НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУМЫН ЭМЧ: Биеийн байдал нь хүнд байгаа болохоор гэр бүлийнх нь хүн нас барсныг хэлээгүй

ЗАВХАН, СҮХБААТАР АЙМАГТ ГУРВАН ХҮН НАС БАРЛАА

Халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр 24195 /04.20-ны байдлаар/ боллоо. Эдгээр иргэдийн 12860 нь эдгэрч, 51 нь нас барсан. Анхандаа эмнэлэгт эмчлүүлж буй иргэд нас барж байсан бол өнгөрсөн долоо хоногоос эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ амьсгал хураах болов. Тусламж авч чадалгүй нас барсан таван хүнээс хамгийн залуу нь 20 настай байсан гэдэг.

Говь-Алтай, Өмнөговь аймгуудад л халдварын тохиолдол бүртгэгдсэнгүй. Харин бусад аймгуудад халдварын тохиолдол нэмэгдсээр 2764 хүрээд байна. Мөн орон нутагт халдвар авсан гурван хүн нас барлаа. Эргэн сануулбал,

  • Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 62 настай эрэгтэй Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт,
  • Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 84 настай хүн Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт, 
  • Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр 55 настай эмэгтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт нас барсан юм.

Эдгээр гурван тохиолдлын хоёр нь Аймгийн нэгдсэн эмнэлэгт, нэг нь сумын нэгдсэн эмнэлэгт нас барсан юм. Тосонцэнгэл сумын эмнэлэгт дөрөвдүгээр сарын 18-ны өдөр нас барсан 55 настай эмэгтэй Х нь нөхөр А-ын хамт амьдардаг байсан аж. Иргэн А нь 63 настай, такси үйлчилгээ эрхэлдэг. Тэрбээр халдвартай болох нь батлагдсан бөгөөд одоо тус сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Түүний биеийн байдал нь хүнд байгаа юм байна.

Тэдний ойрын хавьтал болох 130 хүнийг тодорхойлж, 66 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 42 иргэний шинжилгээ сул эерэг гарчээ. Сорьцыг баталгаажуулахаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лаборатори руу явуулсан бөгөөд 23 хүний PCR шинжилгээний хариу эерэг гарлаа. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус суманд дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн 12:00 цаг хүртэл тэг зогсолтыг хийгээд буй.

ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ...

Бид тус суманд дахь нөхцөл байдлыг сурвалжлахаар эрчимт эмчилгээний эмч Л-той холбогдлоо. Тэрбээр иргэн А болон талийгаач Х нарт үзлэг хийсэн эмч юм.

This image has an empty alt attribute; its file name is 1r-Emneleg-22-1024x729.jpg

ЭМЧ Л: Талийгаач маш их амьсгаадаж, хуурай ханиалгаж, бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй, хөхөрсөн байсан

Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 16-нд ухаан алдаж унасан гэсэн дуудлагыг нөхөр А өгч, түргэний эмч очсон. Түргэний эмч оччихоод биеийн байдал хүнд байсан тул намайг дуудсан. Намайг очиход талийгаач Х маш их амьсгаадаж, хуурай ханиалгаж, бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй, хөхөрсөн байсан. Нэг өдрийн өмнөөс ийм шинж тэмдэг илэрч байна гэж хэлсэн. Харин нөхөр нь хэдэн өдөр халуурч, ханиалгаж байна гэж хэлсэн. Тэд гэртээ Ибупрофен, Амоксициллин уусан юм билээ.

Би тэдэнд ямар ч хамгаалалтын хувцасгүй, нэг удаагийн масктай л үзлэг хийсэн. Эмнэлэг дээр ирээд л болгоомжилж, хамгаалалтын хувцас өмссөн.

