ДЭЛХИЙ

ШИНЭ СУДАЛГАА: Коронавирусийн мутацилагдсан хэлбэрийн эсрэг дархлаа дор хаяж зургаан сараар тогтдог

Дэлхий даяар “SARS-CoV-2” вирусээр халдварлаж “КОВИД-19” туссан хүмүүсийн тоо ихсэж байгаа билээ. Мөн үүнтэй зэрэгцэн эдгэрсэн хүний тоо ч нэмэгдэж байгаа юм. Иймд тэдгээр эдгэрсэн хүмүүст хэр удаан хугацааны турш дархлаа тогтох вэ гэдэг нь маш чухал асуулт болоод байгаа билээ. Тэгвэл Рокфеллер их сургуулийн эрдэмтэд судалгаагаар коронавирус болон түүний мутацилагдсан хувилбарын эсрэг дархлаа дор хаяж зургаан сараар тогтдог гэдгийг харуулсан баримтууд олжээ.

Тус судалгаа “Nature” сэтгүүлд хэвлэгдсэн юм. Эрдэмтэд туршилтаар дархлааны систем вирусийг санаж, ялгаруулдаг эсрэг биеийнхээ чанарыг сайжруулдаг гэдгийг илтгэх баримт илрүүлсэн байна.

Одоо Рокфеллер их сургуулийн эрдэмтэд судалгаагаар юу олсон гэдгийг харцгаая

Рокфеллерийн их сургуулийн судлаачид халдвар авснаас хэдэн сарын дараа дархлааны үүсгэсэн эсрэг бие, коронавирус болон түүний мутацилагдсан хувилбаруудаас хамгаалах чадвар нь нэмэгдсэн гэдгийг илрүүлсэн байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол дархлааны эсүүд гэдэсний эд доторх вирусийн үлдэгдлийн тусламжтай хувьссаар илүү сайн үр дүнтэй эсрэг бие ялгаруулдаг болсон аж.

Судлаачид эдгээр зүйлсийг илрүүлсний дараа эдгэрсэн хүмүүс дахин халдвар авбал дархлааны тогтолцоо нь илүү хурдан мөн чанартай хариу урвал үзүүлж өвчин тусахаас сэргийлнэ гэж бодож буйгаа илэрхийлжээ.

Тухайлбал судалгаанд оролцсон эрдэмтэн Мишель С.Нуссенцвейг хэлэхдээ “Энэ мэдээг сонсоод сэтгэл их хөдөлсөн. Бидний харж буй дархлааны хариу урвал нь дахин халдвар авахад түргэн, үр дүнтэй ажиллаж урт хугацаанд хамгаалалт үүсгэх магадлалтай” хэмээсэн юм. Нуссенцвейг бусад эрдэмтэдтэй хамтран цар тахлын эхэн үеэс хойш Нью-Йорк хот дахь “КОВИД-19” тусаад эдгэрсэн хүмүүсийн эсрэг биеийг судалсан аж.

Удаан хугацааны дархлаа хэрхэн тогтох вэ?

Халдварын үед дархлааны тогтолцоо үүсгэсэн эсрэг бие цусны плазм дотор хэдэн долоо хоног эсвэл сар байдаг юм. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам цусан дахь эсрэг биеийн тоо цөөрдөг. Гэхдээ дархлааны систем эмгэг төрөгчдийг устгах илүү сайн аргатай. Тодорхой эмгэг төрөгчөөс хамгаалдаг эсрэг бие цаг үргэлж ялгаруулахын оронд дархлааны тогтолцоо санамжийн B эс үүсгэдэг. B эсүүд нь эмгэг төрөгч биед дахин нэвтэрч ирэхэд эсрэг бие ялгаруулдаг юм.

