НИЙГЭМ

Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн 18 настай Г-д холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт товлосон боловч шүүгдэгч С.Ганболдын өмгөөлөгч Б.Банзрагч нь Ковид-19 цар тахлын ойрын хавтигч болсон учир 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай гэх нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааны хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч С.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Хэргийг нэхэн сануулбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-ны оройн 21 цаг 45 минутад Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг.

Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж, талийгаачийг 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсныг тогтоосон билээ.

Улмаар уг хэрэгт талийгаачийн төрсөн ах болох 2002 онд төрсөн, 18 настай Г-г сэжиглэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Мөрдлөгийн явцад талийгаач нь арваннэгдүгээр сарын 3-нд гэрээс гараад сураггүй болсон хэмээн эрэн сурвалжлагдаж байсан иргэн болохыг илрүүлсэн

Талийгаачийн цогцсыг мөчилж, биеийн хэсгүүдийг өөр өөр газарт нуусан байсныг хэрэгт холбогдогчоор заалгаж олсон гэх. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Г нь дүүгээ гэр бүлийн маргааны улмаас боомилж хөнөөгөөд цогцсыг гэртээ 20 хоног хадгалж байгаад хаясан гэдгийг мэдүүлжээ.

Сэжигтэн Г 2017 онд 14 насандаа хоёр жилийн ял авч байсныг хойшлуулсан аж. Өдгөө дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорт шилжжээ. Прокуророос эл хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1.2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн” хэмээн дүгнэж, Г-д 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэх яллах дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болсон тухай НПГ-аас хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button