УЛС ТӨР

ПРОТОКОЛ: УИХ-ын гишүүд Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нартай танилцлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нартай танилцлаа. УИХ-ын гишүүд сайдад нэр дэвшигчдэд үг хэлж, асуулт асууж дууслаа.

Хуралдааны товч тэмдэглэлийг багцлан хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Л. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын оруулж ирж байгаа нэр дэвшигчдийг дэмжиж байна. Зөвд нь зөөлөн, бурууд нь хурц байж МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллана. Аль болох алдаа бага гаргаарай. Амжилт гаргахын төлөө ажиллаарай.

Хоёрхон зүйл хэлмээр байна. Та бүгдийн ширээнд байнга харж, уншиж байх зүйл бол Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль. Яамны эрх зүйн байдлын тухай хууль. Дараа нь хөгжлийн бодлого төлөлвлөлтийн тухай хууль.

Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталсан. Өнгөрсөн 30 жил замбараагүй, хөгжлийн бодлогогүй ажиллаж ирсэн. Шинэ хууль эрх зүйн орчноор ажиллана.

Хоёрдугаарт ширээнд байнга байх ёстой бичиг баримт бол Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан таван бодлогын бичиг баримт байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Одоогийн Ерөнхий сайд үе үеийн Ерөнхий сайдаас хамгийн их эрх мэдэлтэй. Өмнөх Ерөнхий сайдууд ийм хэмжээний эрх эдэлж байгаагүй. Засгийн газар ковидтой тэмцэх, эдийн засгийн хүнд цохилтод орсон айл өрхүүдээ дэмжих хамгийн чухал. Энэ ажил дээр бүх хүч анхаарлаа хандуулах ёстой. Өмнөх Засгийн газар сайн ажилласан. Энэ Засгийн газар хоёр, гуравдугаар сард маш амаргүй болж магадгүй.

УИХ манлайлал үзүүлж ажиллаж байгаа. Шүүхийн хууль дээр Х.Нямбаатар холбирсон байр суурь барьж ажилласан. Ийм байдал хатуу ярина шүү. Эрх зүйн хувьсгалын маш олон хууль байгаа. Ерөнхий сайд Засгийн газраа хатуу удирдах ёстой. Сайн засаг гэдэг бол бүх юм руу орохгүй гол гол асуудлаа л шийдэх ёстой.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Цар тахлын амаргүй үед зоригтой алхмууд хийгээд, иргэд рүү чиглэсэн алхам хиймээр байна. Коронавирусийн үед арай зөөлөн бодлогоор асуудал шийдэх бодлогууд орсон. Вакцин яаралтай орж ирнэ. Системтэй байх ёстой байх. Таны байр суурийг сонсъё?

Шадар сайдад нэр дэвшигч С.Амарсайхан:

УОК хамгийн түрүүнд цар тахлын голомтыг бууруулах, нэг ч тохиолдолгүй болохын төлөө бүх хүчээ дайчилж ажиллана.

Цаашид байдал хүндрэхийг үгүйсгэхгүй. Гурван сая хүн амтай нэг багийн тоглолт, иргэн бүрийн оролцоо, үүрэг чухал. Тэдгээрийг хошуучилж ажиллах бүх шатны алба хаагчид хариуцлагаараа, өндөр зохион байгуулалтаараа, гүйцэтгэл, хяналтаараа энэ цар тахлыг хяналтад авах зорилго тавьж ажиллана.

Гэхдээ үйл ажиллагааг хаахгүйгээр ажиллана. Төр, хувийн гэлтгүй үйл ажиллагаа явуулж л байгаа бол тэнд бүх шатны хяналт тавина. Шаардлагатай дүрэм журмын өөрчлөлт хийнэ. Мэдээллийн ил тод байдлыг нэгдүгээрт тавина. Айдас хүйдэсгүй ажиллаж амьдрах боломж бүрдүүлнэ.Технологийн дэвшил түлхүү ашиглана. Шийдвэр бүр зөв байхгүй байхыг үгүйсгэхгүй.  

Амаргүй цаг үед эрэмбэ дарааны зөрчилтэй олон шийдвэр гаргаж байгаа. Энэ бол дэлхий нийтэд тулгамдсан асуудал. Иргэн бүр сахилга баттай баймаар байна. Дээрээ шийдвэр гардаг доороо замхардаг байж болохгүй. Өмнөх УОК сайн ажилласан. Харамсалтай нь зарим шатанд биелээгүй. Амаржсан эхийн асуудал бол өдөр тутмын  хэвийн үзэгдэл шиг болсон асуудал. Иргэдийнхээ оролцоог хангаж ажиллана. Иргэд маань төрийнхөө шийдвэрийг хүндэтгэж ирсэн учраас амаргүй цаг хугацааг туулж байна.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайдад нэр дэвшигч Л.Энх-Амгалан:

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын анхаарах, тэргүүлэх чиглэл болгон хийх ёстой таван шинэчлэл эхлүүлэхээр ярилцсан.

