НИЙГЭМЯрилцлага

Бугын сүрэг хотонд нь өвөлжсөн Б.Болор: Малынхаа өвснөөс илүүчилсээр онд оруулсандаа баярлаж байна

Төв аймгийн Аргалант сумын малчин Г.Амартүвшингийн хотонд бугын сүрэг өвөлжин, хаваржиж байна. Тэрбээр хань Б.Болорын хамт малаа тэжээхээр бэлтгэсэн өвснөөсөө илүүчлэн, өглөө бүр бугануудад хоёр боодол өвс, тэжээл өгдөг гэнэ.

Буганууд тэдэнд дасан, ер үргэхээ больжээ. Бүр тэднийг таньдаг, өөр хүнийг андахгүй, барааг нь харангуутаа үргээд явчихдаг гэнэ.

Тэр ч битгий хэл дуртай үедээ Г.Амартүвшингийн өвсний хашаан дээгүүр өнгийгөөд өвснөөс нь тухтай гэгч нь иддэг гэнэ.

“Хангайн сайхан амьтан сүргээрээ арваннэгдүгээр сараас хойш манай хотонд хонож буйд бэлгэшээж байна. Турж, эцэхээр нь санаа зовж байлаа. Тэжээгээд одоо сайхан тэнхэрсэн. Ямар ч байсан энх цагтай золголоо, ашгүй дээ. Буганууд маань ирэх өвөл дахиад манай хотонд өвөлжөөсэй. Тэгж магадгүй гээд намар ахиухан өвс бэлтгэнэ” гэж буй Б.Болортой ярилцлаа.

БУГЫН СҮРЭГ АРВАННЭГДҮГЭЭР САРД УУЛНААС БУУЖ ИРСЭН

-Бугын сүрэг олон айлаас танайхыг сонгож, танай хотонд өвөлжсөн нь сонирхол татаж байна. Ер нь уулнаас хэзээ бууж ирсэн бэ?

-За, байз яг хэдэн хавьцаа билээ. Ямар ч байсан хөл хорио анх тогтоосны дараа юм даг. Тэгэхээр арваннэгдүгээр сарын 20 хавьцаа уулнаас бууж ирсэн юм байна. Өмнө нь манай энд ганц нэгхэн буга харагддаг байв. Гэхдээ өвлийн цагаар бус бүр дулаарсны хойно. Энэ удаа жавар тачигнасан цагаар хангайн сүрлэг амьтныг сүргээр нь анх хараад үнэхээр сүрдсэн. Мэдээж анхандаа манайд ойртоогүй, дурангаар л харсан юм. Тухайн үед манай гэрийн ойролцоо хоёр хонов. Гэрээс нэлээд зайтай газар л даа. Манайхаас өөр айлын гадаа ер очоогүй.

-Өвс тавьж өгч, тэжээх бодол тухайн үед танд шууд төрсөн үү?

-Тэгсэн. Надаас өөр хүн байсан ч тэгэх байсан болов уу. Буга ямар сайхан сүрлэг, хийморьлог амьтан гэж санана. Туслая гэж бодогдохгүй байхын аргагүй. Хангайн сайхан амьтан ядарч, сульдах вий гэж бодоод би нөхөртэйгөө хамт өвс тавьж өгөхөөр шийдэв. Машинаар зөөн, чирж, гулдарсаар уулын оройд өвс тавилаа. Хашаанд хураасан, намар хадсан өвс өнгө нь харлачихдаг юм. Гэтэл тавьж өгсөн өнөөх өвсийг минь буга идээгүй, үргээд ойртоогүй.

Тэгэхээр нь явдаг замынх нь дагуу, уулын оройд дахиад өвс тавьж өгөв. Бас ойртоогүй, идээгүй. Гэтэл манай саахалт айл хонио тууж ирээд өнөөх өвсийг идүүлчихсэн. Тэгээд тухайн үед тавьж өгсөн өвсөө буганд идүүлж чадаагүй (инээв).