Анх талийгаачаас түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад юу ч гараагүй. Тусгаарлах өрөөнд оруулчхаад хэд, хэдэн удаа түргэвчилсэн тестээр шинжилгээ авсан. 4 дэх шинжилгээнийх нь хариу сул эерэг гарсан. Рентген зураг авахад, уушги нь тархмал битүү нэвчдэстэй, зүүн уушгины дээд хэсгээрээ бага зэргийн агааржилттай байсан. Мөн талийгаач даралт өндөртэй, чихрийн шижинтэй. 2012 онд сахарын шижин нь оношлогдож байсан юм билээ. Эм ууж байсан ч сүүлийн нэг жил эмээ уугаагүй гэсэн.

Миний хувьд үзлэг хийж, тусламж үзүүлээд жижүүр эмчид хүлээлгэж өгөөд гэртээ очиж хоносон. Хоёр хүүхдээ тэврээд унтаж байтал шөнийн 02:00 цагт дуудагдаж, эмнэлэгт ирсэн. Түүнээс хойш хариагүй. Учир нь дөрөвдүгээр 18-ны 09:25 цагт тэдний PCR шинжилгээний хариу эерэг гарч, тухайн үед үзлэг хийсэн эмч миний бие, сувилагч, үйлчлэгч нар халдвартын тасагт тусгаарлагдсан.

Талийгаач эмнэлэгт ирээд хоёр хоног амьсгалын аппараттай байсан. Мөн түүнд Антибиотик, Левофлоксацин уулгаж, Цефтриаксон тарьсан” гэв.

Бид түүнтэй холбогдсоны дараа талийгаачийн нөхөр А-д эмнэлгийн тусламж үзүүлж буй дотрын эмч Б-тай ярилцлаа.

ЭМЧ Б: Жолооч А-ын биеийн байдал хүнд байгаа тул, гэр бүлийнх нь хүн нас барсан гэдгийг одоохондоо хэлээгүй

Тэрбээр “Сэмжид хужирт рашаан сувилалд амраад ирсэн гэр бүлийн хоёр хүн сумын нэгдсэн эмнэлгээс эдгэрээд гарсан. Тэдэнд халдвартын эмч эмнэлгийн тусламж үзүүлсэн юм. Одоо тусгаарлалтаасаа гараагүй байгаа. Мөн эрчимт эмчилгээний эмч Л халдвартай хүний ойрын хавьтал болж тусгаарлагдсан. Аргагүйн эрхэнд дотрын эмч хэдий ч би нэг үйлчлэгч, нэг сувилагчтай баг болж, халдварын голомтод ажиллаж байна. Ар гэрийнхэн айдастай л явуулсан. Яг тэгээрэй, ингээрэй гэсэн зөвлөмж байхгүй болохоор ийш, тийшээ залгаж асууж байна. Аймгийн халдвартын эмчээс залгаж, зөвлөмж авч байгаа.

Иргэн А-ын биеийн байдал хүнд байгаа. Холоо идэж, ууж байгаа ч маш их амьсгаадаж байна. Мөн хөхрөлт ихтэй. Тамирдсан байдалтай хөлөрч байна. Амьсгалын дутагдалтай байгаа нь илэрхий. Одоо дексаметазон, антибиотик, Арбидол, левофлоксацин, Витамин С өгч, цефтриаксон тарьж байна. Мөн шингэн юм сайн ууж байгаа.

Бид түүнд гэр бүлийнх нь хүн нас барсан гэдгийг одоохондоо хэлээгүй байгаа. Биеийн байдал нь хүнд байхад хэлчихвэл хэцүү байх гээд айгаад л байна. Эмнэлэгт байдаг камертай ганц өрөөнд эхнэр нь байсан. Өчигдөр түүнийг тийш нь шилжүүллээ. Уг нь тэр өрөөнд эхнэр нь байсныг мэдэж байх л ёстой. Гэхдээ юу ч асуухгүй л байна. Өчигдөр би өглөө 09:30 цаг орж, биеийг нь үзэж, үнэлсэн. Надтай зөрөөд 11:30 цагт сувилагч орж цагийн тариагаа хийсэн. Сувилагч гарч ирсний дараа 14:30 цагийн үед үйлчлэгч орж, өрөөг цэвэрлэсэн. Оройны хоолны үеэр би орно. Энэ мэт бид гурав ээлжлээд орж байгаа. Орох бүрдээ хамгаалалтын хувцас өмсөнө. Гэхдээ бас халдвар авчих вий гэсэн болгоомжлол, айдас төрөх л юм” гэлээ.