Тухайлбал коронавирусийг ялан дийлж, эдийн засгаа сэргээх, ард иргэдийн ажлын байрыг хадгалах чиглэлд үсрэнгүй алхам хийх зайлшгүй нөхцөл үүссэн.

Мөн дундаж давхаргыг бий болгох реформ, шинэчлэлтийг цаг алдалгүй хийх ёстой. Үүнд боловсрол, эрүүл мэнд, ипотекийн санхүүжилт. Хамгийн гол амин судас болох боловсролын салбарын шинэчлэлийг хий гэж намайг кабинетдаа урьж ажиллуулж байна гэж ойлгож байна.

Боловсролын салбараас болж ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал бий болдог. Энэ бүхэн боловсролын салбарын өнгөрсөн 30 жилийн үр дүн гэж харж байна. Боловсролын салбарын шинэчлэл зөвхөн МАН-ын асуудал биш. Үндэсний зөвшилцлийн хүрээнд хийдэг юм байна. Боловсрол хамаагүй өрх, монгол хүн гэж үгүй. Тиймээс боловсролын салбарын шинэчлэлийг цаг алдалгүй үндэсний зөвшилцлийн хүрээнд хийнэ.

Энэ үеэр Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхлан:

Эдийн засгаа сэргээх хүрээнд гаргасан УИХ-ын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарна. Мөнаж ахуйн нэгжүүд, ЖДҮ-ийн ажлын байрыг хамгаалах тал дээр мөнгөний бодлого, төсвийн бодлого онцгой уялдаж ажиллана.

Одоогийн эдийн засгийн хямрал буруу бодлогоос болоогүй. Энэ бол цар тахлаас улбаатай. 2019 он хүртэл төсвийн сахилга бат сайжирч ирсэн. Гэвч дэлхий нийтээр хүнд сорилттой тулгарлаа. Бидний бай бол ковид юм. Удахгүй вакцин гарч ирээд биднийг аварна гэж хүлээгүйгээр цар тахлыг сөрж гарах хэрэгтэй. Амны хаалтаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж, аж ахуйн нэгжүүдээ нээж, эдийн засгаа босгоно.  Иймээс зөвхөн УОК биш хүн болгон дор бүрнээ хариуцлагатай ухамсартай байх цаг ирсэн. Ковидоос зугтаж биш сөрж амьдрах цаг ирсэн

Соёлын сайдад нэр дэвшигч Ч.Номин:

Мэдээж энэ салбар бас ковидод нэрвэгдээд маш их асуудалтай байгаа гэж ойлгож байгаа. Өмнөх сайдынхаа ажлыг үргэлжлүүлж ажиллана гэж бодож байгаа. Засгийн газрын тогтвортой бодлогыг үргэлжлүүлж ажиллана. Соёлын салбарын ажилчдын нийгмийн асуудал хүнд байгаа. Санаа тавьж ажиллана.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийг батлуулсан. Сайд нар бодлогоо томоор харж, салбар хоорондын түншлэлийг барьж ажиллаарай. Нийгэм, хүрээлэн буй орчиндоо ээлтэй бодлого хэрэгжүүлээрэй. Ногоон хөгжил буюу эдийн засагт тустай байхаас илүү байгаль орчинд ээлтэй хөгжлийг илүүд үзээрэй. Иймд ялангуяа БОАЖ-ын сайд энэ чиглэлд сайн анхаар. Иргэд төрийн үйл ажиллагааг хурдан шуурхай, ил тод байлгахыг шаардаж байгаа. Хэн сайд болохоос үл хамаарч, төрийн үйл ажиллагаа тогтвортой, алсын хараатай, урт хугацааны бодлого барьж ажиллах хэрэгтэй. Т.Мөнхсайхан сайд олон шинэ зүйлийг амжилтыг тавьсан.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

