УРЛАГ

Ардын уран зохиолч С.Дашдооровын “Амин хууч” ном хэвлэгдэнэ

Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч С.Дашдооров бол монгол үндэстний ондоошил, уламжлалт ахуй соёлын үнэт зүйлс, үндэсний үзэл, эрхэмнэлийг зохиол бүхэндээ шингээн сэтгэж урладаг туурвилч билээ.

Энэ жил эрхэм зохиолчийн мэндэлсний 85 насны ой тохиож буй бөгөөд үр хүүхдүүд нь бүрэн зохиолын түүврийг нь хэвлүүлэх өгөөжтэй ажлыг эхлүүлсэн байна. С.Дашдооров зохиолчийн “Элдэв учрал” хэмээх өвөрмөц хэлбэр зохиомж, шимтэж хошуурам баялаг агуулгатай, монгол аман билиг соёлын улбаа уламжлал мэдрэгдэх ном “Бидний монголчууд” цувралаар (2003) хэвлэгдсэн нь эдүгээ эрэл сураг тавих нүдний гэм болжээ.

“Бидний хорвоо”(1991) номд нь анх хэвлэгдэж, “Цог”, “Утга зохиол урлаг” сонинд хэсэгчлэн нийтлэгдэж байсныг уншигч хорхойтнууд андахгүй. Өдгөө ч энэхүү номон доторх сэтгэлд бүлээ оргиулсан амин халуун яриа, уярал ухаарал, гуниг баярын дурдатгал шингэсэн учрал тохиолдлуудаас ам дамжин ярьж амьд хэвээр хуучлагдан оршсоор байдаг билээ.

Өөртөө болон үе үеийн танил дотно нөхдөд тохиож учирсан түүхүүдийг дурсамж, тэмдэглэл, намтар, хөргөөр урлан өгүүлэхээс гадна яриа дурсамж, хууч яриа, аман түүх, түүх домгийн тэрхүү баримт хэлбэрээр нь цуглуулан бичиж, тээн дамжуулсанаараа нэн онцгой юм.

С.Дашдооров гуайн уран бүтээлийн өв, гар бичмэлүүдийг дахин нягтлан шүүж, энэхүү номд холбогдох хэвлэгдээгүй материал, ховор шинэ бичвэрийг мөн зохиолчийн архив дахь түүхэн гэрэл зургуудаар нэмэн баяжуулаад “Амин хууч” нэрээр дахин хэвлэгдэж уншигчдад хүрнэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button