АНХАНДАА ОЛОН УДАА ӨВС ТАВЬЖ ӨГСӨН Ч ЕР ИДЭЭГҮЙ, ОЙРТООГҮЙ

-Анх хэдэн буга байсан бэ. Та өвс тавьж өгсөөр өөртөө дасгасан юм байна, тийм үү?

-Ерөөсөө тэгээгүй. Учир нь бидний тавьж өгсөн өвсийг огт идээгүй, ойртоогүй. Анхандаа таван буга байсан, манай хажууд талын амны модон дотор нэлээд хэд хоносон юм. Идчихэж магадгүй гээд өвс тавьж өгөөд л байв. Даанч санаснаар болоогүй. Цас ихтэй учраас өдөр бүхэн өвс тавьж өгөх боломж байгаагүй. Хамаагүй явбал машинаа цасанд суулгана. Нөгөө талаар хөдөөгийн ажил мундахгүй, зав муутай.

Тэгж байтал хажуугийн амнаас 20 гаруй буга бууж ирэв. Манай нохойноос үргээд уул даваад явчихсан. Уул давах, хурдан давхих буганд ёстой асуудал биш юм билээ. Хэд хоногийн дараа өнөөх буганууд уулнаас 12-уулаа бууж ирэн, манай гэрийн хавьд 10-аад хоносон. Тэр үеэр манай энд цас ихтэй, хүйтэн байсан. Бид хоёр дахиад өвс тавьж өгсөн ч идээгүй. Одоо ч цасан доор хучигдчихсан байж байгаа. Манай гэрийн доошоо хоёр эзэнгүй хашаа байдаг юм. Нэг хашаа руу нь өнөөх буганууд харайгаад орчихсон. Хэчнээн өндөр хашаа байсан ч харайгаад орох буганд ёстой асуудал биш. Тэнд нэлээд хэд хоног идээшилсэн. Хоёр жил орчим тийшээ мал ер оруулаагүй, борог өвстэй хашаа байсан юм. Би ойр ойрхон дэргэд нь очин, сүрлэг сайхныг нь бахдав. Сүүгээ тушаах, дэлгүүрээс юм авах зэрэг ажлаар дэргэдүүр нь байнга явсан. Тэгж байтал өнөөх хашаан доторх өвс дуусав.

ОНД Л ОРУУЛЖ БАЙВАЛ ГЭЭД ӨВСНӨӨСӨӨ ЁСТОЙ ХАЙРЛАЛГҮЙ ӨГСӨН

Б.Болор ханийн хамт.

Тэгэнгүүтээ хажууд нь байдаг тав бил үү зургаан га газартай хашаа руу орсон. Нэг уяачийн хашаа. Торон хашаа татан, зунжин, намаржин усалсан юм. Хавар унагатай гүү оруулж идээшлүүлнэ гээд явсан юм л даа. Өнөөх хашаа руу 12 буга орчихсон. Хэдийгээр бугануудыг өрөвдсөн ч намаржин, зунжин тордож, усалсан хашаан дахь өвсийг нь харж байж идүүлэх муухай. Тиймээс эзэнд нь хэллээ. Шинэ жилийн дараа ирэн, бугануудыг хөөн, өргөстэй төр татсан. Би бугануудыг их өрөвдсөн. Тэглээ гээд айлын хашааг онгойлгоод оруулж болохгүй.

Өмнө нь олон удаа өвс тавьж өгөөд идээгүй. Тиймээс ногоон тэжээл тавьж өгтөл идсэн. Тэгж байтал өнөөх айлын хашаан доторх өвс дууссан. Тэр цагаас хойш манай гаднаас холдоогүй. Их турчихсан байсан болохоор үхчих вий гэж би их айсан. Манайх үхэртэй болоод гурван жил болж байна. Энэ жил үхрээ тэжээх гээд овоо өвс бэлтгэсэн. Түүнээсээ бугануудаа ёстой хайрлахгүй тэжээсэн. Өвсийг худалдаад авч болно. Ингэж тэжээгээд байхад үхчихвэл хайран байлгүй яах вэ.

БУГАНУУД МАНАЙ ӨВСНӨӨС ХҮССЭН ҮЕДЭЭ ИДДЭГ, БИД ХОЁР ЕР ҮРГЭЭДЭГГҮЙ

Бугануудад өвс тавьж өгч байгаа нь.

