НийгмийнНИЙГЭМ

О.Эрдэнэхишиг: Бусдын зургийг сошиалд тавьж худал мэдээлэл тараах нь цахим гэмт хэрэг биш

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн цахим хуудсанд сүүлийн үед иргэд, олон нийтийн зүгээс хандсан нийтлэг асуултад тус төвийн Цахим мэдээлэл, мониторингийн хэсгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг хариулт өглөө.

-Цахим хаягаа бусдад алдчихлаа. Хаана хандах вэ?

Иргэн та цахим хаяг, цахим хуудсаа бусдад алдсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бичгээр өргөдөл гомдлоо гаргаж шалгуулахыг зөвлөж байна. Тус хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдэд, өөрөөр хэлбэл, “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах”, “цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах”, “хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах” гэх мэт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Мөн “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, “хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” зэрэг хэргүүд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст харьяалагдаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хэрэв таны алдсан цахим хаягаар иргэдээс мөнгө авч залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтэст хандан өргөдөл гомдлоо гаргаж шалгуулахыг зөвлөж байна. Энэ талаар Монгол Улсын Эрүүгийн хуульд хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. “Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хариуцлагын хүндрүүлэх нөхцөлийг зааж өгсөн байдаг.

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хаяж, үрэгдүүлсэн, солиулах, хүчинтэй хугацаа сунгуулах бол хаана хандаж, яаж шийдүүлэх вэ?

-Энэ үйлчилгээг Портал болон Оператор төвөөр гэсэн хоёр хэлбэрээр асуудлаа шийдүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй байдлаар хэлбэл,
а/ Портал буюу цахимаар захиалах иргэд өөрийн бүртгэлтэй email хаяг, гар утасны дугаартай байх шаардлагатай бөгөөд “е-Mongolia” апплэкейшныг татан авч, “Үйлчилгээнүүд” цэсний “Жолооны үнэмлэх нөхөх, солих” нүд рүү нэвтэрч, хүсэлтээ илгээнэ. Жолооны үнэмлэхийн төлбөр болон зөрчлийн торгуулийг smartcar.mn, Гэрэгэ системс, QPay, цахим банк зэрэг төлбөр тооцооны бүх хэлбэрийг ашиглан төлөх боломжтой.

б/ Операторын буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 салбар /БЗД-т “Дүнжингарав” худалдааны төв, СХД-т “Драгон” төв, Баянхошуу “Бизнес инкубатор” төв, СБД-т 6-н буудлын “Оргил” худалдааны төв, БГД-т III хорооллын эцэс “Соло молл” /И-март/ төв, ХУД-т “Мишээл экспо” төв/-т биеэр хандаж буй иргэд өөрийн нотлох бичиг баримтыг авч очин жолооны үнэмлэхээ захиалах боломжтой.
Жолоочийн үнэмлэхийн мэдээлэл /овог, нэр, регистр, цусны бүлэг гэх мэт/ зөрүүтэй, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд зарлагдсан, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн улмаас эрх нь хязгаарлагдсан шалтгаантай иргэд захиалга өгөх боломжгүйг анхаарна уу. Тухайн системээр захиалснаас хойш үнэмлэхийг ажлын 3-5 хоногт багтаан гаргах /бэлэн болгох/ бөгөөд гарсан үнэмлэхийг “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний цэгийн ажилтанд хүлээлгэн өгснөөр иргэн ажлын 5-10 хоногт жолоочийн үнэмлэхээ хүлээн авах боломжтой.

-Цахимд миний зургийг нийтэлж янз бүрээр бичиж гутаан доромжилж, мөн худал мэдээлэл тарааж байна. Энэ цахим гэмт хэрэг мөн үү. Хаана хандах вэ?

-Юуны өмнө хүний зургийг сошиалд тавьж худал мэдээлэл тараах нь цахим гэмт хэрэг биш юм. Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Сошиал орчинд хүний нэр төрийг гутаан доромжилж байгааг иргэд “цахим гэмт хэрэг” гэж ойлгодог учраас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаад байдаг. Тиймээс хэрэв иргэн таныг хэн нэгэн этгээд сошиал орчинд таны талаар худал мэдээлэл тараасан тохиолдолд оршин сууж буй харьяа нутаг дэвсгэр дэх цагдаагийн хэлтэст хандаж өргөдөл гомдлоо бичгээр гаргаарай.

Сошиал орчин бол тухайн хэргийг үйлдэхэд ашиглаж байгаа хэрэгсэл болохоос цахим гэмт хэрэгтэй хамааралгүй юм. Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Худал мэдээлэл тараах” гэдэгт Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлгох бөгөөд энэ тохиолдолд 450 мянгаас 1 сая 300 мянган төгрөгөөр торгох, эсхүл 10-30 хоног хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, зөрчлийн оноо дууссан бол яаж сэргээлгэх вэ?

-Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас хурууны хээ уншуулж эсвэл “e-Mongolia” аппликейшныг компьютер /PC/ болон гар утсаар эрх хасуулсан, оноо дууссан талаарх лавлагааг хэвлэн авч, эрх сэргээх иргэд /зөрчлийн оноо сэргээх иргэд хамаарахгүй/ “Google” хайлтаар “Эрүүл мэндийн хуудас” маягтыг татан авч хэвлэн, харьяалагдах дүүргийн Эрүүл мэндийн төвөөр орж үзлэгт хамрагдана. Цагдаагийн байгууллагын цахим хуудас /https://police.gov.mn/as/unemleh/-ны “Жолоочийн үнэмлэх” цэс, “Бүртгэл хяналтын төв” цахим хуудсанд байршуулсан 6 дүүрэгт байрлах 14 төрийн бус байгууллагын сургалтад 4-6 цагийн сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдсан иргэний талаарх төрийн бус байгууллагын материал ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд ирснээс хойш ажлын 3-5 хоногт эрх сэргэнэ.

