Нийгмийн

Б.Ням-Очир: Тэргэнцэртэй ч 2012 оноос хойш саналаа өөрийн биеэр өглөө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгууль саналаа өгөх нь жирийн иргэдийг бодоход хүндрэлтэй. Гэсэн ч тэд иргэний үүргээ ухамсарлаж, зөөврийн хайрцгаар болон харьяа хорооны байранд биеэр очиж саналаа өгцгөөдөг. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Б.Ням-Очирыг гэрээс нь очиж аваад, Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх процесс, тулгардаг бэрхшээлийг шууд дамжуулан хүргэж байна.

-ХӨДӨЛГӨӨНИЙ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ШОГЛООМ АШИГЛАН САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ-

Бидний онцолж буй иргэн Б.Ням-Очир нь 2011 онд нуруу, нугасны гэмтэл авч, 2012 оноос хойш тэргэнцэрт суух болжээ. Түүний хувьд зөөврийн хайрцаг бус аль болох өөрийн биеэр очиж, саналаа өгөхийг чухалчилдаг байна. Тэрбээр Баянгол дүүрэгт байрлах гэрээсээ харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн сонгуулийн санал авах байранд очиж саналаа өгч байгаа юм.

Тухайн санал авах байр нь сургуульд байрлаж буй бөгөөд тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэхэд налуу шат байршуулсан хэдий ч, хоёрдугаар давхарт санал авч байсан тул Б.Ням-Осорыг тэргэнцэртэй нь өргөж, дээш гаргалаа. Тэрбээр энэ тухай хэлэхдээ:

"Байгууллага, аж ахуй нэгжүүд тэргэнцэртэй болон хөгжлийн бэршээлтэй иргэдэд ээлтэй шатыг хийж өгөх хэрэгтэй санагддаг. Нэг үеэ бодоход байгууллагууд налуу шатыг шийдэж байгаа ч, зарим нь хэт огцом хийж өгснөөр тэргэнцэртэй иргэн бие даан дээш гарах боломжгүй байдаг. Заавал хүнээр түшүүлж, түлхүүлж гардаг учир хүндрэлтэй” гэв.

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан санал авах хэсэгт сонголтоо дугуйлж, саналаа өглөө. Гар муутай хэдий ч, саналын хуудсаа нямбай дугуйлахаар хичээж байгаа харагдав. Ийнхүү саналаа өгөөд гарч ирсний дараа түүнтэй хэсэг ярилцлаа.

-Та сая шоглоом ашиглан саналаа өгөх шиг боллоо?

-Тийм ээ. Миний гар өөрөө жаахан муу учир саналын хуудас дугуйлахад асуудалтай. Тиймээс хүрээнээс илүү гаргачих вий гэх үүднээс ашигладаг юм. Машин уншихгүй бол дахиад ирэх шаардлага гарна. Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд шоглоом ашиглан саналаа өгөх боломжтой байдаг.

-ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН БАЙР НЭГ ЗАГВАРААР БАРИГДСАН НЬ ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛГҮЙ-

-Урьд урьдын сонгуулиас энэ жилийнх танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

-Санал хураах байранд хүн тасрахгүй, иргэдийн идэвхи санаачилга сайн байна. Бидэн шиг бэрхшээлтэй иргэдэд сонгуулийн ажилчид тусалж байгаа нь сайхан санагдлаа. Өмнө нь сонгуульд саналаа өгөхөд зайлшгүй харьяалал шаардаад хэцүү байсан. Харин энэ жилийн хувьд ойрт байрлах хэсэгт саналаа өгөх боломжтой нь давуу байна. Өрхийн эмнэлгүүдийн байр нэг загвараар баригдсан нь тэргэнцэртэй иргэдэд ээлгүй шийдэлтэй.

-Тэргэнцэртэй иргэдэд тулгамдаж буй асуудлаас хуваалцаач?

-Мэдээллийн хүртээмжтэй байдал муу. Дээр нь автобус, үйлчилгээний газраар үйлчлүүлэхэд тэргэнцэртэй, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулдаг. Тиймээс эрх тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлээсэй гэж хүсэж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Хууль эрхзүйн хувьд цаасан дээрх шийдвэр нь сайн боловч, хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс хэрэгжилтдээ анхаараад хянавал илүү дээр санагдлаа.

-Сонгуульд саналаа өгөх иргэдийг уриалаач?

-Өөрсдийнхөө, цаашдын ирээдүйнхээ төлөө сонгуульдаа идэвхитэй хамрагдаарай.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-09 18:26

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ ####иваа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Та нэгэнт тайван орж ирж уулзаж чадахгүйгээс хойш бид энд сарын 80к төлөх нь тийм ч зөв биш байх аа. Дүүгийнхээ асуудлыг шийдээд өгчихвөл мар ч болтугай буцв####. Дүү нь ухаантай бнуу?

Холбоотой мэдээ

Back to top button