-Танай хотонд хонодог уу. Та хоёр өглөө бүр тэжээдэг үү?

-Өндөр амьтан болохоор манай өвсний хашаан дээгүүр өнгийгөөд хүссэн үедээ идчихдэг юм. 10 буга хашаатай өвсийг ёстой хонхойтол нь иддэг. Бид хоёр ч хөөж, туудаггүй, аль болох тааваар нь л байлгадаг. Өглөө босоход өвсний хашааны цаана тонголзож зогсдог. Тааваараа идэж байгаа нь тэр. Нөхөр, бид хоёрыг хараад хотноос жаахан дөлдөг. Тэгэнгүүт нь хоёр боодол өвс өгдөг юм. Идчихээд гэрийн ойролцоо уулын энгэрт нарлаад хэвтчихдэг. Шөнөжин хашааны өвснөөс идчихсэн болохоор ёстой додьгор хэвтдэг юм. Энэ өвөл манай гаднаас ер холдоогүй.

-Тэгэхээр бугануудыг үхэрнээсээ дутахгүй тэжээсэн юм байна.

-Үхэрнээсээ ч илүү тэжээсэн. Учир нь үхэрт бид хэмжээтэй өгдөг. Тийм хэмжээтэй өгье гэснийхээ дагуу. Буганд тэгэх боломжгүй. Нөхөр бид хоёрын бодсоноор бус буганууд өөрсдийнхөө бодсоноор иддэг. Хүссэн үедээ хашаан дээгүүр өнгийгөөд л идчихдэг юм. Өндөр хашаан дээрээс өнгийгөөд өвс идэх, харайх буганд ёстой асуудал биш.

БУГАНУУД БИД ХОЁР ДАССАН, ҮРГЭХЭЭ БОЛЬСОН

-Буганууд нь та хоёрт хэр дасав?

-Ер нь бид хоёрыг таньдаг, үргэхээ больсон. Гэхдээ учиргүй ойртохгүй. Өөр хүн дөхөнгүүт шууд үргээд, уул руу гарчихдаг. Надад нэг зураг бий. Буганууд манай үхрийн захад байгааг дарсан юм. Бидэнтэй хамгийн ойртсон нь тэр зураг. Тэгэхээр нөхөр бид хоёртой хамгийн ойртсон нь 20 алхам.

-Нэр өгч амжсан уу?

-Буганууд хоорондоо их адилхан, ялгахад амаргүй. Би ялгаад, бүгдэд нь нэр өгөх гэж оролдсон юм. Эвэрний хэлбэр, том, жижгийг нь харж байгаад л хооронд ялгадаг. Өрөөсөн эвэртэй нэг буга байсан юм. Их том биетэй, тарган буга байсан нэг өглөө үхчихсэн байсан.

Бугануудыг үзэх гэж өдөрт цөөндөө хоёр машин ирдэг. Үргээчих гээд ёстой төвөгтэй байдаг юм. Хүнээс үргээд өнөөх өргөсөн тортой хашааг даваад бэртэж, гэмтчих гээд байдаг. Бид хоёрыг биш гэдгийг мэдэнгүүтээ шууд зугтдаг. “Өргөстэй шүү дээ, яана аа” гээд орилохоос өөр аргагүй. Хашааг нь онгойлгосон ч зэрлэг амьтан тул санаан зоргоор тэр хэсгээр гарахгүй. Айлын хашааны өргөстэй торыг дур мэдээд авчихаж болохгүй. Иймэрхүү зүйл их хэцүү байдаг.

ОЙРД ДУЛААХАН БАЙГАА ТУЛ УУЛ РУУ ГАРАХ БОЛСОН, ОРОЙ ХОТОНД ИРДЭГ

-Одоо танай гадаа байгаа юу. Танай хотонд хонодог хэвээрээ юү?

