НийгмийнНИЙГЭМЯрилцлага

Монголын гоо сайхны салбарт хүч сорьж яваа 13 настай А.Гэгээнтэй ярилцлаа

Энэ удаагийн ярилцлагын зочинтойгоо холбоо барихаас өмнө “13 настайдаа юу хийж байсан билээ” гэж эргэн дурсав, үеийнхэн нь юу хийж байгаа бол гэж нэлээд бодов. Энэ асуултыг уншигч та бүхнээс ч мөн асууя. Олонх нь “Сургуульд суран, хичээлээ хийгээд л явж байдаг нас” гэж хариулах болов уу.

Тэгвэл “King's Kids” сургуулийн наймдугаар ангийн сурагч, 13 настай Амгалангийн Гэгээн өсвөр насныханд зориулсан уруул өнгөлөгч, уруулын тэжээл, уруулын гуужуулагч хэрхэн хийхийг “Youtube”-ээс сурчээ. Зүгээр нэг сураад өнгөрөх бус үүгээрээ нэрийн бүтээгдэхүүн гарган, өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болоод хэдийнэ амжсан байна.

А.Гэгээн “Үнсье beauty” нэртэй пэйж хуудас нээн, өөрөө хөтлөн, бүтээгдэхүүнээ онлайн дэлгүүр хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэдэг. Өсвөр насны охидод зориулснаараа онцлог бүтээгдэхүүнүүдийнх нь сав, баглаа, боодол чамин гэж жигтэйхэн. Хэрэглэгчид хүссэн өнгө, сав, амт, үнэр, саагаараа захиалаад хийлгэх боломжтойгоороо давуу талтай. Үүний сацуу багцаар нь авбал уут, чихрийн цуглуулга дагалддаг юм билээ. Хөөрхөн сэтгэсэн байгаа биз.

Монголын гоо сайхны бизнест 13-хан насандаа хүч үзэж яваа А.Гэгээнийг “Global Press Journal” сайт онцолсон нь олны анхаарлыг ихэд татав. Түүнтэй утсаар холбогдон ярилцлаа.

УРУУЛ ӨНГӨЛӨГЧ, УРУУЛЫН ТЭЖЭЭЛ, ГУУЖУУЛАГЧ ХЭРХЭН ХИЙХИЙГ “YOUTUBE”-ЭЭС СУРСАН

-13-хан насандаа Монголын гоо сайхны салбарт хөл тавьж, гурвын гурван бүтээгдэхүүн хийдэг тань сонирхол татаж байна. Эдгээрийг хэрхэн хийхийг “Youtube.com”-аас хэзээ сурсан бэ?

-Зохион бүтээгч болох маань миний багын мөрөөдөл. Багаасаа жижиг сажиг юм хийж, туршиж өссөн. Энэ оны гуравдугаар сард гэртээ хэрхэн уруул өнгөлөгч хийж сурах тухай бичлэг “Youtube”-ээс үзсэн юм. Ер нь хэдхэн удаа үзээд л сурчихсан. Яг тэр бичлэгт заасны дагуу бус өөрийн гэсэн хэв маягийг шингээн, өвөрмөц хийхийг үргэлж хүсдэг. Өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай болох их чухал юм билээ.

Би зүгээр нэг сураад өнгөрөхийг хүсээгүй. “Amazon.com”-оос сав, түүхий эдийг нь захиалаад хийхээр шийдсэн юм. Захиалсан зүйлс маань наймдугаар сарын сүүлчээр ирээд, тэр үеэс шууд хийж эхэлсэн. Тэгээд “Үнсье beaty” нэртэй пэйж хуудас нээн, онлайн дэлгүүр ажиллуулж эхэлсэн юм.