-Ял шийтгэлийн талаарх цагдаагийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас хэрхэн авах вэ?

-Цагдаагийн байгууллага нь цагдаагийн албаны тухай хуульд зааснаар гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа гаргах үүрэгтэй. Энэ хүрээнд хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан, иргэдэд олгодог. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газар нь Харилцаа, холбоо мэдээлэл, технологийн газартай хамтран тус байгууллагын мэдээллийн сангийн холбогдох мэдээллийн системийг төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбосон байгаа.

-Ингэснээр хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх талаарх лавлагааг “Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт”-аар цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгж болон “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн оператор, аймаг орон нутаг дахь Засаг даргын Тамгын газрын “Нэг цэгийн үйлчилгээ”, e-mongolia.mn сайт, гар утасны аппликейшныг тус тус ашиглан авах боломжийг бүрдүүлээд байна.

-Өмнө нь дээрх лавлагааг иргэд зөвхөн цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс биечлэн ирж авдаг байсан бол одоо хүссэн газраасаа, аж ахуйн нэгж, байгууллага нь тоон гарын үсгээ ашиглан “E-Mongolia” вэб портал болон гар утасны аппликейшн ашиглан “Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт”-ыг тус тус гаргуулах боломж бүрдсэн байна.

-Торгуулийн мэдээллээ хэрхэн шалгах, ямар дансанд тушаах талаар хэлж өгнө үү?

-Иргэд торгуулийн мэдээллээ Цагдаагийн ерөнхий газрын https://service.police.gov.mn/, www.smartcar.mn, www.E-Mongolia.mn зэрэг сайтуудаас торгуулийн мэдээллийг шалгах боломжтой. Иргэн та торгуулийн төлбөрөө Төрийн банкны 100200000952 дугаарын дансанд тушаана. Торгуультай холбоотой аливаа асуудлаар ажлын цагаар 70191319 дугаарын утсанд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

-Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг хаана гаргах вэ?

-Цагдаагийн алба хаагчийн хууль зөрчсөн, гэмт хэрэг, зөрчил, сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой аливаа гомдол мэдээллийг 126 тусгай дугаар болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасгийн 70191212 дугаарын утсаар холбогдож өгч болно. Мөн Тээврийн цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 9302-1124 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч байна.

-Зам тээврийн ослын үед ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?

-Юуны өмнө цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд ослын дуудлага өгч, хэмжилт хийлгэн буруутай этгээдийг тогтоолгох. Монгол даатгал ХК-ийн 1800-1990 дугаарын утсанд дуудлага өгч үзлэг хийлгэх. Хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулах. Үүний дараа осолд холбогдогч талууд дараах бичиг баримтыг бүрдүүлэн даатгалын компанид хүлээлгэн өгнө. Үүнд:

  • Замын цагдаагийн ослын акт, тодорхойлолт
  • Холбогдогч талуудын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Жолооны үнэмлэхийн хуулбар
  • Хохирлын үнэлгээний тайлан
  • Даатгалын гэрээ
  • Хэрэв хуулийн этгээд бол байгууллагын нөхөн төлбөр хүссэн албан тоот
  • Шаардлагатай бол онцгой байдлын газар, шүүх эмнэлэг зэрэг эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт, акт.
    Асуулт №9 Ахлагчийн сургууль сонирхож байгаа юм. Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хаанаас авах вэ?
    Хариулт: Цагдаагийн ерөнхий газар нь Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран ахлагч бүрэлдэхүүний нөхөн хангалтыг жилд 2-4 удаа зохион байгуулдаг. Ойрын хугацаанд бүртгэл явагдахаар төлөвлөж байгаа ба дараагийн бүртгэл эхлэх хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны www.police.gov.mn цахим сайтаар иргэд олон нийтэд мэдээлэх болно.

-Зам тээврийн осол гаргаад цагдаад хураалгасан бичиг баримтаа хэрхэн авах вэ?

-Монгол даатгал ХК-д нөхөн төлбөрийн холбогдох материалыг бүрэн хүлээлгэж өгсөн тохиолдолд ажилтан нь нөхөн төлбөрийн материал хүлээн авсан хуудсыг харилцагчид өгнө. Энэ нь хохирлыг шууд барагдуулсан баримт бичиг биш бөгөөд бүрдүүлсэн материалыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нягтлан шалгаснаар нөхөн төлбөрийг олгох боломжтой. Осолд холбогдогч талууд бичиг баримтын тал дээр ойлголцолд хүрч чадаагүй тохиолдолд нөхөн төлбөрийг олгосны дараагаар санхүүгийн баримтыг авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-29 15:56

Нэр төрд х�##�даж гутаан доромжлох нь эрүүгийн гэмт хэрэг ч зөвшөөрөлгүйгээр хүний зураг тавих, эсвэл ID хэрэглэж өмнөөс нь бичих нь identitiy хулгайлах гэсэн цахим гэмт хэрэг мөн ! Ямар мэдлэггүй юм бэ ?

Зочин
Зочин
2021-03-29 15:59

Нягтлангаараа дамжсаны дараа нягтлан нь өгч байгаач. Нэг байгууллага дотроо гүйчих юман дээр. Зохион байгуул�##�т сайтай ажиллаач. Яг бэлэн болсон үедээ хариуцсан хүн нь хэрэглэгч даатгуулагчдаа хандах !

Холбоотой мэдээ

Back to top button