-Ойрын хэдэн хоног дулаахан байгаа болоод ч тэр үү шинийн 8-наас хойш уул руу гараад байгаа. Орой их аажуу бууж ирээд, хотонд хонох болсон. Заримдаа 23.00 цаг хавьцаа уулнаас бууж ирдэг. Би өнөөдөр (өчигдөр) хотод ирсэн. Өнгөрсөн шөнө лав манай хотонд ирээгүй гэсэн. Ойрын хэд хоногоос хүйтэрвэл уулнаас буугаад ирэх байх.

-Ойролцоогоор танайх бугануудад хэр хэмжээний өвс тавьж өгөн, тэжээгээд байгаа вэ?

-Нэг их нарийн тооцоо гаргаж байгаагүй. Барагцаагаар хоёр сая орчим төгрөгийн өвсөөр тэжээгээд байгаа.

ЗҮТГЭСЭЭР БАЙГААД БУГАНУУДДАА ОНД ОРУУЛСАНДАА БАЯРТАЙ БАЙНА

-Та бугануудад туслахын тулд “Хангайн буганд туслацгаая” нэртэй цахим хуудас нээсэн. Бугануудад туслах, очиж үзэх хүсэлтэй хэр олон хүн холбогдож байна вэ?

-Яалт ч үгүй үхрээ тэжээхийн хажуугаар 10 буганд боломжоороо илүүчлэхээр овоо өвс ордог юм байна. Өглөө бүр хоёр боодол өвс өгнө, буганууд хүссэн үедээ хашаан дээгүүр өнгийгөөд идчихнэ. Үхрээ тавдугаар сар дөхтөл тэжээхээр бэлтгэсэн өвс одоо ер нь дуусаж байгаа. Гуравдугаар сар эхээр дуусах төлөвтэй. Бугануудаа тэжээх, илүүчлэх боломжгүй болсон юм. Одоо хавартай л золгосон болохоос нар, ногоо үзэх болоогүй. Зүтгэх цаг их бий. Тиймээс буганууддаа туслахын тулд бусдаас дэмжлэг хүссэн юм.

“Хангайн буганд туслацгаая” гэдэг нэртэй цахим хуудас 10-аад хоногийн өмнө нээлээ. Олон хүн тусалсаар байгаа. Олны сайхан сэтгэлээр 320.000 төгрөг цугларсан. Түүгээр буганууддаа өвс авсан. Ямар ч байсан зүтгэсээр байгаад 10 бугаа хавартай золгуулсандаа л их баярлаж байна. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ.

-Та өмнө нь амьтан тэжээж байсан уу?

-Ёстой зэрлэг амьтан тэжээж байгаагүй. Огт амьтан тэжээж үзээгүй байж байгаад анх тэжээсэн нь үхэр. Нэг байгаль хамгаалагч “Байгалийн амьтныг учиргүй тэжээгээд дэмий. Байгальдаа л байх ёстой” гэсэн. Миний буруу байж магадгүй. Гэхдээ хангайн ийм сайхан сүрлэг амьтдыг харсаар байж үхүүлэхийг хүсээгүй. Нөхөр бид хоёр лав зөв зүйл хийсэн гэж бодож байгаа.

ИРЭХ ӨВӨЛ ЦАГ ЗҮТГЭВЭЛ МАНАЙД ДАХИАД ӨВӨЛЖИЖ МАГАДГҮЙ. АХИУХАН ӨВС БЭЛТГЭНЭ

-Хэдхэн сар тэжээлгэсэн, ойр байсан гээд учиргүй дасаад, зэрлэг байдлаа алдахгүй. Байгальдаа эргэж гараад л зэрлэгшчих байх.

-Харин тийм ээ. Би ч бас тэгж бодож байна. Одоо цаг дулаарахаар манай гадаа ирэхээр болих байх. Тэгээд л байгальдаа гарчихна. Ирэх жил хүйтэрч, цаг зүтгэвэл буганууд маань манай хотонд ирж магадгүй. Юмыг яаж мэдэх вэ. Ирэх намар буганууддаа илүүчлээд ахиухан өвс бэлтгэнэ.

-Бугын сүрэг танай хотонд өвөлжин, хаваржиж байгаа нь ховор тохиолдол. Та хоёр хэр их бэлгэшээж байна вэ?