Сайд нарт амжилт хүсье. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хамгийн том эрхийг авсан, хамгийн тогтвортой ажиллаж болох Засгийн газар байгуулагдсан ч багахан хугацааны дотор бүрэлдэхүүн өөрчлөгдөж, олон түмнийг гонсойлголоо. 1990 оноос хойш Засгийн газрын дундаж наслалтыг 1.6 жил гэж ярьж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт дахиж ийм зүйл битгий болоосой гэж хүсэж байна. Иймд эрч, хүчтэй, өмнөх Засгийн газруудын барьж авч чадахгүй байсан сэдвүүдийг барьж аваарай. Энэ ковидтой тэмцсэн жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар хэдэн төгрөг зарцуулсан бэ. Мөн 2021 он дуустал дахин хэд зарцуулагдах вэ гэдгийг асуумаар байна. Ерөнхий сайдаас Орон нутгийн хөгжлийн яамыг байгуулж болохгүй юу гэж асуумаар байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Ковидтой тэмцэхэд 2020 онд 2.4 их наяд, 2021 онд 1.7 их наяд төгрөг зарцуулсан. Эрчим хүч, хог усны төлбөр, халамжийн мөнгөнүүд, татварын алданги, ийм байдлаар зарцуулагдаж байгаа. Хоёр дахь асуултад, улс орнууд ер нь юу хийх вэ гэдгээ тодорхойлж, үүндээ тааруулж бүтцээ зохиодог. Дундаж орлоготой иргэдээ дэмжье гэвэл энэ бүтцээ гаргаад, зорьсондоо хүрээд татан буулгаад явдаг. Дээрээс нь төсвийн бодлого уялдах ёстой. Тэгэхээр намар байгуулагдах шинэ хоёр яам сайн ажиллаж, үр дүнд хүрээд явбал Орон нутгийн хөгжлийн яам байгуулахыг байж болно гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн С.Батболд:

Амаргүй цаг үед шинэ Засгийн газар байгуулагдаж байна. Олон зүйл яримаар байгаа ч хоёр зүйл асууя. Эхнийх нь Оюу толгойн гэрээний асуудал. Миний хувьд анхнаасаа гэрээг сайжруулах ёстой гэдэг байр суурьтай байсан. Нэгэнт ашиггүй гэрээг өөрчлөх, цуцлах асуудлаа шуурхай, түргэн хийх ёстой. Шаардлагатай бол гэрээний үндсэн нөхцөлийг ч эргэж харах хэрэгтэй. Энэ тал дээр Г.Ёндон сайдын байр суурийг сонсъё.

Нөгөө талаас миний Ерөнхий сайд байхдаа гэрээнд хийсэн өөрчлөлтүүдийг эсрэг талд давуу тал үүсгэсэн гэдэг гүтгэлэг явуулсан. Анхнаасаа гаднын хуулийн байгууллагад мөнгө төлж зохион бичлэг бичүүлээд, түүнийгээ гадна дотнын шүүхэд өгөөд эхэлсэн. Тэр нь ялагдаад эхлэнгүүт хүчтэй улс төржүүлж эхэлж байна. Нью-Йоркийн шүүхийн урьдчилсан шийдвэрээ нэхэмжлэгч талын эсрэг гаргаад, арванхоёрдугаар сарын 9-нд, Засгийн газар огцрох сураг ч байхгүй байхад нэхэмжлэгч тал заргаа татаж авсан. Яг л кино шиг. Нэгэнт ингэж улс төржиж байгаа хойно яг ямар зардлаар, ямар маргаан, хэн үүсээд байгааг ард түмэн мэдэх эрхтэй, мэдэх хэрэгтэй. Яг ямар албан тушаалтан энэ заргыг үүсгэж, буцаан татаад яваад байгааг мэдмээр байна. Хууль зүйн сайдыг мэдээлэл хийж өгөөсэй гэж хүсэж байна. Би гомдол гаргаж байгаа гэдгээ хэлмээр байна.

УУХҮ-ийн сайдад нэр дэвшигч Г.Ёндон:

Оюу толгойн гэрээний нөхцөлийг сайжруулах асуудал ахицтай явж байгаа. Нэлээд цогц байдлаар ажлын хэсэг гарч ажиллаж буй. Саяхан УИХ дээр танилцуулга хийх ёстой байсан. Тодорхой хугацааны дараа хийнэ. ТУЗ дээр мэргэжлийн залуу хүмүүс орж ирсэн, нэг хэлээр ойлголцож, их амар байгаа. Рио Тинто компанийн шинэ СЕО-той уулзалт хийсэн, хатуу шаардлагуудыг манай талаас тавьсан. Стратеги байгаа учраас энд хамаагүй яриад байж болохгүй байх . Ер нь Дубайн гэрээг цуцлах, бусад асуудлууд дээр тодорхой байр суурийг илэрхийлээд явж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Ц.Нямдоржийг сайдаар ороод ирсэнд гайхаж байна. Би бол түүнийг шударга хүн гэж боддог байсан. Гэтэл миний бодлоос 180 градус зөрүүтэй хүн юм гэдгийг үг, үйлдэл бүрээр ойлгосон. Танд Монголын төр төлөх төлөөс дуусаагүй юу. Тантай би дандаа санал зөрдөг. Ялангуяа Оюу толгойг та улайран хамгаалж байсан. Та ХЗДХ-ийн сайд биш Рио Тинтогийн сайд шиг ажиллаж байсан. Одоо сайдуудын сайдын суудал дээр суулаа. Захиж хэлэхэд, төрийн ажилд бага шиг л гай болоорой. Ер нь тэгээд Л.Оюун-Эрдэнийн танхимын хамгийн эмзэг цэг Ц.Нямдорж боллоо гэлээ.

