УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Хоёр өдөр хур бороо орлоо, өнөөдөр нар мандлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ. Санал авах хэсгийн хороодод 07:00 цагаас эхлэн иргэд дарааллаж, маш идэвхитэй саналаа өгч байна.

Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшиж байна.

Нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж буй бөгөөд өчигдөр зөөврийн хайрцгаар саналаа өгсөн.

Харин С.Эрдэнэ өнөөдөр Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн санал авах байранд саналаа өгнө. Харин нэр дэвшигч У.Хүрэлсүх хоёр охины хамт өглөө эрт 07:40-д 48-р сургууль дээр очиж саналаа өгчээ. Түүний бага охин энэ жил 18 нас хүрч буй бөгөөд анх удаа саналаа өгч байгаа юм байна.

Саналаа өгсний дараа нэр дэвшигч У.Хүрэлсүх хэлэхдээ “Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил улс тунхагласны 100 жилийн ой, төрт ёс үүссэний 2230 жилийн ой, НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой гээд олон сайхан тэгш ой давхацсан жил болж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа нь бэлэг дэмбэрэлтэй байна. Хоёр өдөр хур бороо орлоо. Өнөөдөр нар мандлаа. Монголын ард түмэн төрийн тэргүүнээ сонгохоор сэтгэл өндөр байна.

Бидэнд олон баялаг байгаа. Байгалийн баялаг байна. Монголын ард түмэн маань өөрсдөө баялаг. Ард түмний оюун санааны баялаг. Үүх түүх, соёл, бичиг үсэг байна. Олон баялгийн эзэн байх ёстой.

Нэр дэвшигчиддээ сонгуульд нь амжилт хүсье. Д.Энхбат эмнэлэгт байгаа. Хурдан эдгэрээд эмнэлгээс гараарай. Өвчин хэлж биш хийсэж ирдэг. Коронавирусийг монголчууд бид хамтдаа даван туулж гарах ёстой. Хүний эрүүл мэнд хамгийн чухал. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхны хүсье. С.Эрдэнэ даргад сонгуулийнх нь ажилд амжилт хүсье.

Монголын ард түмэн үндэсний дээлээ өмсөөд гоёж ирж саналаа өгдөг. Монголын ард түмний сайхан үнэт зүйл. Ард түмэндээ амжилт хүсье. Сонгуульдаа идэвхитэй оролцоорой” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Ёстой гуцна биз. Бороо орсон.нар мандсан. Сэтгэл өндөр бна ч гх шг..Цаана чинь өдөр болгон х####двар үхэл нэмэгдээд г####зуурч бна. Ард түмэн сэтгэл өндөр бх шг харагдаад бна уу..хол очиж гуцва.л яасиин..ждү хулгайчаа..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button