ДЭЛХИЙ

GLOBAL NEWS: Канад эмэгтэй монгол хүүхдүүдэд мөнгө хандивлахын тулд 700 км замыг морьтой туулна

Жүли Вэлүү гэх канад эмэгтэй 10 гаруй жилийн өмнө Монголд нүүж иржээ. Тэр цагаас хойш Вэлүү хүнд хэцүү амьдралтай монгол хүүхдүүдэд тусалсаар ирсэн байна. Тэрбээр нөхөртэйгөө хамтран “Вэлүү сан ТББ”-г үүсгэн байгуулж “Gobi Gallop” нэрийн дор санхүүжилт босгох ажлыг жил болгон зохион байгуулдаг аж.

“Вэлүү сан ТББ”-ын баг хамт олон Монголын хөдөө талаар морьтой аялал хийж, “Gobi Gallop” төслийнхөө санхүүжилтийг босгодог аж. Вэлүү энэ хэлбэрээр жил бүр, тогтмол 50 мянган ам.долларын санхүүжилт босгож ирсэн бөгөөд нийт найман жилийн нүүр үзжээ. Харин энэ жилийн хувьд цар тахлын улмаас “Gobi Gallop” төсөл нь цуцлагдаад буй. Гэвч тэр энэ жил морьтой аялалаа ганцаар үргэлжлүүлэхээр шийджээ.

Вэлүү энэ жил морьтой 700 км зам туулахаар төлөвлөж байгаа юм байна. Түүний аялал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн өдөр (2020.10.08) эхэлсэн бөгөөд эхний өдөртөө 85 км аялж, 3795 ам.долларын санхүүжилт босгожээ. Одоо тэрээр тав дахь өдөртөө аялаад буй бөгөөд нийт 350 км замыг морьтой туулж, 11579 ам.доллар босгоод байгаа аж.

“Вэлүү сан ТББ”-ын хийж буй ажлыг сонсоод өнгөрсөн бямба, ням гарагийн өдрүүдэд “ZOMA”, “ROUTE 22”, “GREENO” тэргүүтэй сангийн хамт олон дэмжиж, мөнгөн хөрөнгө хандивласан байна.

“Gobi Gallop” төслөөр босгосон санхүүжилтийн 1 төгрөг бүр нь “Нарны Хүүхдүүд-1” цэцэрлэгт очдог байна. “Нарны Хүүхдүүд-1” цэцэрлэгт 150 гаруй хүүхэд явдаг бөгөөд тэд бүгдээр амьжиргааны түвшин нэн доогуур айлын хүүхдүүд юм. Тэдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдийн ихэнх нь малчин байсан агаад хэдэн жилийн өмнө болсон зуднаар бүх малаа алджээ.

Ийм учир нийслэл Улаанбаатарт очиж амьдрахаас өөр аргагүй болсон хүүхдүүд уг цэцэрлэгт явдаг гэнэ. Эцэг эх нар нь улсын бүртгэлгүй учир ажилд орох маш хүндрэлтэй, бараг л боломжгүй гэх. “Нарны Хүүхдүүд-1” цэцэрлэг байгуулагдахаас өмнө тэдгээр хүүхдүүд өдөржин монгол гэрт ганцаар өнжиж, эцэг эх нар нь хог ухаж хоол унд, хувцас, өвөл түлэх түлшний эрэлд гардаг байжээ. Харин одоо хүүхдүүд ажлын таван өдөр цэцэрлэгт явдаг бөгөөд өдрийн гурван тэжээллэг хоолтой байдаг юм.

“Жүли сан ТББ”-ын үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл нэг удаагийн хандив өгөх эсвэл сар бүрийн ивээн тэтгэгч болж болох аж. Хандивын дансыг байршуулав.

Голомт банк : 2015118150
ХААН банк : 5434151122
Төрийн банк : 103300650530

                                                                                                       Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button