ААВ, ЭЭЖЭЭРЭЭ ХИЙЛГЭДЭГ ГЭЖ ЗАРИМ ХҮН АНДУУРДАГ

-Гоо сайхны ямар ч төрлийн бизнес хийх амаргүй. Тэр тусмаа бага насны хүүхдэд олон бэрхшээл тулгарч байгаа нь мэдээж. Анхандаа “Би чадахгүй байх. Том болохоороо хийе” гэх эргэлзээ байсан уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Анхандаа өөрийгөө голсон, бүтэхгүй бол яана гэж айсан. Болж, бүтэхгүй гэж бодвол зорилгодоо хүрч чадахгүй. Тийм болохоор “Би чадна” гээд эхлүүлсэн. Анхандаа зарим хүмүүс “13-хан настай хүүхэд ийм хийж чадахгүй. Аав, ээжээрээ хийлгэдэг юм биш үү” гэж гэж их андуурсан. Тийм буруу ойлголттой хүмүүс их байсан. Тэгсэн ч би тоогоогүй. Угаасаа би өөрөө хийж байгаа үнэн юм чинь сэтгэлээр огт унаагүй. Ямар нэгэн бизнестэй болохыг би багаасаа мөрөөдсөн. Тэр мөрөөдлөө биелүүлсэн болохоор юунд ч бууж өгөхийг хүсээгүй. “Бусад хүн юу гэх хамаагүй. Би хийх ёстой юмаа 100 хувь хийх ёстой” гэж л бодсон.

-Энэ бүхнийг эхлүүлэхэд аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Би 10 настай байхдаа нэг бизнестэй байсан юм. Даанч тэр маань бүтээгүй. Энэ жил уруулын бүтээгдэхүүн хийх хүсэлтэйгээ хэлэхэд аав, ээж хоёр минь дуртайяа зөвшөөрсөн. Зардлыг нь даагаад, дэмжсэн. Одоо ч дэмжсээр байгаа.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ БҮХ ЗҮЙЛИЙГ БИ ӨӨРӨӨ ХИЙДЭГ

-Бүтээгдэхүүнийхээ хэлбэр, хийц, орцноос авхуулаад бүгдийг нь өөрөө хийдэг үү?

-Тэгдэг. Уруул өнгөлөгч маань шахдаг савтай болон модон чихрэн хэлбэртэй, зөөлөн түрхэгчтэй гэсэн хоёр төрөлтэй. Уруулын тэжээл нь том шилтэй, өнхрүүшин түрхэгчтэй, өндөр нарийн савтай мөн өнхрүүшин түрхэгчтэй, намхан нарийн савтай, өнхрүүшин түрхэгчтэй, жижигхэн савтай, өнхрүүшин түрхэгчтэй, хавтай дугуй савтай гэсэн төрөлтэй.

Охидууд хүссэн өнгөөрөө, лимон, алим, лийр, тоор зэрэг 11 жимсний амтаар, эрвээхэй, холографик, одны хэлбэртэй саагаар хийлгэх боломжтой.

“БИ ДЭЛГҮҮРТ ОРООД ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮН СОНИРХОХ БАЙСАН БЭ” ГЭЖ ӨӨРӨӨСӨӨ ҮРГЭЛЖ АСУУДАГ

-А.Гэгээн өөрөө 13 настай болохоор өсвөр насныхны хүсэл, сонирхлыг илүү сайн мэдэрдэг байх. Өсвөр насныханд зориулснаараа их өвөрмөц, содон санагдлаа. Уруулын бүтээгдэхүүнийг яагаад онцлов?

-Би гялалзсан зүйлд дуртай. Миний насны хүүхдүүдийн сонирхдог өнгө, саатай, савлагаатай бүтээгдэхүүн ер олддоггүй. Тиймээс ерөөсөө үеийнхээ хүүхдүүдэд зориулсан уруулын өнгөлөгч, уруулын тэжээл, уруулын гуужуулагчийг онцолж хийхээр шийдсэн юм л даа. Бүтээгдэхүүнийхээ шинэ санааны талаар үргэлж боддог. “Хэрвээ би дэлгүүрт орсон бол ямар бүтээгдэхүүн сонирхох байсан бэ” гэж өөрөөсөө байнга асуудаг.

-Өсвөр насны охидод зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг хүүхэд А.Гэгээнээс өөр бий юү?

-17 настай нэг эгч хийдэг гэж дуулсан. Би түүхий эдээ “Amazon”-оор дамжуулан Америк, Австралиас захиалаад, хийдгээрээ онцлогтой. Тэгэхээр ямар ч хадгалах химийн бодисгүй, хүний биед сөрөг нөлөөгүй. 100 хувийн байгалийн гаралтай бүтээгдэхүүн.

