НийгмийнЯрилцлага

Хулгана жилийн “Баатарлаг үйлстэн”-ээр тодорсон Д.Хасбазар: Сүүлийн хоёр жил 245 хүний амь аварсан

-Галын аюулд өртсөн иргэн аврагдаж, амьд үлдэх л бидэнд хамгийн том шагнал юм шүү дээ-

МҮОНТ-ээс жил бүрийн Цагаан сарын үеэр “Цагийн хүрд”-ийн баатрууд”-ыг тодруулдаг уламжлалтай. Өнөө жил тус шагналыг Сонгинохайрхан дүүргийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дашийн Хасбазар хүртэн, “Баатарлаг үйлстэн”-ээр тодорсон нь олны талархлыг ихэд хүлээв.

Онцгой байдлын албанд 20 настайгаасаа хойш, 11 жил завсаргүй ажиллаж буй тэрбээр өнгөрсөн хугацаанд нийт хэдэн хүний амь аварснаа тоолж, барагцаалж байгаагүй гэнэ. Зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд 245 хүний амь аварч, төр, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн 2.5 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг галын аюулаас хамгаалжээ.

Бичлэгийн эх сурвалж: МҮОНТ

“Хэчнээн олон хүний амь аварч, гавьяа байгуулсан ч хийх ёстойгоо хийлээ л гэж боддог” хэмээн даруухан өгүүлэх Д.Хасбазар Сонгинохайрхан дүүргийн шилдэг гал сөнөөгчөөр 2015, 2017, 2021 онд тодорсон. Мөн Шадар сайдын тушаалаар олгох болсон 16 сая төгрөгийн урамшууллыг өнгөрсөн жил хүртсэн юм.

Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэдэг, дэд мастер цолтой түүнтэй ярилцлаа.

ШИНИЙН НЭГЭНД ЭЭЛЖЭЭС БУУГААД, ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ХАМТ ШИНЭЛЛЭЭ

-Хулгана жилийн “Баатарлаг үйлстэн” болсон танд баяр хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлэв үү?

-Баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэллээ. Өнөө жил битүүнд ажиллаад, ээлжээсээ шинийн нэгний өглөө буусан. Ямар ч байсан гэр бүлийнхэнтэйгээ хамт цагаан сараа угтлаа.

-Онцгой байдлын алба цаг наргүй. Шинийн нэгэнд ээлж нь хэр их таардаг вэ?

-Ер нь их таардаг шүү. Тухайн ээлжээс л шалтгаална. Өнгөрсөн жил битүүнд, 2019 онд лав шинийн нэгэнд ажиллаж таарсан. Аврагч хүн хэзээд бэлэн байх үүрэгтэй. Ямар ч баяр ёслолын үеэр амрах эрхгүй. Цагаан сар, наадам гээд ямар ч үед ажиллах нь бидний үүрэг.

“БААТАРЛАГ ҮЙЛСТЭН”-ЭЭР ТОДРООД УЛАМ ИХ ХИЧЭЭХ УРАМ АВЛАА

-“Цагийн хүрд”-ийн 2020 оны “Баатарлаг үйлстэн”-ээр энэ удаа та тодорлоо. Энэ шагналыг гардаж авах мөчид юу бодогдож байв?

-Онцгой байдлын баатарлаг аврагчдыг, хамт олныг төлөөлүүлэн намайг шагнасанд их баярлаж байна. Надтай утсаар холбогдоод “Баатарлаг үйлстэн”-ээр тодорлоо. Тэдний өдөр ирж шагналаа аваарай” гэж хэлсэн. Тэгэхэд нь сайхан санагдсан, улам их хичээх урам авлаа. Шагнал авсан өдрөө би ээлжтэй байсан. МҮОНТ дээр очиж, шагналаа авчихаад шууд ажил дээрээ очсон. Онцгой байдлын алба хаагч бүхэн “Баатарлаг үйлстэн”-ээр тодроосой гэж хүсэж байна.

-Танаас өмнө аврагч хүн “Баатарлаг үйлстэн”-ээр тодорч байсан уу?

-Яг тодорхой сайн мэдэхгүй байна. 2018 онд лав уул уурхайн аврагч Т.Буянтогтох гэдэг хүн “Цагийн хүрд”-ийн “Баатарлаг үйлстэн”-ээр тодорч байсан юм билээ. Би бараг хоёр дахь нь байх.

-Та 20 настайдаа аврагч болсон юм билээ. Онцгой байдлын албатай амьдралаа хэрхэн холбож байв?