Нуссенцвейг тэргүүтэй эрдэмтэд энэ дархлааны санамж нь коронавирусийн эсрэг хэр удаан байдгийг илрүүлэхийг хүсжээ. Тэд 87 хүний эсрэг биеийг халдвар авснаас нэг сар болон зургаан сарын дараа судалсан байна. Зургаан сарын дараа эсрэг бие хүмүүсээс илэрсэн боловч тооны хувьд багассан байжээ. Лабораторийн шинжилгээгээр судалгаанд оролцсон хүмүүсийн цусны плазм зургаан сарын дараа вирусийг саармагжуулах чадвар нь тав дахин буурсан байсныг илрүүлсэн юм.

Харин оролцогчдын коронавирусийг саармагжуулах үйлчилгээтэй эсрэг бие бүтээдэг B эсийн тоо цөөрөөгүй байсан аж. Зарим хүмүүст бүр санамж эсийн тоо ихэссэн байжээ. Тус судалгаанд оролцсон Кристиан Гаеблер хэлэхдээ “Вирусийн рецепторт холбогдох хэсэг рүү дайралт хийдэг эсрэг бие ялгаруулдаг B эсүүдийн тоо өөрчлөгдөөгүй байсан. Энэ бол сайн мэдээ, учир нь та вирусээр дахин халдварлахад тэр эсүүд тус болно” хэмээсэн юм.

Эрдэмтэд санамжийн B эсийг судлаад юу олов?

Судлаачид тус санамжийн B эсийг илүү нарийвчлан шинжлээд нэгэн сонирхолтой зүйлийг анзаарчээ. Тэдгээр эсүүд халдвар намжсаны дараа ч гэсэн хэд хэдэн удаа мутацид орж хувьссан байна. Үүний үр дүнд B эсүүдийн ялгаруулах эсрэг биетүүд илүү үр дүнтэй болжээ. Лабораторийн шинжилгээгээр тус шинэ эсрэг биетүүд нь вирусийн гадаргууд илүү бат бөх холбогддог бөгөөд коронавирусийн мутацилагдсан хувилбарыг хүртэл таньж байсан аж.

Нуссенцвейн үүний талаар “Санамжийн B эсүүд тэдгээр цаг хугацааны турш хувьсаж л байсан гэдгийг мэдээд гайхсан. Иймэрхүү зүйл ихэвчлэн архаг халдварын үед л тохиолддог. Тухайлбал ДОХ, херпес өвчний үед вирус биед удаан оршин ийм зүйл болдог юм. Гэхдээ бид “КОВИД-19” тусаад эдгэрсний дараа вирус биед үлддэггүй хэмээн бодож байсан тул ийм зүйл болно гэж таамаглаагүй” гэсэн юм.

Коронавирус хүний уушги дахь тодорхой эсүүд, залгиур хоолой, нарийн гэдсэнд хуваагддаг. Ийм учир эрдэмтэд тэдгээр эдэд буй вирусийн үлдэгдэл хэсгүүдийн тусламжтай санамжийн B эсүүд хувьсаж байж магадгүй хэмээн таамаглажээ.

Уг таамаглалыг туршиж үзэхээр эрдэмтэд “Mounat Sinai” эмнэлэгт ажилладаг Саурабх Механдрутай хамтарсан байна. Механдру “КОВИД-19” тусан эдгэрээд дунджаар гурван сар өнгөрч буй хүмүүсийн нарийн гэдсэнд судалгаа хийжэ.

Тэд 14 хүнээс сорьц авж судалгаа хийсний долоогийнх нь гэдэсний хучуур эдээс коронавирусийн генетикийн материал болон уургууд илэрсэн аж. Эрдэмтэд вирусийн тэдгээр үлдэгдлүүд халдвартай эсвэл зүгээр л үхсэн коронавирусийн хэсгүүд эсэхийг мэдэхгүй байгаа юм.

Мөн тэдгээр эрдэмтэд вирусийн үлдэгдэл биеийн аль нэг хэсэгт хадгалагдах нь дархлаанд хэрхэн нөлөөлдгийг судлахын тулд нэмж судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Science Daily

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button