УИХ-ын гишүүн П.Анужин:

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчээс асууя.  Эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал уг салбарын цөм асуудал. Та тэр дундаа төрөх эмнэлгийн эмч, сувилагчдын хандлага, ахуй орчин, техник технологийг өөрчлөх чиглэлд юм хийж чадах уу.

Соёлын сайдад нэр дэвшигчид амжилт хүсье. Өнөөдөр соёлоор дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах ажлыг амжилттай хийж байна. Нүүдэлчин соёлыг дэлхийд таниулахад юу хийх вэ. Таныг сайдаас буухад Соёлын салбарт юу үлдэх вэ.

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч С.Энхболд:

Уг салбарт өөрчлөлтийг хийнэ. Бүх эмнэлгүүд 2021 оноос хувь болон улсын эмнэлгүүд нэг түвшинд очно. Үүнийг дагаад эмч, эмнэлгийн ажилтнуудын хандлага дагаад сайжрах байх. Тоног төхөөрөмж сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалтыг хийнэ.

Соёлын сайдад нэр дэвшигч Ч.Номин:

Зөөлөн хүчний бодлого буюу агуулгаар дамжуулж эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийх бодлогыг гаднын орнууд амжилттай хэрэгжүүлж байна. Бид эхлээд дотоодын зах зээлд өрсөлдөхүйц контент бүтээж, үүнийгээ гадагш гаргана. Энэ бол эдийн засгаа солонгоруулах гол чухал үндэс  гэж боддог.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Түүнийг би урьж ажиллаж байгаа юм аа. Хоёр шалтгаан байна. Нэгт, БШУ-ны сайдыг маш чухалчилж, УИХ-ын гишүүд дундаас сонгох шаардлага үүссэн. Иймд ЗГХЭГ-ын суудал дээр гишүүн сайд байх боломжгүй болсон.

Нэг талдаа Ерөнхий сайдыг хууль зүйн алдаагүй ажиллахад түшиг болоосой гэж. Манай танхимын ихэнх сайд нар залуу. Тэгэхээр ахмад, залуу үеийн алтан холбоо байх ёстой. Энэ тал дээр Ц.Нямдоржийг туршлагатай хүн түшиг болоосой гэж урьсан.

Хоёрт Эрдэнэтийн 49-өөс эхлээд эрүүдэн шүүсэн асуудлуудад цэг тавих ёстой байна. Өнөөдөр шийдвэр гаргасан хүмүүс нь ял аваад, зохион байгуулсан хүмүүс нь сул явж байгаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг ухарлах ёстой гэж үзэж байгаа учраас түүнийг урьсан. Миний итгэл үнэмшлийн ч, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ч гарсан шийдвэр. Хүндэтгэлтэй хандаарай гэлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

Авлига, албан тушаалын улмаас хөрөнгө царцаах асуудлаар гаргасан энэ нэхэмжлэл Нью-Йоркийн шүүх дээр эвлэрлээр хэрэгсэхгүй болсон гэдэг баримт байгаа. Иймд нэхэмжлэгч талыг төлөөлсөн “Кинг спалдинг” хуулийн фирм рүү эвлэрсэн хэргийг дахин сэргээх, шүүхийг дахин товлуулах албан бичгийг явуулсан. Мөн ямар албан тушаалтан эвлэр гэдэг санал өгсөн юм бэ. Үүнийг нэн яаралтай хариу мэдэгд гэж явуулсан. Хариу ирмэгц олон нийтэд ил болгож, хуульд заагдсан арга хэмжээнүүд авагдах болно гэсэн тайлбар өглөө.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хамгийн тэнэг санал: Коронавирусын эсрэг тэмцэх яам байгуулах. УИХ дотор иймэрхүү юм ярьдаг ганц нэг хүн байдаг учраас л, " нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино " гэгчээр эд нарыг 76 мал гэдэг байх даа. Хөөрхий...

Зочин
Зочин

Авах завшихаас өөр юм мэдэхгүй юм чинь аргагүй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button