Иргэн А-ын ах эмч рүү залгаж, сэтгэлийн дэм өгчээ. Мөн хотоос нэг хүүхэд Завхан руу хөдөлсөн тухай түүнд хэлсэн байна. Бид талийгаачийг хэзээ хэрхэн оршуулах талаар Тосонцэнгэл сумын эмнэлгийн дарга Х.Цэцэгдэлгэртэй холбогдож тодруулав.

-ТАЛИЙГААЧИЙГ ӨЧИГДӨР ОРШУУЛЖЭЭ-

Тэрбээр “Ар, гэрийнхэнтэй нь ярьж, цаг нараа тохиролцсон. Бид зөвлөлдсөний эцэст талийгаачийг өчигдөр өглөө оршууллаа. Эрүүл мэндийн сайдын 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн А/214 дүгээр тушаалаар оршуулсан. Чандарлах юм уу булшилж оршуулж болно гэсэн байсан тул тушаалд заасны дагуу талийгаачийг хайрцагт хийж, булшилсан” гэв.

Сумын нэгдсэн эмнэлгээр халдвартай хүн үйлчлүүлсэн тул нэгдсэн эмнэлгийн 30 гаруй эмч, эмнэлгийн ажилчдыг хоёрдугаар сургуулийн дотуур байран руу шилжүүлжээ. Яаралтай тусламж авах болон төрөх эхчүүд үйлчлүүлэх боломжтой аж. Харин нэгдсэн эмнэлэгт халдвартай иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн 10 гаруй эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлагдаж байгаа аж. Хэрэв эмнэлгийн ажилчид халдвар авсан нь батлагдвал ажиллах хүчний дутагдалд орох юм.

-СОРЬЦ ТЭЭВЭРЛЭЛТЭД МӨНГӨ УРСГАЖ БАЙНА-

Нэмээд хэлэхэд, Завхан аймагт PCR шинжилгээний аппарат байхгүйн уршгаар сорьцыг ойролцоох аймгууд руу баталгаажуулахаар явуулж, тээвэрлэлтэд их зардал урсгаж байна. Жишээ нь: Тус аймаг цар тахалд 270 сая төгрөг зарцуулжээ. Үүний 100 сая төгрөгийг Шилүүстэй суманд батлагдсан зургаан тохиолдлыг эмчлэхэд зарцуулсан байна. Мөн 7 сая 800 мянган төгрөгийг сорьц тээвэрлэхэд зарцуулжээ. Тодруулбал,

  • Улаанбаатар хот руу 3 удаа тээвэрлэхэд- 2 сая 850 мянга
  • Ховд руу 7 удаа тээвэрлэхэд- 3 сая 150 мянга
  • Хөвсгөл руу 3 удаа тээвэрлэхэд 1 сая 350 мянга
  • Архангай руу 1 уаа тээвэрлэхэд 450 мянган төгрөг зарцуулжээ.

Тус аймагт халдварын тохиолдол нэмэгдсээр байвал цаашид сорьц тээвэрлэлтэд энэ мэт мөнгө урссаар л байна гэсэн үг. Мөн халдвартай иргэдийг эмчилж буй эмчилгээний баг ажиллаж байх хугацаандаа хоёр удаа, тусгаарлалтын 7 хоногт нэг удаа, гэрийн тусгаарлалтын 7 хоногт нэг удаа гээд нийт ДӨРВӨН удаа PCR шинжилгээ өгдөг аж. Яаж ч бодсон тээвэрлэлтэд сул мөнгө урсгаж байхаар PCR шинжилгээний аппарат авчихсан бол барих юмтай л үлдэх байж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button