-Би багадаа цэргийн хүн болох мөрөөдөлтэй байв. Цэргийн алба хаасныхаа дараа Онцгойд ажилд орсон. Цаг ямагт бусдын төлөө явдаг, буянтай ажил болохоор би бүр ч их татагдсан. Анхандаа шантрах үе зөндөө байсан. 24 цаг ажиллаад, бууж явахад гэнэт дуудлага ирээд дахиад ажиллана. Амралтын өдрүүдэд дуудлага ирвэл шуурхай ирээд, ажиллах нь бидний үүрэг. Хэзээд утсаа асаалттай, үргэлж бэлэн байх чухал.

Байгалийн гамшиг шөнийн цагаар амрахгүй. Баяр ёслолын үе гээд амсхийхгүй. Байгалийн гамшиг хэзээ болохыг урьдчилан таах аргагүй. Шинийн нэгэнд, баяр, ёслолын үеэр ч юм уу дуудлага ирвэл шуурхай очоод ажилладаг. “Манайд зочин ирчихсэн байна. Хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байна. Эхнэртэйгээ болзож явна” гэж хэлэх эрх онцгойгийнхонд байхгүй. Үүгээрээ аврагч, гал сөнөөгчийн ажил хүнд.

АВАРСАН ХҮНЭЭ ТООЛЖ, БАРАГЦААЛЖ БАЙГААГҮЙ

-Онцгой байдлын албанд 11 жил ажиллахдаа хэдэн хүний амь аварсан бэ?

- Яг тэдэн хүний амь аварснаа тоолж байгаагүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 245 хүний амь аварч, бусдын 2.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас хамгаалсан.

-Хоёр жилийн хугацаанд 245 хүний амь аварч. Тэгэхээр 11 жилийн хугацаанд барагцаагаар хэдэн хүний амь аварсан бол?

-Яг хэд болсныг нь тодорхой мэдэхгүй. Би гэлтгүй онцгойгийнхон тэдэн хүний амь аварлаа гэж тоолж, тооцоо гаргадаггүй.

ХЭЧНЭЭН ГАВЬЯА БАЙГУУЛСАН Ч ДАРУУХАН ЯВАХЫГ ХИЧЭЭДЭГ

-Энэ ч утгаараа та бүхнийг “Энэ цагийн эгэл баатар” гэж тодотгодог. Хэчнээн хүний амь аварч, гавьяа байгуулсан ч “Би тэглээ” гэлгүй, даруухан амьдардаг шүү дээ.

-Бусдын амь насыг аварч, эд хөрөнгийг хамгаалах нь бидний үүрэг. Хэчнээн гавьяа байгуулсан ч өөрсдийгөө дөвийлгөлгүй, даруухан явахыг хичээдэг. Ажлаараа л бахархаад явдаг даа.

-Аварсан хүмүүс нь та бүхэнтэй эргээд холбоо барьдаг уу?

-Ер нь ховор. Зарим хүн холбоо барьж, талархал илэрхийлдэг. Би ажлаа, хийх ёстойгоо л хийсэн. Тиймээс аварсан хүмүүс маань холбоо бариасай, баярласнаа хэлээсэй гэж хүсдэггүй. Галын аюулд өртсөн иргэн аврагдаж, амьд үлдсэн нь бидэнд хамгийн том шагнал юм шүү дээ. Нэг ч болтугай хүний амь авран, тухайн гэр бүлийг элэг бүтэн үлдээх хамгийн сайхан.

Гал түймэр барьцгүй, санаан зоргоор унтраах боломжгүй. Хэчнээн хичээсэн ч бусдын эд хөрөнгө, амь насыг галаас хамгаалж чадахгүй байх үе таарна. Цаг алдаж дуудлага өгвөл бид хэчнээн хичээгээд хүссэнээрээ унтрааж чадахгүй. Олон цаг ажилласан ч тухайн иргэний амийг авран, эд хөрөнгийг нь хамгаалсны дараа ядарч буйгаа ч мартчихдаг.

СЭЛЭНГЭД ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААХЫН ТУЛД БҮТЭН САР ХЭЭР АЖИЛЛАСАН

-Та сая гал түймрийг санаа зоргоор унтраах боломжгүй гэлээ. Ой хээрийн түймрийг унтраахаар гэрээсээ хол, олон хоног ажиллах амаргүй. Та хамгийн удаандаа хэдэн хоног ажиллаж байв?

