Нийгмийн

“Чимэгэ систем”-ийг шүүхэд нэвтрүүлэх талаар уулзалт боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд өнөөдөр “Чимэгэ” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, монгол хэлний дуу, яриаг бичвэр болгон боловсруулдаг “Чимэгэ бичээч” системийг шүүхэд нэвтрүүлэх талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа, Шүүхийн мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанаа болон “Чимэгэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал, тус компанийн зөвлөх Н.Болдхүү, менежер Б.Золжаргал нар оролцсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын шүүхэд мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлж, иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулах, хурдан шуурхай хүргэхэд технологийн дэвшлийг ашиглах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг онцлов. “Чимэгэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал “Хуулийн салбарт протоколын систем их хэрэгтэй байдаг. “Чимэгэ систем”-ийг шүүх хуралдааны үед туршиж үзэх боломжтой. Олон улсын арбитрын шүүхэд бол дуугаар хөрвүүлдэг систем нэвтрүүлсэн туршлагууд байна. Бид ч нийгмийн хариуцлагын үүднээс “Чимэгэ систем”-ийг шүүхэд нэвтрүүлж, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах сонирхолтой байгаа” гэлээ. Тэрээр “Чимэгэ систем”-ийг танилцуулж, монгол хэлний дуу яриаг хэрхэн бичвэр болгон хувиргаж байгааг сонирхуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар “Эхний ээлжид нийслэлийн ачаалал ихтэй зарим шүүхэд шүүх хуралдааны нарийн бичиг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөд “Чимэгэ систем-ийг туршилтын журмаар ашиглаж үзэх санал тавьсан юм. “Чимэгэ” ХХК-ийн удирдлагууд энэхүү саналыг хүлээн авч, ойрын хугацаанд “Чимэгэ систем”-ийг шүүхэд туршилтын журмаар нэвтрүүлэх тохиролцоонд хүрлээ.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-10-01 16:01

Zuv sanal bna. Ehleed ene sistem chin bas l tusvuus mungu garna. Tegeheer tanai shuuh dotood nuuts bololtsoogoo ashiglaad uigarjin mongol bichig sain meddeg ajiltanuudaa ashiglaad hicheel zaalgaad uzvel yamar be? Mun barshaas ym asuuj baij surdag mongl togtoltsoo baigaa shuu.

Холбоотой мэдээ

Back to top button