээ өөрөө нэг тоолчихно биз.

Тийм байж шударга бай энэ тэр гэсэн үг тамирчдаар хэлүүлээд яах вэ.

Бид улсын өмч болсон Спортын төв ордонд чинь тэмцээн хийгээгүй шүү. Ордноос хөөчихлөө гээд баярлаад байсан, одоо зүгээр урдахаа хийгээд явж байхад заавал хойноос хөндөлсөж орж ирээд бөөн хэрүүл гуйгаад байх хэрэггүй шүү дээ.

Ямар ч байгууллага болохгүй байгаа ажилтандаа ажлаа сайжруулахын тулд хариуцлага тооцдог, үүнтэй адилхан зүйл шүү дээ. Тухайн ажилтан өөр газар ажиллах нь тэр хүний л эрхээрээ үлддэг биз дээ?

Зөндөө л юм зохиож дайрдаг, энэ нь одоо бүр даамжрах гээд хөшигний ард болдог зүйлүүдээр жижиг тайлбар хийлээ.

Олон ажлууд хийхэд манайхаас ч бас өөр зүйлүүд дээр алдаа гаргадаг гэдгээ бас хэлье, алдааг давтахгүйн төлөө харин манайхан зорилго нэгтэй ажилладаг шүү.

B зэрэглэлийн УАШТ маань маш сайхан болж байна. Нугалаанаас бүр гал гарах байх даа” гэж МҮСБХ-ноос мэдэгдэв.

Б.БИЛГҮҮН: ӨӨР ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ ОРОЛЦ ГЭСЭН ШААРДЛАГА ТАВЬСАН ТУЛ УАШТ-ийг ҮРГЭЛЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЛОО

Харин “Tommy basketball academy”-ыг үүсгэн байгуулсан Б.Билгүүн “Энэ удаагийн В зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчдын зүгээс дасгалжуулагч О.Баярцогттой хамтран ажиллахгүй гэсэн шалтгааны улмаас Tommy Basketball Academy-ын хүүхдүүд уг тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Шинэ залуу ирээдүй болсон энэ хүүхдүүдийн хүсэл, зорилго талаар болох гэж байгаа нь үнэхээр харамсалтай юм. Иймээс энэ асуудлаар Үндэсний сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга С.Тулгатай хоёр хоногийн турш утсаар болон мессэжээр холбогдож гаргасан шийдвэрээ эргэн харахыг гуйсан боловч тодорхой үндэслэлгүй, ойлгомжгүй шалтгаанаар зөвшөөрсөнгүй.

Харх, буруу зөрүү шиддэг, зодог тайлах болсон, террорист, хэн нэгэнд тоогдох гэж сагс тоглодог гэх зэргээр доромжилж өгсөн ярилцлагад нь миний болон бусад тамирчдын зүгээс ямар нэг сөрөг хариу өгөлгүй хүлээцтэй хандсан. Тамирчид бид дөрвөн уулынхаа дунд өөрсдөө хүссэндээ гацаагүй, гадагшаа тэмцээнд явах эрхийг хаахад хүргэсэн гол шалтгаануудад МҮСБХ-ны нөлөө багагүй хэмжээгээр байгаа тул дахиж ийм зүйл ярихгүй байхыг хүсье. Шаардлагатай тохиолдолд та бүхний хүсэлтийг хүлээн авч олон нийтэд нээлттэй байдлаар хэн нь өндөр зэрэглэлд тоглох тамирчин болохыг шалгах, өрсөлдөх тоглолтыг зохион байгуулах гэх мэт боломжит бүх нөхцөлийг хүлээж авахад бэлэн байна.

Харин энэ удаа МҮСБХ-ноос асуудлыг хүндрүүлэлгүй Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилготойгоор өмнөх асуудлуудаа орхиж Tommy Basketball Academy-н тамирчдыг дасгалжуулагчийн хамтаар мөн бусад сагсан бөмбөгт хайртай бүх хүүхэд залуусыг тэмцээн уралдаандаа нээлттэйгээр оролцох боломжийг бүрдүүлж өгөхийг миний зүгээс дахин хүсэж байна. Бичсэн зүйлийг минь зөвөөр ойлгоод гаргасан шийдвэрээ дахин нэг харж өгнө үү” гэв.

Мөн тэрбээр “МҮБСХ-ноос УАШТ-д өөр дасгалжуулагчтай оролц гэсэн шаардлага тавьсан. Тиймээс бид тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон” гэж тодотголоо.

https://www.facebook.com/photo?fbid=10214094650400688&set=a.3162428920056
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 28, 2020 07:26

Yamar utgagui mongolchuudiin zan be huuhduudiig togluulaachee heneer dasgaljuulna ter bagiin erh bizdee ,

Холбоотой мэдээ

Back to top button