-Би өнгөрсөн хугацаанд нийт 10.6 мянган га газрыг гал түймрийн аюулаас хамгаалсан. 2017 онд Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахын тулд сар гаруй хугацаанд ажилласан. Ханьдаа “Түймэр унтраачхаад ирье” гэчхээд л явж билээ. Угаасаа хэзээ ирэхээ мэдэхгүй, урьдчилаад хэлэх боломжгүй. Түймэр унтарсан цагт л бидний ажил дуусна, гэртээ ирнэ.

Хань минь миний ажлыг үнэхээр сайн ойлгодог дэмждэг. Би гурван хүүхэдтэй. Гэртээ байхад шуурхай дуудлага ирэнгүүт ёстой бүгд пижигнэдэг. Миний хувцас, хэрэгтэй юмнуудыг бэлдэж өгөх гээд бүгд яардаг. Ажилдаа, гал түймэрт явахад надад үргэлж санаа зовдог, “Болгоомжтой байгаарай” гэж байнга захьдаг.

-Бусдын амь нас, эд хөрөнгийг аврахаас гадна та бүхэн өөрсдөө амиа алдах эрсдэл дунд үргэлж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хүнд бэртэж, гэмтэж байсан уу?

-Гал түймрийн дуудлага ирснээс авхуулаад унтраатал бидний амь эрсдэлд байдаг. Гал унтрааж байгаад хүнд бэртэж байгаагүй. Өндрөөс эвгүй унасан тохиолдол бий.

ДҮҮРГИЙНХЭЭ ОНЫ ШИЛДЭГ ГАЛ СӨНӨӨГЧӨӨР ГУРВАН УДАА ТОДОРСОН

-Монголын Онцгой байдлын албаны техник хэрэгсэл, цалин хэр боломжийн байдаг вэ?

-Техник, хэрэгсэл жилээс жилд шинэчлэгдсээр байгаа. Цалин ч ер нь боломжийн болсоор байна. Нэг үеэ бодоход хамаагүй дээрдсэн.

-Бэртэж, гэмтэх вий гээд өөрөө айвал ажлаа сайн хийж чадахгүй. Бэлтгэл, сургуулилалт сайн хийх тусам аяндаа туршлагажиж, айдасгүй болдог.

-Та байгууллага, дүүргийнхээ шилдгээр хэдэн удаа шалгарсан бэ?

-Сонгинохайрхан дүүргийн шилдэг гал сөнөөгчөөр 2015, 2017, 2021 онд тодорсон. Өнгөрсөн онд 16 сая төгрөгийн урамшуулал хүртсэн.

Би гал унтраах техникийн олон төрөлт спортоор долоон жил хичээллэж байна. 2016 онд манай анги улсын аварга болсон, би дэд мастер цолтой.

ЗАЛУУС ЦАЛИНГИЙН ТӨЛӨӨ БУС АЖИЛДАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ, ДУРЛАЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

-Өнөөгийн залуус биед амар, оффисын ажил хийх сонирхол ихтэй. Ажлын орчин, нөхцлөөс шалтгаалаад ТҮК, Онцгой байдлын албанд ажиллах хүсэлтэй залуус улам цөөрөөд байх шиг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь надад ч бас тийм хандлага анзаарагддаг. Манай ажилд ч бас шинээр орж буй зарим залуус хэдхэн сар ажиллан шантраад гардаг. Онцгой байдлын албанд ажиллах хүнд хүчир. Эр хүнээс асар их тэсвэр, тэвчээр шаарддаг. Цалин авахын төлөө ажиллавал нэг их удахгүй шантарна. Тиймээс зөвхөн цалин авахын төлөө бус ажилдаа чин сэтгэлээ хандан, дурлаж хийх хэрэгтэй.

-Аврагч, гал сөнөөгч мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ. Та мэргэжлийнхээ юугаар нь хамгийн их бахархдаг вэ?

-Бусдын амийг авраад, эсэн мэнд эмнэлэгт хүлээлгэж өгөх л хамгийн сайхан. Угаартсан иргэн нүдээ нээгээд, амьсгалах мөч үнэхээр гоё. “Ямар ч байсан амийг нь аварлаа” гэж бодохоор мэргэжлээрээ, ажлаараа үнэхээр их бахархдаг. Үргэлж бусдыг төлөө зүтгэдэг, их буянтай ажил байхгүй юу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
tt
tt
2021-02-22 20:43

sain zaluud amjilt

Холбоотой мэдээ

Back to top button