-Бэлгэшээлгүй яах вэ. Нөхөр бид хоёрт ёстой сайхан санагдаж байгаа. “Хангайн сайхан амьтад минь манайхаас хүссэнээ идэж, уугаад яваарай” гээд залбирч, уул усандаа цайныхаа дээжийг өргөж сууна. Цахим хуудсанд хүмүүс “Буянтай айл байна. Ийм сайхан буянтай зүйл хийж буй хосоор бахархаж байна” гэсээр буйд нь их урамшлаа.

ХАЙРЛАЖ, ТЭЖЭЭЖ Л ЯВААГААС БУГАНУУДЫНХАА ДЭРГЭД ГАНЦ Ч ЗУРАГ АВХУУЛААГҮЙГЭЭ ОДОО АНЗААРЛАА

-Бугануудтайгаа хамт авхуулсан зураг танд бий юү?

-Нээрэн юу билээ. Чамайг асуухаар чинь гэнэт бодлоо. Нээрэн бугануудынхаа дэргэд ч юм уу ойр хавьд нь зогсож байгаад авхуулсан зураг огт байхгүй юм байна. Бугануудынхаа зургийг нь авч, бичлэг хийж байснаас хамт ер зураг авхуулаагүйгээ одоо л анзаарлаа. Харж баясаад, тэжээж яваагаас ёстой энэ талаар бодож байгаагүй.

-Одоо харихаараа гоё зураг авхуулаарай. Дараа нь гоё дурсамжтай шүү дээ.

-Нээрэн тэгье. Ийм сайхан амьтдыг өвөлжин тэжээж онд оруулж байлаа гээд дараа нь дурсахад зураг л түүх өгүүлнэ.

-Байгалиа, ан амьтдаа хайрлахын хамгийн сайхан нь юу вэ?

-Хүн, байгаль хоёр хүйн холбоотой. Байгаль дэлхийгээ, ан амьтдаа хайрлаж амьрах их чухал. Тарвага, зурам байсан ч агнахыг битгий урьтал болгоосой. Хүн ч гэсэн байгалийн амьтан. Араатан, жигүүртэн, хорхой, шавьж, ширхэг чулууг ч бид хайрлах учиртай. Нээрэн манай хажууд талын ам тарвага ихтэй. Лав 10 гаруй бий. Манайхыг анх энд ирэхэд хоёр байсан юм. Одоо ингээд манай нутаг бугатай боллоо. Яг энэ хэвээр нь, онгон дагшнаар нь үр хойчдоо өвлүүлэх, үлдээхийг хүсэж байна. Нутаг орон маань хүний гар хүрээгүй юм шиг сайхан байгаасай гэж хүсдэг.

Бугануудын талаар цахим хуудсандаа мэдээлэл оруулдаг ч яг хаана байгаагаа зарлаад дэмий юм билээ. Нэг их мэдэгдэхийг хүсдэггүй. Хулгайн анчдад завшаан олгох вий гэж болгоомжилж байна. Өвөлжин тэжээж, онд оруулсан бугануудыг минь ирээд агначихвал яана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-02-25 08:45

Bayarlalaa. Uneheer saihan setgeltei, hvn baihin utga uchriig haruulsan saihan hosdoo, mash ih bayarlalaa. iim hvmvvs olon baigaasai

Эхнэр нь асуудалтай.
Эхнэр нь асуудалтай.
2021-02-25 11:08

Эхнэр нь хөөхрий асууд�##�тай юм уу даа, Видеог нь үзэж байхад тэгж бодогдлоо.

Зочин
Зочин
2021-02-25 11:09

Буганууд, өвснүүд гэж ярихаа болих хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-02-25 21:00

Гамшигийн дохио

Зочин
Зочин
2021-02-25 21:14

Ёстой сайхан сэтгэлтэй з�##�уус байна. Дансаа тавьчихв�##� ядаж ганц боодол өвсний үнэ шилжүүлье ээ. Буга нь ч бай, үхэр нь ч бай, амаа хөдөлгөг дөө, хөөрхий.

Холбоотой мэдээ

Back to top button