-Бүтээгдэхүүнийг нь хэрэглэсэн хэрэглэгчид ямар сэтгэгдэл хэлдэг вэ?

-Ер нь сэтгэгдэл өндөр, сэтгэл ханамжтай байдаг. Надад үргэлж урмын үг хэлдэг. 13 настай хүүхэд хийдэг юм байна гээд хүмүүс их сонирхдог. Манай ангийнхан миний бүтээгдэхүүнээс аваад, урмын үг хэлэхэд нь гоё санагдсан. Уруул нь их хатдаг нэг хүүхэд манай ангид байдаг юм. Миний хийсэн уруулын тэжээлээс гурван хоног хэрэглээд л зүгээр, зөөлөн, булбарай болчихсон гэсэн.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ МИНЬ ХЭРЭГЛЭГЧДЭД ЗАРИМДАА ААВ ХҮРГЭЖ ӨГДӨГ

-Бүтээгдэхүүндээ тус бүрт нь нэр өгөх бодол бий юү?

-Байхгүй. Би уг нь анхандаа бүх бүтээгдэхүүндээ нэр өгдөг байсан юм. Одоо больчихсон. Жишээлбэл, шар өнгийн өнгөлөгчдөө “Нар” гэдэг нэр өглөө гэж бодъё. Хүмүүс “Нар”-аас авъя гэж ер хэлдэггүй. Зөвхөн тэр шар өнгөтэйгөөс нь авъя гэдэг байхгүй.

-Ер нь брэнд бүхэн өөрийн гэсэн өвөрмөц нэртэй. Зарим хүн бүтээгдэхүүнээ өөрийнхөө нэрээр нэрлэх тохиолдол бий. Чи ч мөн өөрийнхөө нэрээр Гэгээн гээд нэрлэвэл зүгээр санагдаж байна.

-Манай онлайн дэлгүүрийн нэр “Үнсье beaty”. Бүтээгдэхүүндээ ч юм уу ер нь өөр нэр өгье гэж боддоггүй. Би бүтээгдэхүүнээ хүргэлтийн компаниар хүргүүлдэг. Заримдаа аав минь хүргэж өгдөг. Манай гэрт ирээд, хүссэн өнгө, загвараараа захиалж хийлгэх боломжтой.

-Нэг бүтээгдэхүүн хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Ер нь 20-30 минут болдог. Аймар төвлөрөөд, бүх анхаарлаа төвлөрүүлбэл бүр богино хугацаанд хийж чадна.

-Олонх хүүхэд “Сургууль төгсөөд, 18 нас хүрснийхээ дараа бизнес эрхэлье” гэж боддог, хойш нь тавьдаг. Аав, ээж нь ч мөн “Арай балчир байна. Хичээлээ л сайн хий” гээд дургүйцэх нь олонтаа. Тийм бодолтой эцэг, эх, хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?

-Хэрвээ чи чин сэтгэлээсээ л хүсвэл юуг ч хийж чадна. Зөвхөн “Тэгнэ, ингэнэ” гэж мөрөөдөөд байвал юунд ч хүрэхгүй. Үүний оронд ямар нэгэн алхам зоригтой хийх хэрэгтэй. Алдсан ч, бүтэлгүйтсэн ч хамаагүй. Адаглаад дараа нь “Хэрвээ би тэгсэн бол” гэж харамсахгүй шүү дээ. Яг манай аав, ээж шиг хүүхдээ сайн дэмжээрэй гэж эцэг, эхчүүдэд захья. Хэрвээ аав, ээж хоёр минь намайг дэмжээгүй бол би ингэж явахгүй, ийм юм хийж чадахгүй байсан шүү дээ.

ХИЙСЭН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХЭРЭГЛЭХДЭЭ ЖИНХЭНЭ АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭРДЭГ

-Тийм бүтээгдэхүүн хийх юм сан гэж зорьсондоо хүрсний дараа ямар мэдрэмж төрдөг вэ?

