ДЭЛХИЙ

Жо Байден Ойрх Дорнодод дайн үүсгэсэн Обамагийн засаглалын гишүүдийг сонгож байна

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр Жо Байден тодорсон бөгөөд тэрбээр ирэх 20-ны өдөр тангараг өргөн, ажлаа хүлээн авна. Тус өдрийн дараа Конгресст Жо Байдены нам олонх болох тул түүнд хийхийг амласан зүйлсээ гүйцэлдүүлэхэд илүү хялбар болсон юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай орныг удирдах тэрбээр засаглалынхаа албан тушаалтнуудыг томилж эхэлсэн. Харамсалтай зүйл нь Байден, Обамагийн засаглалд ажиллаж байхдаа дайн дажныг дэмжиж байсан хүмүүсийг засгийн газрынхаа албан тушаалтнуудаар сонгожээ. Ерөнхийлөгч Обамагийн засаглалын үед Ливи, Сири, Йемен улсын асуудалд АНУ цэрэг армийн хүчээр хөндлөнгөөс оролцсон. НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн тооцоолсноор бол Сири улс дахь зөрчилдөөний улмаас 5.5 сая гаруй хүн дүрвэж 400 мянган хүн амь насаа алдсан байна.

Харин Жо Байден дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Башар Аль Ассадыг эсэргүүцэж буй Сири иргэдийн дунд Исламын экстремист үзэл бодол давамгайлж байгаа хэмээн үзэж тэдгээр босогчдыг дэмжихээс болгоомжилж байсан гэнэ. Мөн Обамагийн засаглалд үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажилладаг байсан Бен Рөүдс “Афганистан руу нэмж цэрэг явуулахыг эсэргүүцэж байсан цорын ганц ахлах албан тушаалтан Жо Байден байсан” хэмээжээ. Хачирхалтай зүйл нь Байден 2002 онд сенат байхдаа Иракийн дайныг дэмжиж саналаа өгсөн байдаг. Үүнээс гурван жилийн дараа тэрбээр 2005 оны арван нэгдүгээр сард “Meet the Press”-д өгсөн ярилцлагадаа дайныг дэмжиж санал өгснөө алдаа байсан хэмээсэн байдаг юм. Гэхдээ Байден 2005 оноос өмнө Иракийн дайныг дэмжсэнээ “зөв” хэмээн өмөөрсөөр байсан аж.

Тэгвэл Жо Байден Обамагийн засаглалд ажиллаж байсан хэн хэнийг сонгосныг харцгаая.

ЭНТОНИ БЛИНКЕН

Байден-Харрисын баг түүнийг Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн байгаа. Тэрбээр 2011 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байхдаа Ливи улсын асуудалд цэрэг армийн хүчээр хөндлөнгөөс оролцохыг дэмжсэн. Мөн 2013 онд Блинкен Сирийн босогчдыг зэр зэвсгээр хангах бодлогыг дэмжсэн байдаг.

Харин 2018 онд Блинкен, Мишель Флурной гэх мэт Обамагийн засаглалд ажиллаж байсан хүмүүстэй хамтарч стратегийн зөвлөгөө өгдөг “WestExec Advisors” байгууллагыг үүсгэхэд хувь нэмэр оруулсан байдаг. Тус байгууллага нь хэнд үйлчилгээ үзүүлдгээ нууцалдаг аж. “The American Prospect” сэтгүүлийн Жонатан Гайер үүний талаар нийтлэл бичихдээ “Блинкен Флурной хоёр холбоо сүлбээгээ ашиглан технологи болон батлан хамгаалахын салбарт үйл ажиллагаа явуулдаг их хэмжээний үйлчлүүлэгч цуглуулсан. Нэгэн ажиглалт болон хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Израиль компани тэдэнтэй холбогдсон. “Google” компанийн тэрбумтан Эрик Шмидт болон “Fortune 100”-ийн компаниуд тэдний үйлчилгээг авсан” хэмээжээ.

АВРИЛ ХАЙНС

Тэрбээр Үндэсний тагнуулын газрын захирлаар сонгогдсон юм. Хайнс 2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд томилогдсоныхоо дараа террористуудыг дроноор бөмбөгдөх төслийг Обаматай хамтран зохиосон байна. Харамсалтай нь дронууд маш олон энгийн иргэдийн амь насыг хороосон юм. Трампын засаглал дроноор дайралт хийх явдлыг үргэлжлүүлсэн боловч Обамагийн засаглал Хайнсын дэмжлэгтэй тус ажиллагааг эхлүүлсэн билээ.

ЛОЙД АУСТИН

Байден-Харрисын баг түүнийг Батлан хамгаалахын нарийн бичгийн даргаар сонгосон. Тэрбээр өмнө нь АНУ-ын цэргийн хүчний төв командлагчаар ажиллаж байсан юм. Аустин Вашингтоноос Ойрхи Дорнодын асуудалд хөндлөнгөөс оролцсон явдлыг эсэргүүцсэн гэх ямар нэгэн баримт бараг байгүй. Харин тэрбээр “Raytheon” гэх компанийн удирдах зөвлөлийн гишүүн. Тус компани нь Ойрх Дорнодод явуулсан Вашингтоны бодлогоос хамгийн их ашиг олсон гэгддэг.

Гэхдээ Жо Байдены сонголтыг сенатын танхим батлах ёстой юм. Энтони Бликен болон Лойд Аустин нарыг батлах хурал ирэх 19-ний өдөр болно. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах нам сенатын танхимд олонх байгаа юм. Иймд тэднийг Блинкен болон Аустин нарыг батлах эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Cato Institute, Jacobin Magazine, Washington Post

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button