-Үнэхээр гоё санагддаг, хайр хүрдэг. “Ямар гоё юм бэ” гээд хүмүүс авах байх даа гэж боддог. Би бүтээгдэхүүнүүдээ хийх бүртээ нэгийг илүү хийдэг. Түүнийгээ өөр дээрээ түрүүлж туршин, хэрэглэж үздэг юм. Хийсэн бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглэхдээ, хүмүүс хэрэглэж байхыг хараад жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг. Яг минийх шиг тийм мэдрэмжийг хүн бүхэн аваасай, мэдрээсэй гэж хүсдэг.

-Ирээдүйн зорилгоосоо хуваалцана уу. Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Би ирээдүйд бараа, бүтээгдэхүүний зохион бүтээгч болохыг мөрөөддөг. “Үнсье beauty”-гийнхаа бүтээгдэхүүнийг улам өргөжүүлнэ. Удахгүй илүү гоё бүтээгдэхүүн гаргана.

“GLOBAL PRESS JOURNAL” САЙТ ОНЦОЛСОН МОНГОЛ ОХИН

-А.Гэгээнийг гадаадын “Global Press Journal” сайт онцолсон байна лээ. Тус нийтлэлийг уншсан уу?

-Уншсан, уншсан. Би уг нь уруул өнгөлөгч, уруулын тэжээл, уруулын гуужуулагч хийдэг. “Global Press Journal”-д зөвхөн уруул өнгөлөгч, тэжээл хийдэг тухай минь онцолсон байна лээ. Гуужуулагч хийдэг тухай бичээгүй байна лээ. Гэхдээ зүгээр ээ.

-Цар тахал бизнест нь хэр нөлөөлж байна вэ?

-Би энэ ажлыг сонирхлоороо хийдэг. Сард яг тэдэн ширхгийг борлуулна, тэдэн төгрөгийн ашиг олно гэж ер шунадаггүй.

БИ ОНЦ СУРДАГ БОЛОХООР ХИЧЭЭЛ, БИЗНЕСЭЭ ХОСЛУУЛАХАД ЁСТОЙ АСУУДАЛГҮЙ

-Одоо цар тахлын улмаас хичээл орохгүй байгаа. Сургууль орохоор хичээлийнхээ хажуугаар бизнесээ амжуулах амаргүй байх болов уу?

-Би хичээлдээ сайн, онц сурдаг. Тийм болохоор ёстой асуудалгүй. Гэрийн даалгавраа богино хугацаанд хийгээд, чөлөөт цагаа бүхэлд нь бизнестээ зориулж чадна.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Шинэ оноо сайхан угтаарай.

-Надаас ярилцлага авсанд баярлалаа. Бүх хүнд Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2020-12-30 12:32

Сайн охин бэ мөрөөдлөө биелүүлээрэй амжилт хүсье

зочин
зочин
2020-12-30 13:47

Гайхамшигтай! Суут хүн болох байх аа. Ийм сайхан монгол охиноо бахархаж байнаа!!!

Зочин
Зочин
2020-12-30 17:14

Unher mundag shu bayr hurgie

зочин
зочин
2021-01-02 21:38

за больж үз эрүүл ахуйн шаардлага хангахгүй юм хийгээд бхад хэн худ�##�даж авч өөгшүүлээд бган нөгөө мэргэжлийн хян�##�т хна юу хийж бнан х�##�дварт өвчин тархаж бга өнөө үед эрүүл ахуй х�##�дваргүййтлийн шаардлага хангасан эмэх нь мэдэгдэхгүй гэртээ нэг ямар ч мэдлэг боловсролгүй хүшхэд тоглоом ч юмуу юу хийгээд бгааг нь мэдэхгүй бж юун аймаар онгирцгоогоод бган

Зочин
Зочин
2021-01-15 05:00

Өөрөө хийж чадаагүй бол дуугай л бай мэдүү. Уйддымуу яадын? Атаархаад үхлээ????????????

Ж Хонгорзул
Ж Хонгорзул
2021-02-14 16:52

ямар мундаг эгч вэ таныг бахархаж байна цаашдаа улам хичээгээрэй☺☺❤❤???????? амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button